Уншиж байна ...

Бид бүхэнд хамаатай сэдэв: Жижиг хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэх вэ?

ikon.mn
2025 оны 4 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол улсад хөрөнгийн зах зээл бий болоод ердөө 34 жил болж байна. Үүнийг бусад улсуудтай харьцуулахад манай улсын хөрөнгийн зах зээл хүүхэд насаа л туулж яваа гэсэн үг. Гэсэн хэдий ч сүүлийн 5 жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж үнэлгээ нь 4.7 дахин өссөн эерэг үзүүлэлттэй байна. Энэ салбарын хөгжил компаниудын ашиг, хөрөнгө оруулагчдын өгөөж, цаашлаад улс эх орны эдийн засгийн өсөлттэй холбогдох учраас салбарын хөгжлийг дэмжих, иргэд санхүүгийн талын мэдлэг боловсролтой байна гэдэг нь өөрөө чухал сэдэв болоод байгаа юм.

Энэ ч утгаараа Монгол улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, иргэдийн санхүүгийн боловсролд хөрөнгө оруулалт хийх зорилготой “Зах зээлийн чимээ” нэвтрүүлэг энэ оноос эхлэн цацагдаж эхлээд буй. Сард нэг дугаар хүрдэг энэхүү нэвтрүүлгийн 3 дахь дугаар “Жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашиг” сэдэвтэйгээр олон нийтэд хүрлээ. Уг нэвтрүүлгийн ач холбогдол, агуулгыг уншигч та бүхэнд хураангуйлан хүргэж байна.

Засгийн газраас УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг, СХЗ-ноос Хяналт шалгалт, зохицуулалтын газрын захирал Б.Долгорсүрэн, санхүүгийн байгууллагаас “ХасБанк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав болон “Бичил Глобус” санхүүгийн нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Отгонбат нар оролцжээ.

“100 хувьцаат компаниас 52 компани ногдол ашиг тараахгүйгээ мэдэгдэж, 42 компани 1 их наяд төгрөгийн ногдол ашиг тараахаа зарласан”

СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын захирал Б.Долгорсүрэн:

зураг
 

Олон нийтэд хувьцааг ашигтай гэдгийг ойлгуулахын тулд эхлээд ногдол ашгийн тухай ойлголтыг өгөх хэрэгтэй. Тухайн компани ашигтай ажилласан л бол хөрөнгө оруулалт хийсэн хүн ногдол ашиг авах ёстой. Тиймээс компаниуд санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ТУЗ-ийн хурлаа зарлаж, ногдол ашиг өгөх эсэх шийдвэрээ гаргах ёстой байдаг.

Энэ жилийн хувьд 100 компаниас 42 нь ногдол ашиг өгөхөө мэдэгдэж, компаниудын өгөх ногдол ашиг 1 их наяд орчим төгрөг болсон. Иргэд хувьцаат компаниас хувьцаа эзэмшээд түүнээсээ ногдол ашгаа хүртэх, цаашлаад ТУЗ-ийн хуралд орох, тодорхой хэмжээнд үйл ажиллагаанд нь оролцох боломжтой гэдгийг эндээс харж болно. Энэ талын мэдээллийг тус компани ч тэр СЗХ ч тэр мэдээлж байна. Түүнчлэн, ЭТТ-н 1072 хувьцааг хөрөнгө оруулалт хийн ашиглах боломжтой болгохыг Засгийн газарт уриалж байна. Учир нь, Монголчуудын хувьд үндсэн хөрөнгө багатай байгаа нь хөрөнгө оруулалт хийх оролцоо сул байхад нөлөөлж байна. 

“Арилжаа нээж цан цохисноос хойш 8 минутын дотор 18 тэрбумын арилжаа хийгдсэн байсан”

“Бичил Глобус” санхүүгийн нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Отгонбат:

зураг
 

Манай компани зах зээл дээр Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 7 удаа гаргасан байна. Татан төвлөрүүлсэн эх үүсвэрийг зөвхөн бизнесийн үйл ажиллагаандаа зориулах зохицуулалттай гаргаж байгаа эдгээр ХБҮЦ бол их чанартай бүтээгдэхүүн. ХБҮЦ-ны арилжаанаас харахад хөрөнгийн зах зээлд мэргэжлийн буюу байнгын хөрөнгө оруулагчид бий болсон байна.

Жишээ нь, 20 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх арилжааг олон нийтэд санал болгон нээж цан цохисноос хойш 8 минутын дотор 18 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн. Үүний цаана цөөн тооны байнгын хөрөнгө оруулагчид байдаг. Тиймээс олон нийтэд хөрөнгийн зах зээл дээр болж байгаа үйл явдал, хөрөнгө оруулалтын мэдээлэл, ойлголт хангалттай байж чадаж байна уу, жижиг хөрөнгө оруулагчид арилжаанд оролцож чадаж байна уу гэдэг дээр анхаарч, олон нийтийг мэдээлэлжүүлэх, ойлголтыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Нөгөө талаараа нээлттэй компаниудын оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй.

Ингэснээр хувьцаа эзэмшигчдийн оролцоо, идэвх сайжирна. ТУЗ хуралдаж, удирдах албан тушаалтныг сайжруулах, томилох ажиллагаа илүү чанаржина. Товчхондоо хөрөнгө оруулагчдад мэдээлэл илүү тодорхой, ойлгомжтой болж, зөв систем рүү орно гэсэн үг.

“Компаниуд ашигтай ажиллах нь төсвийн орлогыг нэмэгдүүлж, өрхийн орлогыг сайжруулах ач холбогдолтой бол хөрөнгө оруулагчдад ногдол ашгийн хувь хийгээд ирээдүйд бий болох өгөөжийг өсгөх олон талын өргөн ач холбогдолтой.”

