Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын байлдааны шинэ хөлөг үйлдвэрээс гарангуутаа эвдэрсэн нь тус улсын удирдагч Ким Жон Уныг ихээхэн хилэгнүүлсэн билээ.
Тэгвэл энэхүү эвдрэлтэй холбогдуулан тус хөлгийг үйлдвэрлэсэн үйлдвэрийн албан тушаалтнууд баривчлагдсан талаар Пёняны төв хэвлэл Ням гарагт мэдээлжээ.
Пүрэв гарагт 5,000 тонны жинтэй уг хөлгийн нээлтэд Ким Жон Ун оролцож байсан юм.
Үйлдвэрээсээ гарсан шинэхэн хөлгийг тэнгисийн усанд тавьсны дараа ёроолд нь эвдрэл гарсны улмаас тэнцвэрээ алдан хазайж, хажуу талаараа хөвжээ.
Умард Солонгосын зүүн эргийн Чонжин боомтод олон хүний өмнө болсон энэ осол зэр зэвсгийн хүчээрээ гадаад ертөнцөд гайхуулах дуртай Ким Жон Уны хувьд гутамшигт явдал байлаа.
Өчигдөр Чонжиний хөлөг онгоцны үйлдвэрийн ерөнхий инженер болон бусад албан тушаалтнуудыг баривчилсныг Солонгосын Төв Мэдээний Агентлаг мэдээлжээ.
Баасан гарагт АНУ-ын судлаачид хажуу бөөрөөрөө хөвсөн шинэ хөлгийг цэнхэр өнгийн материалаар хучсан байгааг харуулсан хиймэл дагуулын зургийг нийтэлсэн юм.
Ким Жон Ун хөлгийн эвдрэлийг ирэх сард болох намын их хурлаас өмнө засварлах, бас буруутай этгээдүүдийг хатуу шийтгэх даалгавар өгч байв
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!