Зүүн Азийн Сагсан Бөмбөгийн Аваргуудын Лиг буюу "BCL - Asia" лигийн хүрээнд "Хасын Хүлэгүүд" баг өчигдөр Тайванийн "Нью Тайпэй Кингс" багийн талбайд зочиллоо.
"Хүлэгүүд" баг лигийн дүрмийн дагуу легионер тоглогчийнхоо тоог нэгээр нэмсэн нь канад төвийн тоглогч Жорди Шиманга байв. Ирэх арваннэгдүгээр сард 29 нас хүрэх конго гаралтай канад залуу шинэ багтаа хийсэн эхний тоглолтод гялалзав.
Тэрбээр нийт 29 оноо авахдаа шийдвэрлэх дөрөвдүгээр үед 12 оноог "түүж" багаа хожилд хөтөллөө. Эхний гурван үе эн тэнцүү өрсөлдсөн ч дөрөвдүгээр үед 30:14 буюу 16 онооны зөрүүгээр "Хүлэгүүд" илүүрхэж, улмаар 81:68-аар хэсгийн эхний хожлоо авлаа.
Ж.Шиманга 29 оноо, 8 самбараас бөмбөг авсан бол Жордан Толберт 15 оноо, 10 самбар, Б.Барсболд 15 оноогоор багтаа тус хүргэв.
Талбайн эздээс Майкл Эфебера 19, Жасон Уашбарн 18 оноо авсан юм.
"Хүлэгүүд" баг энэ сарын 3-нд Тайландын Бангкок хотод Сингапурын багтай хүч үзнэ.
Гэрэл зургийг: FIBA
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|