Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулан Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор, Хүндэт дипломат Д.Уламбаярын бичсэн өгүүллийн үргэлжлэлийг хүргэж байна.
Өмнөх хэсгийг энд дарж уншина уу.
1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхээр социалист систем нуран унаж, хүйтэн дайн төгсгөл болсноор олон улсын харилцаа, түүний дотор Монгол Улсын гадаад, дотоод бодлогод эргэлтийн цоо шинэ үе эхэлсэн билээ. Эл үйл явц хүйтэн дайны голомт болсон Европт төдийгүй Ази-Номхон далайн бүс нутагт ч биеллээ олж эхэлсэн юм. Энэ бүс нутагт хүчний тэнцвэрт байдал эдийн засгийн талаар эрс өөрчлөгдөн шинэ орон зай үүсэж, үүн дээр олон улсын харилцааны хүчтэй, шинэ оролцогчид гарч ирсэн явдал юм. Эдгээр нь Зүүн Азийн шинээр аж үйлдвэржсэн «бар» хэмээх орнууд болох Өмнөд Солонгос буюу БНСУ, Сингапур, Хонг Конг, мөн Хятадын Тайвань байлаа.
Солонгосын ардчиллын төлөө тууштай тэмцэгч Ким Дэ-Жүнь бээр БНСУ-ын Ерөнхийлөгчийн хувиар 1999 оны тавдугаар сард Монгол Улсад анх удаа албан ёсны айлчлал хийх үеэр Монгол Улс, БНСУ хоёр XXI зуунд бие биеэ харилцан нөхсөн хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой өргөтгөн хөгжүүлэх, улмаар энэхүү харилцааг хөгжлийн түншлэлд хүргэхээр тохиролцсон юм.
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD) 2021 оны долдугаар сард БНСУ-ыг “хөгжингүй орон” болсныг албан ёсоор зарлаж, статусыг нь шинэчилсэн билээ. Өнөөгийн БНСУ дижитал технологи болон зөөлөн хүчний үлэмж чадавхтай дунд хүчний гүрэн юм.
БНСУ Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод тодорхой байр суурь эзэлж буй нь
Эдүгээ БНСУ-д Монгол Улсын бараг 58 мянга гаруй иргэд ажиллаж, сурч амьдарч байна. Говьсүмбэр аймгийн хүн ам 18.042 мянга бөгөөд энэ утгаараа Өмнөд Солонгос нь Монгол Улсын бараг 22 дахь аймаг гэж хэлж болохоор байгаа билээ.
Нөгөө нэг чухал хүчин зүйл нь Дэлхийн Банкны Шилжилт хөдөлгөөний газраас гаргасан 2022 оны эцсийн тайлан мэдээгээр БНСУ-аас Монгол руу жилд дунджаар 250-300 сая ам.долларын гуйвуулга хийгдэж байгаа нь эргэж төлөгдөхгүй шууд хөрөнгө оруулалт юм. Энэ нь Монголын эдийн засаг, айл гэрийн амьдралд таатай нөлөө үзүүлж байгаа нь тодорхой.
Тиймээс Солонгосын хойгийн аюулгүй байдал Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болсон гэж шууд утгаар нь хэлж болохоор байна.
Монголчууд морин жилийг ихэд бэлгэшээхийн дээр өөрсдийгөө бөрт чонын удам гэж үздэг. Харин Солонгосчууд өөрсдийгөө бараас гаралтай гэж үзэх ажээ. Тиймээс ч 1988 оны Сөүлийн олимпын бэлэг тэмдгийг барын бамбараар төлөөлүүлсэн байдаг. 1998 оны хоёрдугаар сарын 25-нд Солонгосын Үндэсний Ассамблейн ордны өмнө сөрөг хүчнээс анх удаа ерөнхийлөгчөөр сонгогдсон Ким Дэ-Жүний тангараг өргөх ёслолд зориулсан ёслолын багт наадмын үеэр хүч тамир нь сульдсан асар том бар хэвтрээсээ өндийж архиран босож байгаа үзүүлбэр онцгой сэтгэгдэл төрүүлж билээ. Сүүлийн 30 гаруй жилийн түүхэнд Зүүн Азийн эдийн засгийн хөгжлийн гайхамшгийг буй болгож «Азийн бар» болсон энэ орон 1997 оны сүүлчээс эдийн засгийн гүн хямралд орсон ч 1998 оны «Шороон бар» жилд дахин шинээр мэндэлж байгааг сайхь үзүүлбэр илтгэсэн хэрэг байв. Үнэхээр ч тухайн жил Солонгосчуудын хувьд жил нь орсон билээ.
