Өнгөрсөн хоёр өдөр Саудын Араб улсад АНУ-ын засгийн газрын төлөөлөгчид Украин, Оросын талуудтай тус тусад нь уулзаж тэдний хооронд үргэлжилж буй дайны галыг зогсоох нөхцөлийг хэлэлцсэн юм.
Уулзалтын үр дүнд талууд Хар тэнгист дайтахаа зогсоох, харилцан нэгнийхээ эрчим хүчний дэд бүтцэд довтлохгүй байх нөхцөлийг зөвшөөрсөн тухай АНУ-ын тал өчигдөр орой мэдээлжээ.
Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөснөөс хойш дайтагч талууд анх удаагаа гал зогсоох тохиролцоонд хүрсэн тохиолдол болж байна.
Дээрх нөхцөлүүдийг зөвшөөрсний хариуд АНУ-ын тал ОХУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордооны экспортын хоригийг цуцлахад дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
Харин уулзалтын дараа Кремлийн хэвлэлийн алба “Оросын зарим банкуудыг олон улсын санхүүгийн сүлжээнд буцааж холбоогүй тохиолдолд Хар тэнгист гал зогсоох тохиролцоо хэрэгжихгүй” хэмээн анхааруулжээ.
Хариуд нь Украины ерөнхийлөгч Володимир Зеленский үүнийг няцааж, гал зогсоох тохиролцоог хэрэгжүүлэхэд ямар нэг хориг арга хэмжээг цуцлах шаардлагагүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.
“Харамсалтай нь ярилцаж тохиролцсон өдрөө Оросууд хэрхэн арга заль хэрэглэж эхэлснийг бид харж байна. Тэд аль хэдийн ярьж тохирсон зүйлээ гажуудуулж, манай зуучлагчдыг төдийгүй дэлхий нийтийг хуурахыг оролдож эхэллээ” гэж Зеленский анхааруулжээ.
ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров “Бидэнд тодорхой баталгаа хэрэгтэй. Киевтэй байгуулсан өмнөх гэрээ хэлэлцээний гунигт туршлагаас харвал Вашингтоноос Зеленский болон түүний багийнханд өгсөн даалгаврын зарим нь хэрэгжиж, зарим нь хэрэгждэггүй” гэж хэлсэн байна.
Зеленский “Бид Оросуудад итгэхгүй байгаа ч асуудалд ажил хэрэгч хандах болно” гэж мэдэгджээ.
Энэ бүгдээс харвал тохиролцоо хэрэгжих эсэх нь АНУ-ын хүчин чармайлтаас голлон хамаарах бололтой. Дайтагч талууд ч харилцан нэгэндээ итгэлгүй, зөвхөн АНУ-ын баталгаанд найдаж байгаа нь харагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Трамп утсаар Путин, Зеленский нартай тус тусад нь ярилцсаны дараа энэ долоо хоногийн уулзалтыг зохион байгуулахаар тохиролцсон юм.
Тухайн үед Трамп 30 хоногийн хугацаанд бүх фронт дээр гал зогсоох санал тавьсныг Путин хүлээж аваагүй.
Гурван жил гаруй хугацаанд үргэлжилж буй дайны турш Оросын тал Украины эрчим хүчний дэд бүтцүүдэд агаараас довтолж байгаа.
Дээрх байгууламжууд нь Украины дайтах чадварт дэмжлэг үзүүлдэг тул хууль ёсны бай болох ёстой гэж Оросын тал үздэг.
Украины тал ч бас Оросын армийг түлш шатахуунаар хангадаг гэсэн үндэслэлээр газрын тос, байгалийн хийн байгууламжуудад нь алсаас довтолж байгаа.
Нөгөө талаар Украины амжилттай довтолгоонуудын үр дүнд Оросын тал хөлгүүдээ Хар тэнгисийн зүүн хагасаас татсан тул тэнгисийн тулаан энэ дайны багахан хэсгийг эзэлж байгаа юм.
Тиймээс өчигдрийн тохиролцоо нь бэлгэдлийн чанартай байх өндөр магадлалтай.
Трамп сонгуулийн турш Украин-Оросын дайныг 24 цагийн дотор зогсоох амлалт өгч байсан ч бодит байдал дээр хэрэгжихэд нэлээд саад бэрхшээлтэй тулгарч байна.
Украин болон Европын холбоотнууд нь түүнийг сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд, бас бизнесийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн Путинтэй яаран тохиролцож, тэдний аюулгүй байдлыг золиослох вий гэсэн болгоомжлол үүсээд байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!