“Ногдол ашгийн хувь их байх тусам ашиг хийх сэдэл ихэсдэг”

“ХасБанк” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав:

зураг
 

Иргэд хөрөнгө оруулалт хийж байгаа компанийнхаа ирээдүйг харах юм бол зөвхөн ногдол ашиг гэхгүйгээр ирээдүйд хувьцааныхаа өсөлтөөр ашиг хийх боломжтой. Гэхдээ ногдол ашгийн хувь өндөр байх тусам богино хугацаанд ашгаа хийгээд гарах сэдэв ихэсдэг. Өнгөрсөн хугацаанд банкууд мэдээлэл хүргэх дээр илүү манлайлан оролцсоноор иргэдийн дунд хадгаламжийн талаарх ойлголт нэмэгдсэн.

Үүнтэй адил илүү өргөн цар хүрээнд харж, үл хөдлөх хөрөнгө, даатгал гээд энэ талын бүх мэдлэгийг цэгцтэйгээр өгч эхлэх нь зүйтэй. Магадгүй ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт оруулдаг ч юм уу. Мөн 1072 хувьцааг хувьцааны шинж чанар луу нь оруулж, иргэд хувьцаагаараа хөрөнгө оруулалт хийн ашиглах боломжтой болбол хөрөнгө оруулалтын тухай ойлголт илүү сайжирна гэж бодож байна.

“Татвартай холбоотой тодорхой бодлогуудыг гаргаснаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих боломжууд бий болно”

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:

зураг
 

Жижиг хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх асуудал дээр татварын тухай асуудал мөн яригдах ёстой.

Жишээ нь, татварын хөнгөлөлт байна. Энэ жил 1 их наяд төгрөгийн ногдол ашиг тараагдлаа. Үүнийг хөрөнгө оруулагч буцаагаад компани руу хөрөнгө оруулалт болгон оруулбал, ногдол ашгийн татвараас хөнгөлнө ч гэдэг юм уу. Энэ талын чиглэсэн бодлогууд гарвал хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих боломжууд бий болно.

Биржийн бус арилжаан дээр татвар 10 хувь, гаднын хөрөнгө оруулагч бол 20 хувийн татвар төлнө. Ийм татвартай байхад хөрөнгө оруулагч ирэхгүй, үүнийг дагаад жижиг хөрөнгө оруулагчид ашигтай ажиллаж чадахгүй байна.

“Оролцоо ойлголтыг нэмэгдүүлэхэд технологийн шийдлийг ашиглаж болно”

Ийнхүү шат шатны байгууллагын төлөөлөл нэг ширээний ард суун асуудлыг хэлэлцэн, өөрсдийн байр суурийг илэрхийлснээр үзэгчдэд илүү өгөөжтэй байдлаар тухайн сэдвийг ул суурьтай ойлгох боломжийг бий болгож байгаа юм. Тэдний санал нэгтэй дуугарч байгаа зүйл нь олон нийтийн дундах мэдээллийг сайжруулах, санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх тухай асуудал байсан юм.

Ийнхүү ойлголтыг нэмэгдүүлэхэд юу хийх ёстой талаар тал талын үзэл бодлоо хуваалцлаа. Жишээлбэл, Бичил Глобус санхүүгийн нэгдлийн Гүйцэтгэх захирал С.Отгонбат “Бид нар өөрсдийн сайн жишээнүүд дээр тулгуурлаж чадвал олон нийтийн хөрөнгийн зах зээл дээрх оролцоо болоод ойлголтыг нэмэгдүүлэх боломжтой гэж харж байна. Манай улсын хувьд иргэний үнэмлэх нь цахимжсан, хурууны хээгээ уншуулаад мэдээллээ авдаг нэгдсэн мэдээллийн сантай, хүн бүр хувьцааны данстай гэх мэт. Цар тахлын үеийн нэг жишээг дурдахад, нэг өдөрт 60 мянган хүн койн худалдаж авсан байсан. Ингэхдээ бүгд гар утасны аппликейшн ашигласан. Цахим зээлийн платформууд ч хөгжиж, банкны системүүд  ч төлбөр тооцоогоо гар утсаараа хийх боломжийг бүрдүүлчихсэн сайн жишээнүүд олон байна. Олон нийтэд хэрэглэхэд хялбар, нэгдсэн нэг платформ л хэрэгтэй. СЗХ, Хөрөнгийн бирж хамтраад ч юм уу бүх компаниудыг хянаж, сайн муу жагсаалттай нь оруулчихвал иргэд арилжаанд оролцоход амархан болно гэсэн үг. Анхнаас нь сайн зохицуулалттай ийм төрлийн нэгдсэн албан ёсны платформ үүсгээд, үүнийгээ таниулах кампанит ажил болгон хүргэвэл үр дүнтэй, сайн шийдэл байж болохоор юм байна гэж бодож байна” гэсэн технологийн шийдлээр зохицуулах санал дэвшүүлсэн юм.

“Зах зээлийн чимээ” нэвтрүүлэг ийнхүү хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхээр сар бүр шинэ дугаараа цацах аж. Чухал 10 сэдвийн 3 дахь сэдвийн талаар та бүхэнд хураангуйлан хүргэлээ.

Жижиг хөрөнгө оруулагч гэж хэнийг хэлэх, Монгол улсын хэмжээнд тэдний эрх ашиг хэрхэн хөндөгдөж байгаа тухай нэвтрүүлгийг бүтнээр нь үзэх холбоос

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.