2022 оны эцсийн тайлан мэдээгээр БНСУ-аас Монгол руу жилд дунджаар 250-300 сая ам.долларын гуйвуулга хийгдэж байгаа нь эргэж төлөгдөхгүй шууд хөрөнгө оруулалт
Өнөөгийн БНСУ нь шинжлэх ухаан-технологийн урьд үзэгдээгүй ахиц, дэвшлийг Шинэ мянганд гаргах материаллаг болон оюун санааны үлэмж чадавхтай орон юм. БНСУ нь дижитал технологи, өндөр технологийн дээд бүтэц, суурь байгууламж, нэг хүнд оногдох нийтийг хамарсан өндөр хурдны интернэтийн сүлжээ, гол эдийн засгийн бүтцүүдийн хоорондох интеграцчлал, инновацчлалаар дэлхийд хамгийн өндөрт орж байна.
2017 оны хавар БНСУ-ын 12 дахь Ерөнхийлөгчийн дэргэд Аж үйлдвэрийн IV хувьсгалын хороог байгуулжээ. Улмаар мөн оны арваннэгдүгээр сард БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ-Иний ивээл дор «e-Korea: Towards Digitization» сэдэвт олон улсын томоохон арга хэмжээ анх удаа зохион байгуулагдав. Энэ үеэр шинээр эмхлэн байгуулагдсан Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа-холбооны технологи, ирээдүй төлөвлөлтийн сайд Юү овогтын (Yu Yeong-min) тэмдэглэснээр: “Дэлхий ертөнц дижитал хувьсгалын үр дүнд үйлдвэрлэлийн хөдөлгөгч хүч, хуваарилалт болон кибер ертөнцийн үйл явцыг хувирган өөрчлөөд зогсохгүй хүмүүсийн өдөр тутмын амьдралын чанар, хэв маягийг ч үндсээр нь өөрчилж байна” гэжээ.
Гадаад худалдаа, үйлдвэр, эрчим хүчний сайд Пэйк овогт (Paik Ungyu) хэлэхдээ: «Солонгосын эдийн засаг, үйлдвэрлэлийг үндсээр нь өөрчилж буй гол хүчин зүйл, динамик нь digital revolution болж байна” гэжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ: “Бидний ирээдүйг чиглэсэн шинэ үйлдвэрлэл бол DT (digital technology), NT (nano-technology), BT (bio-technology), NРM (new and precision materials буюу металл, шингэн, хий, хатуу нягт бодисыг шинэ технологийн инновацчлалын туслалцаатайгаар хослуулж цоо шинэ үеийн материал гаргаж авах), ET (environment and new energy technology), Optical sectors (гэрлийн энерги, долгионы хурд, уртын онцлогийг ашигласан технологийг машин, механизм, үйлдвэрийн эд ангиуд, системийн үйлдвэрлэл, лазерын үйлдвэрлэл, роботчлол, хараазүйн судлал), Aerospace technology юм. Тиймээс ирэх жилүүдэд судалгаа, хөгжилд (R&D) үлэмж хөрөнгө оруулалт хийнэ” гэж байсан юм. Rockwell International группийн тэргүүн бөгөөд СЕО солонгос гаралтай америк Davis Dong тэмдэглэн хэлэхдээ: “e-manufacturing гэдэг нь дижитал технологид суурилсан е-бизнесийн моделиор жолоодон тухайлбал, үлэмж том цахилгаан станцын үйлдвэрлэлийг ч энэхүү хувьсгалын үр дүнд кибер орчинд буй болгосон цагт, үлэмж том үйлдвэрлэлийн бодит бүтээмжийг дараагийн түвшинд буй болгох болно” гэсэн байна. Энэ бол digital economy ажгуу.
