Нийтийн өргөдөл гомдлын систем D-Petition-д нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухай цахим өргөдлийг энэ сарын 12-нд үүсгэн иргэдийн саналыг авч байна.
Өргөдлийг санаачилсан иргэн Б.Батбилэг "Одоогоор мөрдөгдөн хэрэгжиж байгаа НДШ-ийн хувь хэмжээг бууруулж 12%-д хүргэж өгнө үү. Шимтгэлийн бууруулсан хэмжээг нийгмийн даатгалын санд бүрдүүлэх өөр арга зам байна гэж үзэж байна. Жил бүр орж ирдэг 1,072 хувьцааны ноогдол ашгийг ажил эрхлэгч өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын санд шилжүүлбэл дараа жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг 12% хүртэл бууруулж өгдөг байх. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцад нөлөөлөхгүй байх төгрөгийн ханш унахгүй байх боломжийг бүрдүүлэх юм" хэмээн тайлбарласан байна.
Тэрбээр 100,000 хүний цахим гарын үсгийг цуглуулахаар зорьж буй бөгөөд одоогоор 4,081 хүн дэмжээд байна. Хэрэв хүчинтэй хугацаанд зорьсон тоондоо хүрвэл хуулийн төсөл санаачлах эрх үүсэх юм.
Эргэн сануулахад 2023 оны аравдугаар сард иргэн Ш.Хүрэлтулга Нийгмийн Даатгалын Шимтгэл(НДШ), Хувь Хүний Орлогын Албан Татвар(ХХОАТ)-ыг 50 хувь бууруулах тухай өргөдөл үүсгэж байв. Түүний өргөдөл тухайн оны арваннэгдүгээр сарын 3-нд 101,099 хүн дэмжсэнээр хуулийн төсөл санаачлах боломж бүрдэж байлаа. Уг асуудлыг судлуулахаар ажлын хэсэгт шилжүүлсэн гэх боловч тэгсхийгээд намжсан билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
58 СЭТГЭГДЭЛТЭЙ
|