Уншиж байна ...

МҮЭХ: Төрийн өмчит компаниудын засаглалыг өөрчлөх бол ажилтнуудад нь компанийнхаа хувьцааг авах давуу эрх олго

Б.Бадамгарав, IKon.mn
2 цаг 45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газраас агаарын тээвэр, эрчим хүч, санхүү, уул уурхай, даатгал болон худалдааны зарим чиглэлийн төрийн өмчит 18 компанийг нээлттэй хувьцаат компани болгох, мөн зарим байгууллагыг нэгтгэх, хувьчлах талаар тогтоолын төсөл боловсруулж, Улсын Их Хурал(УИХ)-д өргөн мэдүүлэхээр болсон.

Үүнтэй холбоотойгоор тухайн байгууллагын засаглал, менежмент өөрчлөгдөн ажилтан, албан хаагчдын цалин хөлс, ажлын байрны баталгаа зэрэг асуудал хөндөгдөх эрсдэлтэй гэж үзэн Монгол Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо(МҮЭХ)-ноос өнөөдөр байр сууриа илэрхийлэв.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир "Бодлогын өөрчлөлт хийх бол аливаа түвшинд эрх ашиг нь хөндөгдөж болох талуудтай өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой. Нийтдээ 26 аж ахуйн нэгж, байгууллагын засаглал өөрчлөгдөхөөр байна. Ингэснээр Монгол Улсын 30,000 орчим ажилтан, албан хаагчдын цалин хөлс, нийгмийн хамгаалал хөндөгдөнө. 

Засаглал өөрчлөгдөх байгууллагуудад ажилтнуудын нийгмийн баталгааг дордуулахгүй байх чиглэлд Засгийн газар ямар бодлого байр суурь баримталж байгаа нь тодорхойгүй байгаа. МҮЭХ үүнтэй холбоотойгоор 26 байгууллагын ажилтнуудтай зөвшилцөх, бөөнөөр халагдах процесс үүсэх үү, хувьчлалын процессыг иргэдэд хэрхэн нээлттэй байлгах вэ зэрэг асуудлаа ил тод ярилцахыг шаардаж байна.

Мөн төрийн өмчит компаниудыг хувьчлах, нээлттэй болгох нь нэг талаас зүйтэй ч энэ бодлогоо хэрэгжүүлэхдээ ажилтанд нээлттэй байлгах, ажилтанд хувьцаа авах давуу эрх олгох нөхцөлийг бүрдүүлэх зэрэг санал шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна. Байгууллагынхаа хувьцааг авснаар ажилтан болон ажил олгогчийн эрх ашиг нийцэж, ажилтны бүтээмж нь сайжирдаг, орлого, цалин хөлс нь нэмэгддэг. 

Түүнчлэн нээлттэй болгох, хувьчлах байгууллагууд дунд стратегийн ач холбогдолтой салбарын аж ахуйн нэгжүүд бий. Иймд эдгээр салбарт Монгол Улс ямар бодлого баримталж байгаа вэ гэдгээ ил тод хэлэлцүүлэг өрнүүлээч гэх санал шаардлага тавьж байна" хэмээв.

А.Дагвадорж: Эрчим хүчний салбарт болгоомжтой хандах ёстой. Хувьчлал бүтэлгүйтэж төр өндөр үнээр буцаан авдаг жишээнүүд бий

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрчим хүч, геологи, уул уурхайн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын үүрэг гүйцэтгэгч А.Дагвадорж "Эрчим хүч бол эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, нийгмийн бодлогын цөм нь. Хувьчлалтай холбоотой асуудалд дулааны станцууд, эрчим хүчний нүүрсний компаниуд хамаарч байна. 10,000 гаруй ажилтны асуудал хөндөгдөхөөр байгаа. 

Ажилтнууд өөрсдийн ажлаа яг таг, чанартай хийж байгаа бол удирдлагууд маш тогтворгүй, улс төрийн томилгоо ихтэй байгаа нь үйл ажиллагаанд нөлөөлдөг. Реформ хийх гэж байгаа бол эхлээд хууль эрх зүйн орчноо сайжруулж баталгаатай болгох ёстой. Монгол Улсад хууль зөрчигдөх нь их байна. Засгийн газар хууль зөрчиж менежер нэртэй албан тушаалтнуудыг томилоод одоо буцаан татаж байна. Хууль ийм байхад бусад гэрээ хэлэлцээр бол зүгээр цаас л байна. Хууль эрх зүйн орчин хангалттай баталгаажаагүй тохиолдолд реформ хийх нь учир дутагдалтай. Эрчим хүчний салбар бол маш болгоомжтой хандах ёстой.

Хувьчлал хийхдээ тулбал ажилтнуудад хувьцаа олгох шаардлагыг хамгийн түрүүнд тавина. Олон улсыг жишээг харахад эрчим хүчний салбарыг хувьчлахдаа болгоомжтой хандахгүй бол амжилтгүй болсон нь ч бий. Хувьчлал нь бүтэлгүйтээд төр өөрөө өндөр үнээр буцаан авсан жишээнүүд байдаг.

Хууль эрх зүйн орчноо сайжруулах, ажилтнуудын эрх ашиг, техник технологийн шинэчлэлийн асуудал зэргээ хэлэлцэж, баталгаатай болгосны дараа хувьчлалын асуудал ярьж болно. Монгол Улсад эдгээр нь баталгаатай биш байгаа тул тодорхой болгосны дараа хийх ёстой. Өнөөдрийн хэмжээнд цаг үе нь биш гэж үзэж байна" гэж байв.