“Кorea Telecom”-ын 2021 оны тавдугаар сард мэдээлснээр өндөр хурдны сүлжээний үйлчилгээнд тулгуурласан мэдээллийн суурь буюу дээд бүтэц (infrastructure) цогц бүрдсэн нь Солонгосчуудын амьдралын чанарыг үндсээр нь өөрчилж байгаа ажээ. Өндөр хурдны сүлжээний үйлчилгээнд интеграцчлагдсан 290 гаруй төрийн институци D-Government-ийг нэгэнт буй болгож, энэ нь солонгосчуудад хамгийн хурдан шуурхай засаглалын үйлчилгээг санал болгож байна. Өндөр хурдны сүлжээний үйлчилгээнд холбогдсон 200 гаруй их, дээд сургуулиуд өндөр зэрэглэлийн чанартай D-Education тогтолцоог буй болгожээ. 7.7 сая жижиг, дунд үйлдвэрлэгчид дижиталчлагдсан системд холбогдон D-Commerce-т суурилсан B-to-B-гийн гарцтай болсон байна. Дижитал технологид үндэслэсэн аж үйлдвэрийн хувьсгал ажлын байрны зах зээлийг эрс өргөжүүлж, нэмэгдсэн өртөг илүү өндөр шингээсэн бизнесийг буй болгов. Өндөр хурдны сүлжээнд суурилсан digital on-line эмнэлгийн үйлчилгээ амьдралын чанарыг эрхгүй өөрчилж байна. Энэ бүгдийн үр дүнд Шинэ мянганы эрин үеийн эхнээс Өмнөд Солонгос нь D-Society-г байгуулж байгаа ажээ.
Өнөөдөр дэлхийн улс орнууд дижитал оюун ухааны асар том өөрчлөлттэй тулгарч байна. БНСУ-ын Засгийн газар 2019 оны арванхоёрдугаар сард дижитал оюуны үндэсний стратегийг баталж, “Мэдээллийн технологиос цааш зохиомол оюунтай дэлхийн удирдагчийн зүгт” (Toward AI World Leader beyond IT) гэсэн алсын хараагаар дижитал технологийн хөгжлийг эрс эрчимжүүлэхийг зорьж байна. 2030 он гэхэд өрсөлдөх чадвар, дижитал оюун ухааны эдийн засгийн асар их үр нөлөөг бий болгож, хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулна гэж үзэж байгаа юм. Дижитал оюуны гурван чиглэлээр 9 стратегийн хүрээнд Засгийн газрын хэмжээнд хэрэгжүүлэх 100 үйл ажиллагааны зорилтууд н экосистем, дижитал оюуны хэрэглээ, хүн төвтэй дижитал оюунаас бүрдэж байна.
АНУ, ЕХ, БНСУ, Хятадын тэргүүлэх их сургуулиуд “Бүтээмэл оюуны бакалавр, магистрын түвшний боловсролын мэргэжлийн хөтөлбөрийг нэгэнт хэрэгжүүлж эхлээд байна.
Дижитал технологийн салбарт зах зээлийн судалгаа хийж, дүн шинжилгээ гаргах, мэргэжлийн өндөр зэрэглэлийн зөвлөгөө үзүүлдэг Global Вrands magazine зэрэг олон улсын нэр хүндтэй сэтгүүлийн 2023 оны чансааны үнэлгээгээр дэлхийн хөдөлгөөнт холбооны шилдэг 10 компанийн тэргүүнд Samsung Electronics, хоёрт, Apple Inc, гуравт, Хятадын Xiamoi, дөрөвт, Хятадын Oppo, тавд, Хятадын Vivo Communication Technology, зургаад, Хятадын Huawei, долоод, Хятадын Realme, наймд, АНУ-ын Google, ест, АНУ-ын Motorola Mobile, аравт, Хятадын OnePlus Technology компаниуд оржээ. Өмнөд Солонгосын LG зэрэг бусад үндэстэн дамнасан корпорацууд ч мөн адил дээгүүрт ордог.
Дэлхийн хөдөлгөөнт холбооны зах зээл дээр Samsung Electronics-ийн андройд үйлдлийн системтэй Galaxy S загварын гар утас баттай байр сууриа нэгэнт эзлэв. Samsung групп «хатуу диск уншигч» (DHH) үйлдвэрлэгч АНУ-ын Seagate technology хэмээх дэлхийн хамгийн том компанийн өндөр технологийн үйлдвэрлэл, Rolls-Royce Airbus A380 онгоцны Trent 900 загварын хөдөлгүүр, Boeing 787 Dreamliner-ийн төсөлд гол үүрэг гүйцэтгэж байна. Өмнөд Солонгосын biopharmaceuticals-ын салбарын хөгжил дэлхийд тэргүүлэх байранд нэгэнт гарч иржээ.
