Италийн нийслэл Ром хотын алдарт Трэви усан оргилуурыг ойроос харахын тулд жуулчид хоёр еврогийн хураамж төлөхөөр болжээ.
Барок хэв маягийн уран баримал бүхий энэ байгууламжид зориулсан шинэ журам 2026 оны хоёрдугаар сарын нэгнээс хэрэгжих юм байна.
Усан оргилуурт жуулчдын шидсэн зоосыг буяны байгууллагад хандивладаг юм. Харин шинэ хураамжийн орлогыг засвар үйлчилгээ, жуулчдын менежмэнтийн зардалд зориулахыг Ром хотын захиргаа мэдээлжээ.
Энэ хураамжаас хот жилдээ 6.5 сая евро олох тооцоотой байгаа гэнэ.
“Хоёр евро бол тийм ч их мөнгө биш. Бас энэ хураамж жуулчдын эмх замбараагүй урсгалыг багасгаж чадна” гэж Ром хотын дарга Роберто Гуалтери тайлбарлажээ.
Италийн нийслэл сүүлийн үед түүх дурсгалын газрууд, музейнүүддээ тарифын шинэ систем нэвтрүүлж байгаагийн нэг нь Трэви усан оргилуурын хураамж болж байна.
Ингэхдээ гадаадын жуулчдад төлбөр хураамжтай, Ром хотын оршин суугчдад үнэ төлбөргүй байх зарчим баримталж байгаа.
Трэви усан оргилуур нь 18 дугаар зууны Италийн архитектор Никола Салвигийн бүтээл юм. Энэ байгууламжийг одоо өдөрт 30,000 орчим хүн үздэг байна.
Тав хүртэл насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон тэдний асран хамгаалагчид шинэ хураамжаас чөлөөлөгдөх гэнэ.
Бусад хүмүүсийн хувьд холоос харахад төлбөргүй хэвээр байх ажээ.
Өнгөрсөн онд Трэви усан оргилуурыг шинэчилж засварласны дараа үүнийг үзэх хүмүүсийг дараалалд оруулан хязгаарладаг болсон юм.
Энэ журмаар нэг ээлжид 400 хүртэл тооны жуулчинд үзүүлдэг болжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!