Уншиж байна ...

Францын ерөнхийлөгчийн ордноос 40,000 еврогийн үнэтэй мөнгөн эдлэл хулгайлсан хүмүүс баригджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 цаг 32 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Францын ерөнхийлөгчийн ордноос хүндэтгэлийн зоогт ашигладаг хоолны мөнгөн эдлэлүүд хулгайд алдагдсаны дараа гурван хүнийг өнгөрсөн долоо хоногт баривчилсан тухай Парисын прокурорын газар өчигдөр мэдээлжээ.

Элисейн ордны ахлах нярав 15,000-40,000 еврогийн мөнгөн эдлэл алга болсныг анх хуулийн байгууллагад мэдээлсэн юм байна.

Алга болсон хэд хэдэн эдлэл онлайн дуудлага худалдааны сайтууд дээр гарсныг Элисейн ордны гол нийлүүлэгч Севрийн үйлдвэрийн мэргэжилтнүүд илрүүлжээ.

Мөрдөгчид уг хулгайд ордны нярвуудын нэгийг сэжиглэж шалгахад түүний хувийн эзэмшил, гэр, автомашинаас нийт 100 орчим эд зүйл олдсон байна. Түүний бараа материалын бүртгэл дараагийн хулгайгаа төлөвлөж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн гэнэ.

Дараа нь хулгайлсан эд зүйлсийг хүлээж авдаг этгээд болон түүнтэй холбоотой ажилладаг онлайн худалдааны компанийн менежэрийг баривчилжээ.

Алдагдсан эд зүйлсийг бүрэн бүтнээр нь Элисейн ордонд буцааж өгсөн байна.

Хулгайн хэргийн гурван сэжигтний шүүх хурлыг хоёрдугаар сарын 26-нд товложээ. Тэднийг үндэсний өв дурсгалд тооцогддог үнэт эд зүйлс хулгайлсанд буруутгаж байгаа бөгөөд ийм хэрэгт хуулиар 10 хүртэл жилийн хорих ял, 150,000 еврогийн торгууль оноодог юм байна.

 

Эх сурвалж: Associated Press