Өмнөд Америк тивийн хамгийн жижиг улс болох Суринамд өчигдөр буюу Ням гарагт парламентын сонгууль эхэлжээ.
Энэхүү сонгуулиар байгуулагдсан засгийн газар тус улсад шинээр илэрсэн газрын тосны баялгийг ард түмнээ ядуурлаас гаргахад зориулах түүхэн үүрэг гүйцэтгэх юм.
Өнөөдөр Суринамын 600,000 орчим хүн амын 20 хувь нь ядуурлын түвшинд амьдарч, эдийн засаг нь инфляц, өрийн гамшигт нэрвэгдээд байгаа.
Саяхан тус улсын эргээс холгүй илэрсэн газрын тосны том орд энэхүү гамшгаас гарах найдлага төрүүлэх болжээ.
Энэ удаагийн сонгуулиар парламентын 51 гишүүнийг сонгох ба тэд дараа нь шинэ ерөнхийлөгч, шинэ дэд ерөнхийлөгчийг таван жилийн хугацаатай сонгох юм.
“Энэ орд бол манай улсын хувьд асар их баялаг юм. Бид одоо ард түмнийхээ төлөө илүү ихийг хийж чадахаар болж байна. Ингэснээр хүн бүр улс орныхоо өсөлтийн нэг хэсэг байж чадах юм” гэж Суринамын одоогийн ерөнхийлөгч Чан Сантохи өнгөрсөн долоо хоногт гадаадын хэвлэлд ярьжээ.
Тэрбээр сонгогчдоос өөрт нь болон хамтран зүтгэгчдэд нь “эхлүүлсэн ажлаа дуусгах” боломж олгохыг хүссэн байна.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Суринам улс ойрын 10 ба түүнээс дээш жилийн хугацаанд газрын тосны шинэ ордоосоо олон тэрбум ам доллар олох боломжтой гэнэ.
Өнгөрсөн онд Францын Total Energies групп Суринамын эргээс холгүй тэнгист өдөрт 220,000 баррель газрын тос олборлох $10.5 тэрбумын төсөл хэрэгжүүлэх болсноо зарласан юм.
2028 онд олборлолт эхэлсний дараа Суринамын эрх баригчид “Бүгдэд зориулсан рояалти” нэртэй сангаар дамжуулан иргэдийнхээ гарт шууд бэлэн мөнгө тарааж эхлэхээр төлөвлөжээ.
Ням гарагийн сонгуульд 14 нам өрсөлдөж байгаагийн дотор ерөнхийлөгч Сантохигийн төвийн үзэл баримтлалтай VHP нам, парламентын спикер Женифер Саймонсын зүүний үзэл баримтлалтай NDP намууд тэргүүлж байгаа юм.
Бас дэд ерөнхийлөгч Ронни Брунсвикийн зүүн төвийн үзэлтэй ABOP нам гол өрсөлдөгчдийн тоонд багтаж байна.
Хэрвээ Ням гарагийн сонгуулиар үнэмлэхүй олонх тодрохгүй бол хамтарсан засгийн газар байгуулагдана.
Суринам улсын хүн ам колоничлолын үед ирж суурьшсан Энэтхэг, Индонез, Хятад, Нидерланд гаралтай хүмүүс болон Африкийн боолуудын үр удам, нутгийн уугуул иргэдээс бүрддэг.
Ирэх арваннэгдүгээр сард тус улс Голландын колоничлолоос салж, тусгаар тогтнолоо зарласны 50 жилийн ойг тэмдэглэх юм.
Суринамын худалдааны гол түнш, ивээн тэтгэгч Хятад улс бөгөөд 2019 онд Бээжингийн Бүс ба Зам дэд бүтцийн төсөлд нэгдсэн Латин Америкийн эхний улсуудын нэг болж байжээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио гуравдугаар сард Латин Америкийн орнуудаар айлчлахдаа Суринамд саатсан нь бүс нутагт Хятадын нөлөөг хязгаарлах зорилготой байв.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
|