Дани улсын үндэсний шуудангийн алба арванхоёрдугаар сарын 30-ны өдөр сүүлчийн захиагаа хүргэсний дараа 400 гаруй жилийн түүхтэй үйлчилгээгээ зогсоохоор болжээ.
2009 онд Швед, Данийн шуудангийн үйлчилгээнүүдийг нэгтгэж байгуулагдсан PostNord компани “нийгэм дижиталчлагдаж байгаатай холбогдуулан” захиа хүргэлтээ зогсоох төлөвлөгөөг энэ оны эхээр зарлаж байсан юм.
Үүнтэй холбоотойгоор Дани даяар 1,500 ажлын байр цомхотгож, 1,500 шуудангийн хайрцаг ашиглалтаас гаргахаар болжээ.
Одоо тус компани онлайн худалдаа хөгжиж байгаатай холбоотойгоор үйл ажиллагаагаа ачаа бараа хүргэлтэд төвлөрүүлэх юм байна.
Энэ сарын эхээр PostNord компани 1,000 ширхэг шуудангийн хайрцгаа нээлттэй худалдаагаар зарахад гурван цагийн дотор дууссан юм. Хайрцгуудын шинэвтэр нь 2,000 крон ($313), илүү элэгдсэн нь 1,500 кроны ($235) үнээр зарагджээ.
Ирэх сард өвөрмөц загвар хийцтэй улаан хайрцгаасаа дахин 200 ширхгийг зарахаар төлөвлөсөн байна.
PostNord компани цаашдаа Швед улсад захиа хүргэлтээ үргэлжлүүлсээр байх гэнэ. Данийн иргэдийн гар дээр ашиглагдаагүй байгаа шуудангийн маркуудыг тодорхой хугацааны дотор үндсэн үнээр нь худалдаж авахаар болжээ.
Дани улсын шуудангийн алба 1624 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.
Сүүлийн 25 жилийн дотор Дани улсад хүмүүсийн илгээсэн захианы тоо хэмжээ 90 гаруй хувиар буурчээ.
Гэхдээ даничууд PostNord компани үйл ажиллагаагаа зогсоосон ч хувийн Dao компаниар дамжуулан захиа илгээх боломжтой хэвээр байх юм байна.
Ялгаатай нь хүмүүс захиагаа Dao компанийн байранд хүргэж өгөх ёстой бөгөөд гэрээсээ авхуулах бол нэмэлт мөнгө төлөх ёстой.
Данийн хуулиар захиа илгээх үйлчилгээ заавал байх ёстой гэж үздэг. Тиймээс Dao үйлчлэхээ больсон ч засгийн газар энэ үүргийг гүйцэтгэх хэн нэгнийг олох ёстой болох гэнэ.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!