Уншиж байна ...

О.Цогтгэрэл: Энэ долоо хоногт дэд сайдын асуудлаа буцаахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина

Н.Эрхбаяр, iKon.mn
3 цаг 6 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо. 

Уг хурлаар дэд сайд нарын томилгоо болон Оюутолгойн сонсголтой холбоотой хоёр асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаар бүлгийн гишүүд мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн, Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэл: Манай нам өнгөрсөн хугацаанд төрөө цомхон болгох, үр ашигтай бүтээмжтэй болгосны хэрээр хувийн хэвшил, иргэдийн оролцоо эдийн засагт гарна гэдэг байр суурийг байнга илэрхийлж байсан.

Гэтэл өнгөрсөн долоо хоногоос гарсан дэд сайдын асуудал нь дарга нарын тоог нэмж байна. Өнөөдөр манай улсад хэрэгтэй болоод буй төрийн өмчийг хувьчлах, цомхон төрийн асуудлын илрэл нь дэд сайдаар гарч ирж байгаа. Манай намын бүлэг дэд сайдын томилгоог цуцлах шаардлага тавьсан, хэрэв биелүүлэхгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барих болно гэж өнгөрсөн долоо хоногт ярьж байсан. 

Өнөөдрийн бүлгийн хурал дээр Засгийн газрыг огцруулах асуудлыг өөрийнхөө бланк дээр өргөн барих асуудлыг танилцуулсан. Бүлгийн гишүүд зөв зарчмын байр суурь гэж хүлээж авсан. 

2015 оны аравдугаар сарын 30-нд Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, дэд сайдгүй ажиллах шийдвэрийг Ардчилсан Намын үед оруулж байсан. 2016 оны долоодугаар сарын 21-ний өдөр МАН дэд сайдтай ажиллана гэж хуульд өөрчлөлт оруулсан. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Намын бүлгийн гишүүдийн зүгээс "ямар бодлогын баримт бичгийн хүрээнд дэд сайдыг хасаж, танах бололцоо байна түүнийг МАН хийх ёстой" гэсэн бидний шаардлага хэвээрээ. Энэ долоо хоногт дэд сайдын асуудлаа буцаан татахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина. 32 гишүүний гарын үсгээр УИХ-д өргөн барих асуудлыг өнөөдөр гүйцээсэн ч болно. Гэхдээ энэ долоо хоногтоо асуудлаа эргүүлэн татах шаардлагыг тавьсан.

Саяхан тангараг өргөхдөө сайн сайхан зүйл ярьж байсан сайд нар дэд сайдгүй ажиллаж чадахгүй байна гэж байвал ажлаа өгөх хэрэгтэй. 

2026 оны улсын төсвийг хэлэлцэхэд дэд сайд ажиллуулах орон тоо, мөнгө байгаагүй. Дэд сайд тухайн сайдыг орлож ажиллах асуудал ч байхгүй. Жишээлбэл Сангийн сайд улсын төсвийг УИХ-д танилцуулах гэж байгаа бол дэд сайд оруулж ирж танилцуулдаггүй.