Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын ерөнхий газар, Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн болон Нийслэлийн боловсрол сургуулийн хоол, хүнс үйлдвэрлэгч болон ханган нийлүүлэгч нар өнөөдөр “Эрүүл хооллолт-аюулгүй хүнс” сэдвээр хэлэлцүүлэг хийлээ.
Боловсролын ерөнхий газрын даргаар Т.Ням-Очир "Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2019 онд баталсан. Үүнтэй холбоотойгоор ЖАЙКА, КОЙКА байгууллагуудын томоохон төслүүдийг хэрэгжүүлж хоол хүнсний хангамж, чанартай холбоотой байгууллагууд нэгдсэн чиглэлд хэрхэн хамтарч ажиллах тал дээр нэлээдгүй ахиц гаргасан. Мөн сургуулийн тогооч, хоолзүйчийг шим тэжээлийн чиглэлээр чадавхжуулах бүтэцтэй болсон.
Дэлхийн улс орнууд хүүхдийн хоол үйлдвэрлэл дээрээ тулгуурлаж илүү амжилттай хүнсний аюулгүй байдлыг хангасан нэгдсэн тогтолцоотой болсон байдаг. Хүнсний аюулгүй байдлыг хүүхдэд багаас нь ойлгуулж зөв төлөвшүүлээд ирвэл ирээдүйд монгол улсын аюулгүй байдал, хүний эрүүл мэндтэй холбоотой чухал асуудлууд шийдэгдэнэ.
Хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн цаашлаад гурил будааны хангамжийг аюулгүй байлгах, төсвийн шууд захирагч нарт дарамтгүй амар байх тал дээр анхаарч орон нутгийн мах махан бүтээгдэхүүн болон хүнсний ногоо нийлүүлэгч нар хоршоолол болон ажиллаж буй сайн туршлага байна" гэв.
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль батлагдсаны дараа орон нутгууд тусгайлсан хүнсний хангамжийн байгууллагуудыг байгуулж ажиллаж байжээ. Ингэж ажиллахаар нэг хүүхдийн үдийн хоолны түүхий эдийн зардал болох 2,500 төгрөгөөс хоол хүнсний хангамж хийж байгаа байгууллагуудын ажилчдыг цалинжуулах, байр түрээслэх, бараа материалын зардал зэрэг хасагдаж хүүхэд цэвэр авах ёстой илчлэгээ авч чадахгүй байх асуудал гарч байсан байна.
Иймд энэ төрлийн ханган нийлүүлэлтийг хүнс бэлтгэн нийлүүлдэг компаниуд руу чиглүүлж эхэлжээ. Компаниудад энэ чиглэлийн худалдан авалт руу орох боломж нь нээгдээд ирэхээр хоол тус бүрээр хэрчиж бэлдсэн мах, хэрчсэн ногоо зэргээр буюу шууд холиход бэлэн болгож бэлтгэж эхэлсэн байна. Үүний үр дүнд сургуулиудад илүү орон тоо хэрэггүй, хоолны хаягдал багатай болж байгаа бөгөөд энэ нь хүүхдэд илүү ээлтэй хүртээмжтэй байгаа аж.
Өөрөөр хэлбэл 2,500 төгрөгийн хүнсний барааны зардал нь цэвэр хүүхдэдээ очиж байгаа юм гэдгийг тэрбээр онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!