Их Дуулгын таван цомтой Польшийн Ига Свиатеш Майамигийн нээлттэй тэмцээний шөвгийн наймд Филиппиний залуу тамирчин Александра Эалад ялагдлаа.
19 настай, дэлхийн чансааны 140 жагсаж буй А.Эала нэг цаг, 39 минут үргэлжилсэн тоглолтын эцэст өрсөлдөгчөө 6:2, 7:5-аар буулган авчээ.
Цагаан хуудсаар Майамид оролцож байгаа тэрбээр эхний даваанд АНУ-ын Кэйт Волинетсийг, дараа нь Латвийн Елина Остапенко, Австралийн Их Дуулгад өнгөлөөд удаагүй АНУ-ын Мэдисон Кэйс нарыг ялж, дуулиан тарьсан.
Харин шөвгийн 16-д Испанийн Паола Бадоса нурууны бэртлийн улмаас өрсөлдөх боломжгүй болсноор Александра шөвгийн наймд шалгарч үлдсэн билээ.
Тэгвэл шөвгийн наймд польш бүсгүйг буулган авснаар WTA-гийн цуврал тэмцээнд хагас шигшээд шалгарсан анхны филиппин теннисчин болж байна. Түүнтэй АНУ-ын Жессика Пегула хагас шигшээд өрсөлдөх юм.
Энэ амжилтаараа ирэх долоо хоногт шинэчлэгдэх чансаагаар ТОП 100-д багтах нь тодорхой боллоо.
А.Эала 2022 онд АНУ-ын нээлттэй тэмцээний охидын ангилалд түрүүлж байв.
Энэ үеэс мэргэжилтнүүдийн анхааралд өртсөн тэрбээр 2023 оны зургаадугаар сард Испанийн нэрт теннисчин Рафаэль Надалийн академийг амжилттай төгссөн. Тухайн үед тус академийн төгсөгч нарын нэг Ига Свиатеш түүнд дипломыг нь гардуулан өгч байлаа.
Майамигийн нээлттэй тэмцээнд гялалзахаасаа өмнө WTA-гийн цувралд ердөө хоёр хожил авчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|