Уншиж байна ...

Хутгаар зэвсэглэсэн этгээд гурван хүний амийг хөнөөсний дараа Тайваньд өртөө, буудлуудын аюулгүй байдлыг чангатгав

С.Мөнхцэцэг, ikon.mn
8 цаг 34 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн орой Тайванийн нийслэл Тайпэй хотын төвд хутгаар зэвсэглэсэн этгээд хүмүүс рүү дайрсны улмаас гурван хүн алагдаж, есөн хүн шархадсан юм.

27 настай уг этгээд эхлээд Тайпэйн гол метроны өртөөнд утаат бөмбөг тавьж, дараагийн өртөө рүү гүйх замдаа дайралдсан хүмүүсийг хутгалж байжээ.

Халдлага үйлдсэн этгээд нь Тайванийн иргэн Чан Вэнь гэгч болохыг тогтоосон байна. Тэрбээр цагдаа нараас зугтахдаа олон давхар барилгаас унаж амиа алджээ.

Сэжигтэн ямар шалтгаанаар ийм аллага үйлдсэн нь тодорхой болоогүй байгааг Тайванийн ерөнхий сайд Чо Жун Тай өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна.

Харьцангуй тайван амгаланд тооцогддог Тайваньд ийм төрлийн халдлага ховор гардаг.

Хамгийн сүүлд 2014 онд Тайпэй хотод үүнтэй төстэй хэрэг гарч байжээ.

Баасан гарагийн халдлага оройн 17:20 цагт буюу хүмүүсийн хөл хөдөлгөөн хамгийн их байдаг үед гарсан юм.

Сошиал сүлжээнд тарсан дүрс бичлэгт бэйсболын малгай, хар хувцастай эрэгтэй гудамжинд утаат бөмбөг дэлбэлсний дараа том хутга бариад хүмүүсийн дундуур гүйж байгааг харуулжээ.

Халдлага үйлдэгчийг зогсоохыг оролдсон нэг эрэгтэй хатуу зүйлгээр цохиулсны дараа эмнэлэгт нас барсан байна.

Тайпэйн төв өртөөнд Молотов коктейл хэлбэрийн бөмбөг дэлбэлсэн сэжигтэн газар доор хонгилоор дамжин 800 метрийн зайд оршдог Жуншань өртөө рүү гүйжээ.

Энэ замдаа тэр дахин утаат бөмбөгнүүд дэлбэлж, хүмүүсийг хутгалж байв.

Эцэст нь цагдаа нарт бүслэгдсэн тэрбээр өндөр барилга дээрээс унаж, эмнэлэгт хүргэгдсэний дараа нас баржээ.

Уг халдлагын дараа метро, төмөр замын өртөөнүүд, нисэх буудлуудын аюулгүй байдлыг чангатгах үүрэг өгснөө ерөнхий сайд Чо мэдэгдсэн байна.

“Бид сэжигтний түүх, хэлхээ холбоог судалж, халдлага үйлдэх болсон сэдэл, хүчин зүйлсийг олж тогтоох болно” гэж тэр хэлжээ.

Тайванийн ерөнхийлөгч Уиллиам Лай бас хэргийг шуурхай мөрдөхөө амласан байна.

Орон нутгийн зарим хэвлэл сэжигтнийг өмнө нь гэмт хэрэг үйлдэж байсан түүхтэй, эрэн сурвалжлагдаж байсан этгээд гэж мэдээлжээ.

Өмнө нь үүнтэй ижил төрлийн хэрэг 2014 онд гарахад Тайпэй хотын метронд нэг этгээд дөрвөн хүний амийг хөнөөж байсан юм. Уг халдлагыг үйлдсэн этгээд хоёр жилийн дараа цаазлуулжээ.

 

Эх сурвалж: BBC