Конгрессын санаачилсан хуулийн дагуу Трампын засаг захиргаа Баасан гарагийн орой Америкийг шуугиулж буй бэлгийн гэмт хэрэгтэн Эпштейний хэргийн баримтуудыг нийтэд ил болгосон юм.
Гэхдээ уг баримтуудын багахан хэсгийг АНУ-ын хууль зүйн яам өөрийн вэб сайтад байрлуулсан бөгөөд үлдсэнийг нь удахгүй нийтлэхээ амлаж байгаа.
Тиймээс баримтуудын ил тод байдалд нөлөөлөхийг оролдсон, агуулгад тэнцвэртэй хандаагүй, дутуу нийтэлсэн нь хууль зөрчсөн зэрэг шүүмжлэл дагуулаад байна.
Тухайлбал эхний нийтлэгдсэн материалуудад ерөнхийлөгч асан Билл Клинтоны гэрэл зургуудыг түлхүү багтаасан бол одоогийн ерөнхийлөгч Дональд Трамптай холбоотой зүйл байхгүй байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Билл Клинтон өчигдөр хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл гаргажээ.
“Цагаан ордон эдгээр баримтуудыг олон сарын турш нуусны эцэст Баасан гарагийн орой ил болгохдоо Билл Клинтоныг хамгаалах зорилго агуулаагүй нь тодорхой. Энэ бол дараагийн зүйлээс өөрсдийгөө хамгаалах, эсвэл бүр үүрд нуух зорилготой нь холбоотой юм. Тиймээс тэд 20 гаруй жилийн өмнөх бүдэг бадаг гэрэл зургуудыг нийтэлж байна. Гэхдээ энэ асуудал Билл Клинтонтой хамаагүй. Хэзээ ч хамаатай байгаагүй, байх ч үгүй” гэж үг мэдэгдэлд өгүүлсэн байна.
Клинтон өөрийгөө 2005 оны орчим Эпштейнтэй харилцаагаа тасалсан тухай олон удаа мэдэгдэж байсан. Энэ нь Эпштейн агсан Флорида дахь эдлэндээ нэр нөлөө бүхий хүмүүсийг цуглуулж, бага насны охидыг бэлгийн мөлжлөгт ашигладаг байсан гэх хэрэг илрэхээс өмнө юм.
Нью-Йоркийн нэртэй санхүүчдийн нэг байсан Эпштейн 2019 онд шоронд шүүх хурлаа хүлээж байхдаа амиа хорлож байв.
“Энд хоёр төрлийн хүмүүс бий. Эхний хэсэг нь юу ч мэдээгүй, хэрэг илрэхээс өмнө Эпштейнтэй харилцаагаа тасалсан хүмүүс. Хоёр дахь хэсэг нь илэрсний дараа ч харилцаагаа үргэлжлүүлж байсан хүмүүс. Бид эхний хэсэгт багтдаг. Хоёр дахь бүлгийн хүмүүс ил тод байдалд хэчнээн саад учруулсан ч өөрчилж чадахгүй. Энэ бүлгийн хүмүүсээс, ялангуяа МАГА-гаас золиос биш, жинхэнэ хариулт хүлээж байна” гэж Клинтоны хэвлэлийн төлөөлөгч Анжел Урена мэдэгджээ. МАГА нь Америкийг дахин хүчирхэг болгох гэсэн утгатай Трампын сонгуулийн уриа юм.
Баасан гарагийн орой нийтлэгдсэн материалд Клинтоны усан санд эмэгтэйчүүдтэй хамт байгаа, нисэх онгоцонд Майкл Жэксон, Дайана Росс зэрэг дуучидтай хамт байгаа, рок од Мик Жаггер, Эпштейн зэрэг бусад олны танил хүмүүстэй зоог барьж байгааг харуулсан гэрэл зургууд байсан юм.
Клинтоны усан санд байгаа зургийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Ливитт сүүлд сошиал хуудсандаа нийтлэхдээ “Ээ бурхан минь!” гэсэн тайлбар болон улаан нүүртэй эможийг хавсаргаж байлаа.
Цагаан ордны олон нийттэй харилцах албаны захирал Стивен Чун бас сошиал хуудсандаа уг зургийг элэглэн шоолсон утгатай тайлбарын хамт нийтэлжээ.
Энэ бүгдээс харвал Трампын баг үнэхээр олны анхаарлыг Клинтон руу болон Ардчилсан Намынхан руу чиглүүлэхийг хичээж байх магадлалтай байна.
Билл Клинтон болон түүний гэргий Хиллари Клинтон нар удахгүй Конгрессын төлөөлөгчдийн танхимын хяналтын байнгын хорооны сонсголд Эпштейнтэй ямар холбоотой байсан талаараа мэдүүлэг өгөх гэж байгаа.
Мэдүүлгийг өнгөрсөн долоо хоногт төлөвлөсөн байсныг нэгдүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд болгон хойшлуулсан юм.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!