Япон улсын засгийн газар гадаад дахь элчин сайдын яамдынхаа тогооч нарын ажиллах нөхцөлийг сайжруулахаар болжээ.
Энэ нь нэг талаас сайн мэргэжилтэн олдоход хэцүү болсон, нөгөө талаас япон уламжлалт хоол хүнсний нэр хүнд дэлхий дахинд өссөнтэй холбоотой юм байна.
Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн элчин сайдын яамдын тогооч нарын жилийн цалин одоогийн 4-4.5 сая иенээс 6 сая гаруй иен ($42,000 гаруй) болж өсөхөөр болжээ.
Одоо тэдгээрийн ихэнх нь элчин сайдын яамны байранд амьдардаг бол шинэ журмаар гадуур байр түрээслэх зардлыг нь засгийн газраас олгохоор болсон байна.
Бас гэр бүлийн хүнээ амьдарч байгаа улс орондоо авчрахтай холбоотой зардлыг гаргахаар болжээ.
Энэ сарын эхээр Японы гадаад хэргийн сайд Такеши Иваяа шинэ журам танилцуулах хэвлэлийн хурлын үеэр гадаадын төр засгийн тэргүүнүүд, албан тушаалтнуудыг зочлох, үйлчлэхэд тогооч нарын үүрэг, ач холбогдол нэмэгдэж байгаа ч сайн мэргэжилтэн олох улам бүр хэцүү болж байгааг тайлбарлаж байв.
“Бид 'хоолны дипломатч’ гэдэг утгаараа тогооч нарыг япон гал тогоог гадаадад илүү идэвхтэй сурталчилна гэдэгт найдаж байна” гэж сайд энэ үеэр хэлж байжээ.
Одоогоор гадаад дахь Япон улсын 230 орчим элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар бүр өөрийн тогоочтой байдаг бөгөөд АНУ, Хятад зэрэг үйл явдал, арга хэмжээ ихтэй улс орнуудад бүр хоёрын зэрэг тогооч байдаг гэнэ. Сүүлийн байдлаар арав гаруй элчин сайдын яамны тогоочийн орон тоо эзгүй, тохирох мэргэжилтнийг хайж байгаа юм байна.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|