Украин, Оросын талуудын хооронд гурван өдөр үргэлжилсэн харилцан олзны 1,000 хүн солилцох ажиллагаа Ням гарагт өндөрлөжээ
Өчигдөр сүүлийн 303 хүнээ солилцсоны дараа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “Өнөөдөр манай Зэвсэгт Хүчин, Үндэсний Гвард, Хил Хамгаалалтын Алба, Төрийн Тусгай Тээврийн Албаны дайчид гэртээ харьцгаалаа. Солилцоог амжилттай хэрэгжүүлэхийн төлөө цаг наргүй ажилласан хүмүүст талархал илэрхийлье. Бид Оросын олзонд байгаа өөрийн хүн бүрийг буцааж авах нь гарцаагүй” гэж сошиал хуудсандаа бичжээ.
Долоо хоног гаруй хугацааны өмнө Туркийн Истанбул хотод болсон Украин, Оросын засгийн газрын төлөөлөгчдийн уулзалтаар энэхүү солилцоог тохиролцсон юм.
Дайн эхэлсэн үеэс хойш талууд арав гаруй удаа олзны хүмүүсээ солилцож байсан бол энэ удаагийнх Украины хамгийн олон энгийн иргэнийг хамруулснаараа онцлог юм байна.
Тухайлбал энэхүү ажиллагааны үеэр Украины тал 2022 оны Мариуполийн бүслэлтийн үеэр Оросын армийн эсрэг тулаанд оролцож байсан 70 иргэнээ сольж авчээ.
“Истанбул хотод тавдугаар сарын 16-нд тохиролцсон Орос-Украины хэлэлцээрийн дагуу олзны 1,000 хүнийг 1,000 хүнээр солилцож дууслаа” гэж ОХУ-ын батлан хамгаалах яам өчигдөр бас мэдээлсэн байна.
Баасан гарагт эхэлсэн солилцооны үеэр дайтагч талууд байлдааны галаа түр зогсоож магадгүй гэсэн хүлээлт зарим хүмүүсийн дунд үүсээд байсан юм.
Гэвч Оросын тал амралтын өдрүүдэд дараалан олон тооны нисгэгчгүй онгоцоор Украины хотуудад довтолсон байна. Энэхүү халдлагын улмаас Ням гарагт Украины талаас 12 хүн алагдаж, олон хүн шархаджээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!