Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Антропологи-Археологийн тэнхимийн профессор Л.Мөнх-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Миний зааж буй хичээлүүдийг надад мэдэгдэлгүйгээр цуцалсан бөгөөд оюутнууд маань гомдол гаргасан ч одоо болтол хичээлүүдийг цуцалсан хэвээр байна.
Мөн миний гуравдугаар сарын цалинг одоо болтол тавиагүй байгаа. Хичээлийн улирал гуравны нэгтээ орсон энэ үест оюутнууд маань санаа зовнин, түгшиж багшаа та бидэнтэй хүч нийлүүлж гомдол, хүсэлт гаргаач гэсэн" хэмээн бичсэн байна.
Үүнтэй холбогдуулан МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн захирал, профессор Б.Болд-Эрдэнэ яагаад ийм нөхцөл байдал үүссэн талаар өнөөдөр тайлбар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Л.Мөнх-Эрдэнэ профессор 2023 оны арваннэгдүгээр сарын 10-ны үед ямар нэгэн зөвшөөрөл авахгүйгээр дур мэдэн Герман явсан. Ингэхдээ тэнхимийн эрхлэгчдээ "Би Герман явлаа. Хичээлийг хоёр долоо хоног цахимаар орно. Ирэх улиралд ирж хичээлээ заана" гэдэг байдлаар мэйл явуулсан.
Хариуд нь тэнхимийн эрхлэгч "МУИС-ийн дүрэм журмаар бол таваас дээш хоногийн чөлөөг заавал тэнхимийн хурлаар орж, Захиргаанаас зөвшөөрөл авдаг" гэсэн. Гэвч "Би зөвшөөрөл авч буй хэрэг биш. Цахимаар орно гэдгээ мэдэгдэж байна" гэж хариу мэдэгдсэн.
Тухайн үед ирэх улиралд буцаад ирэх юм байна гэж хүлээсэн. Яагаад гэвэл энэ бол 1.5 жил үргэлжилж буй асуудал. Энэ хугацаанд шат шатны хүмүүс нь удаа дараа мэйлээр харилцаж, ирж хичээлээ заахыг хүссэн.
2025 оны нэгдүгээр сарын 7-нд МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн захиргааны хурал болж, гурав дахь удаагаа Л.Мөнх-Эрдэнэ профессорын асуудлыг авч хэлэлцээд өөрийн биеэр ирж бакалаврын хичээл заах, тэнхим сургуулийн ажилд оролцохыг хүссэн. Гэвч огт хариу өгөөгүй. Хуваарийн дагуу Л.Мөнх-Эрдэнэ профессорын заах ёстой бакалаврын түвшний оюутнуудын хичээл эхэлсэн боловч эхний долоо хоногт ороогүй. Тиймээс хичээлийг цуцалсан.
Германд амьдраад магистр, докторын цөөн тооны оюутнуудад цахимаар хичээл зааж байх хугацааны цалинг МУИС бүтэн өгч байсан. Тиймээс бусад багш нарын адил Монголд ирээд, хичээлээ заахыг хүссэн. Учир нь МУИС-ийн 700 гаруй багш бүгд хичээлээ заагаад, сургуулийн үйл ажиллагаанд оролцож, цалингаа аваад явж байгаа.
МУИС-ийн санхүүгийн 80 хувийг бакалаврын түвшний, 20 хувийг ахисан түвшний оюутнуудын сургалтын төлбөрөөр бүрдүүлдэг. Манай сургуулийн профессор цолтой бүх багш нар ямар нэгэн байдлаар бакалаврын оюутнуудад хичээл заах журамтай.
Тэгэхээр Л.Мөнх-Эрдэнэ багш зөвхөн ахисан түвшинд хичээл заана гэж байгаа нь сургуулийн журамтай нийцэхгүй. Хичээлээ ирж заахгүй явсаар өнөөдрийг хүрсэн байна. Зарим багш 100 оюутанд хичээл орсон атлаа таван оюутанд хичээл заасан багштай ижилхэн цалин авна гэдэг шударга бус зүйл. Энэ хугацаанд багш нар тэгш байх тухай асуудлыг дэвшүүлсэн" гэлээ.
Үргэлжлүүлэн тэрбээр "МУИС-ийн зүгээс Л.Мөнх-Эрдэнэ профессорыг ирж ажлаа хий хэмээн одоогоор өнгөрсөн сарын цалинг түр зогсоосон. Бидний шаардлагын дагуу ирж хичээлээ заавал хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлнэ. Багш нар хичээл заах, судалгаа хийх, сургууль болон нийгмийн ажилд оролцох гэсэн ажлуудыг заавал биелүүлэх ёстой. Л.Мөнх-Эрдэнэ профессор 1.5 жилийн хугацаанд сургууль нийгмийн ажилд оролцоогүй. Зөвхөн хичээл заах ёстой биш гэдгийг энэ хүн хүлээж авахгүй байгаа. МУИС-ийн түүхэнд ийм тохиолдол анх удаа гарлаа.
Хэрэв та бүхэн ажсан бол Л.Мөнх-Эрдэнэ профессор цалинг нь зогсоосны дараа МУИС-ийн талаар юм бичээд эхэлсэн. Үүнээс өмнө сургуулийн тухай шүүмжилсэн зүйл бичиж үзээгүй. Профессорын түвшний цалин гэдэг МУИС-ийн хамгийн дээд хэмжээ. Ойролцоогоор 4-5 сая төгрөгийн цалин авдаг.
Бид Л.Мөнх-Эрдэнэ профессорыг олон улсад нэр хүндтэй, сайн эрдэмтэн гэж хүндлээд хоёр жил хүлээсэн. Хэрэв өөр багш таваас дээш хоног гадаад руу яваад хэтэрчихсэн байвал арга хэмжээ авчихсан байгаа.
Гэхдээ яагаад гадаадад амьдарч буй талаараа гурван зүйлийн тайлбар өгсөн. Нэгдүгээрт гэр бүлээ тэжээхэд МУИС-ийн цалин хангалтгүй байна, хоёрдугаарт номын санд суухад Германд байх ойр байна, гуравт эхнэр хүүхэд маань Германд амьдарч байгаа гэсэн тайлбарыг ирүүлсэн" хэмээн мэдээлэл өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!