Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын Ази тивийн аварга шалгаруулах гэж болохуйц eXTREMESLAND 2025 тэмцээн Хятадын Шанхай хотноо дөрвөн өдрийн турш амжилттай зохиогдож, өнгөрсөн шөнө аваргаа тодрууллаа.
150,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд манай улсаас "Eruption" болон "Chinggis Warriors" багууд оролцож өндөр амжилт үзүүлэв.
"Chinggis Warriors" баг D хэсгээс хоёрдугаар байраар Playoffs шатанд шалгарсан бөгөөд шөвгийн наймд Хятадын "Rare Atom" багийг 2:0 онооны харьцаатай, шөвгийн дөрөвт Хятадын "Change The Game" багийг 2:1 онооны харьцаатай хожсон билээ.
Ийнхүү манай улсын баг eXTREMESLAND 2025 тэмцээний аваргын төлөө өчигдөр оройн (2025.12.21) 19:00 цагт Хятадын "JiJieHao" багийн эсрэг тоглож, 2:1 онооны харьцаатай ялалт байгууллаа.
"Chinggis Warriors" баг өчигдрийн тоглолтод эсрэг багийн сонгосон "Dust II map" дээр үндсэн цагт дөрвөн үеийн зөрүүтэй хожигдсон. Тэгвэл өөрийнхөө сонгосон "Inferno map" дээр хоёр удаа нэмэлт үе гаргаж хожсон. Үргэлжлүүлэн шийдвэрлэх "Ancient map" дээр үндсэн цагт гурван үеийн зөрүүтэй хожсоноор энэ тэмцээний аваргаар тодорч, 70,000 ам.долларын шагнал авлаа.
Харин "Eruption" багийн хувьд шөвгийн дөрөв хүртэл явсан бөгөөд Хятадын "JiJieHao" багт хожигдсоноор уг тэмцээнд гуравдугаар байр эзэлж, 10,000 ам.долларын шагнал хүртлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!