Холимог тулааны хамгийн нэр хүндтэй холбоо болох UFC-гийн хүнд жингийн аварга асан Кейн Веласкес хүн алахыг завдсан хэргээр шүүхээс таван жил хорих ял сонслоо.
Өдгөө 42 настай америк эрийг 2022 оны наймдугаар сард Калифорниа мужид хийсэн хэрэгт нь ял оноосон байна.
Тухайн үед 46 настай Харри Гултер зэрэг гурван хүнийг тээвэрлэж явсан машин руу буудаж, ачааны машинд байсан өөр нэг хүнийг шархдуулсан байна. Хохирогчид К.Веласкесийн өсвөр насны хүүхдийг дээрэлхсэнээс маргаан болсон аж.
Дүүргийн шүүхийн мэдээлснээр Х.Гултер хүүхэд хүчирхийлсэн хэргээр буруутгагдаж байгаа юм. Гэхдээ өөрийгөө буруугүй гэж мэдэгджээ.
Тулаанч эрийн өмгөөлөгч Рене Хеслинг үйлчлүүлэгч нь шоронд хоригдохоос зайлсхийж байсан тул шүүхийн шийдвэрийг "гашуун" гэж нэрлэв.
Веласкес арваннэгдүгээр сараас хойш 1,283 хоног гэрийн хорионд байгаа нь ял хөнгөрүүлэх нөхцөл болсон байна.
"Энэ бүх хугацаанд Кейн эр зориг, зан чанарын хүч чадлыг харуулсан" гэж Хеслинг мэдэгдэлдээ дурджээ.
Саяхан Кайл Кингсберигийн подкаст нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө Веласкес хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн юм.
К.Веласкес UFC-д 15 удаа тулалдахдаа Брюк Леснар, Жуниор дос Сантос нарыг ялснаар хүнд жингийн аварга аваргын бүсийг хоёр удаа эзэмшиж байв.
Харин 2019 онд Фрэнсис Нганнуд хүнд цохилтоор ялагдсаны дараа зодог тайлжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
|