Өмнөд Африкийн (ӨАБНУ) нийгмийг цочроосон гэмт хэргийн шүүх хурал хоёр сар орчим хугацаанд үргэлжилсний эцэст өчигдөр шийдвэрээ гаргажээ.
Шүүгч нар зургаан настай охиноо хулгайлж, бусдад худалдсан хэргийн буруутан эмэгтэй болон түүний хоёр хамсаатанд бүх насаар хорих ял оноосон байна.
Хохирогч Жошлин Смит өнгөрсөн оны хоёрдугаар сард Кэйп Таун хотын ойролцоох гэрээсээ алга болоод одоо болтол олдоогүй байгаа юм.
Охины ээж Ракел Смит, түүний найз залуу Жакен Апполлис, тэдний найз Стивено ван Рин нар уг хэргийг үйлджээ.
Хар тамхинд донтсон ээж нь охиноо боол болгон зарсан байж болзошгүй гэж мөрдөгчид үзэж байгаа.
Шүүгч Натан Эрасмус хэрэгт холбогдогчдод “Хүн худалдаалсан хэрэгт тань бүх насаар хорих, хүн хулгайлсан хэрэгт тань 10 жилийн хорих ял оноолоо” гэж зарлахад танхимд байсан ажиглагчид алга ташиж байжээ.
Тэрбээр ялын шийдвэрийг гаргахад нэг цаг гаруй хугацаа зарцуулсан байна.
Хатуу ял оноох болсон шалтгаанаа Эрасмус тэдний хийсэн хэрэгтээ харамсахгүй байгаа нь нөлөөлснийг тайлбарлажээ.
Цагдаагийн байгууллага хохирогч охины эрлийг Өмнөд Африк даяар, бас хилийн чанадад үргэлжлүүлэхээ амласан байна.
“Жошлинд юу тохиолдсоныг олж илрүүлэх хүртлээ бид амрахгүй. Бид түүнийг өдөр шөнөгүй хайж байгаа” гэж орон нутгийн цагдаагийн комиссар Тэмбисиле Патекиле мэдэгджээ.
Хохирогч охины эмээ Аманда Смит-Даниэлс “Тэдний авсан ямар ч ял ач охиныг минь буцааж авчрахгүй” гэж шүүх хурлын дараа хэвлэлд ярьсан байна.
Шүүх хурлын үеэр 30 гаруй гэрчээс мэдүүлэг авахад маш ноцтой баримтуудыг дэлгэж байжээ.
Тухайлбал Смитийн хөрш Лорентиа Ломбард түүнийг охиноо Өмнөд Африкт “сангома” гэж нэрлэдэг уламжлалт анагаах ухааны домчид зарснаа ярьж байсныг мэдүүлсэн юм. Худалдан авагч нь охины нүд, арьсыг сонирхож байсан гэжээ.
Эрлийн үеэр Смит охиноо “Чингэлэгт ачигдаад Баруун Африк руу явсан” гэж хэлэхийг сонссоноо Жошлины багш гэрчилсэн бол орон нутгийн пастор 2023 онд Смит гурван хүүхдээ зарах талаар ярьж байсныг бас гэрчилсэн юм.
Яллагдагчдын талаар шүүхэд тодорхойлолт гаргаж өгсөн нийгмийн ажилтан 35 настай Смитийг “өөрийн охиныг бусдад худалдах ажлыг зохион байгуулсан байхад гайхахааргүй хүн” гэж дүгнэжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
|