Улаанбаатар хотод төр хувийн хэвшлийн түншлэлээр Зунжин худалдааны төвөөс -Сүхбаатарын талбай, Степпа Арена-Сүхбаатарын талбай чиглэлд явуулах трамвай төслийг хэрэгжүүлэх шийдэлд хүрч, тендерийн гуравдугаар шатны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах гэж буй.
Трамвайны нэгдүгээр шугамыг барих төсөвт өртөг 1.2, хоёрдугаар шугамыг барих төсөвт өртөг 1.5 их наяд буюу нийт өртөг 2.7 их наяд төгрөг. Уг төсөлтэй холбогдуулан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болжээ.
Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Ирэх жил нийслэлд трамвайны бүтээн байгуулалт эхэлнэ. Үүнтэй уялдуулж трамвай нэвтэрч байгаа уулзвар руу тээврийн хэрэгсэл чихэж орвол жолоочийн эрхийг хасах хүртэл шийтгэлтэй болгож, хуульчилж байгаа. Трамвай нь цагийн хуваарийн дагуу зогсолтгүй, гэрлэн дохиог өөрөө удирдаж явах технологитой юм" хэмээн тайлбарлалаа.
Яармагт зүлгэн хучилттай замаар трамвай явуулах бол Энхтайвны гүүрний зүүн талд гүүр барих бөгөөд Сүхбаатарын талбайгаас Зунжин худалдааны төв хүртэл трамвайны 16 зогсоолтой болж, одоо явж байгаа 139 автобусны хөдөлгөөнийг зогсооно. Автобусаар 4,200 иргэн зорчдог бол 21-22км/цагийн хурдтай трамвайгаар 6,500 иргэн зорчино. Трамвайгаар зорчиход Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зарцуулна. хэмээн танилцуулж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!