2024 оны нэгдүгээр сард Samsung Electronics хамгийн сүүлийн үеийн шинэ брэнд “Galaxy S24 Ultra”, “S24 Plus” ухаалаг гар утсаа танилцуулав. Samsung Electronics нь Galaxy хамгийн сүүлийн үеийн загваруудад дижитал оюуны системийг суулгажээ. Тухайлбал, утсаар ярих үед шууд орчуулах функцтэйгээс гадна камерын үзүүлэлтүүдийг үлэмж сайжруулсан байна.
ДНБ-тэй холбоотой шинэ судалгаанд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр БНСУ тэргүүлж байгаа юм. R&D-д хэн хөрөнгө оруулалт хийж байна, тэнд digital revolution явагдаж байгаа билээ. 2022 онд БНСУ-ын хувийн хэвшил болон Засгийн газрын судалгаа, хөгжилд (R&D) оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 112.64 их наяд вон (85.46 тэрбум ам.доллар) болсон нь өмнөх оныхоос 10.51 их наяд вон буюу 10.3 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
2022 оны дөрөвдүгээр сард ДНБ-тэй холбоотой шинэ судалгаа, төслүүдэд оруулсан хөрөнгө оруулалтын хувь хэмжээгээр БНСУ дэлхийд тэргүүлжээ. Энэ тухай тус улсын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа-холбооны технологи, ирээдүй төлөвлөлтийн яамны мэдээлснээр, ДНБ-тэй холбоотой шинжлэх ухаан-судалгааны болон туршилт-загвар бүтээх ажлын эрчимтэй байдлын үзүүлэлт БНСУ-д 4.55 хувьтай гарчээ. OECD-ын дундаж үзүүлэлт 2.37 хувьтай байжээ. Жагсаалтын хоёрт, Израиль, гуравт, Швейцарь улс орж, тус улсын дараагаар Швед, Япон, Австри, Дани, Герман, АНУ болон Франц улс бичигдсэн байна.
2019 оны зургаадугаар сард Харилцаа холбооны зургаадугаар үеийн 6G сүлжээний үндсэн технологийг хөгжүүлэх судалгааны төвийг нээсэн тухайгаа “Samsung” компани мэдэгдэв. 2024 оны хоёрдугаар сард 10 гүрэн 6G сүлжээг хөгжүүлэх үндсэн зарчмуудын талаар тохиролцож, тусгай тунхаглал баталсныг Испанийн Барселон хотноо зохиогдсон “Mobile World Congress” үзэсгэлэн нээгдсэнтэй холбогдуулан зарлажээ. Тусгай Tунхаглалд Австрали, Их Британи, Япон, Канад, БНСУ, Франц, Швед, Чех болон АНУ нэгдсэн байна.
БНСУ-ын эдийн засаг асар хурдацтай дижиталчлагдаж байгаа юм. Дижитал эдийн засгийн хөгжлийн үе шат гэдэг нь кибер орон зайд big data, ухаалаг төхөөрөмжүүдийн холболтоор үнэ цэнтэй цоо шинэ нэмэгдсэн өртөг үйлдвэрлэх үйл явц юм. Энэ бол бизнесийн цоо шинэ моделийг шинээр угсарч буй хэрэг даруй мөн. Тиймээс энэ бол цахим эдийн засаг биш, мөн тоон технологи ч биш юм. Дижитал эдийн засаг гэдэг нь нэгд, кибер орон зайд дээр суурилна, хоёрт, программ хангамж дээр суурилсан эдийн засаг юм, гуравт, application, plarform дээр суурилж байна. Дөрөвт, кибер хязгааргүй орон зайд ажиллах үйл явц болно.
Хагас дамжуулагч буюу чипний үйлдвэрлэл бол БНСУ-ын дижитал технологийн дэлхийд тэргүүлэх салбарын нэг. БНСУ-ын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн түүх 1965 оноос эхэлжээ. Өмнөд Солонгос 2022 онд дэлхийн хагас дамжуулагчийн зах зээлийн 17.7 хувийг эзэмшиж, 2013 оноос хойш 10 жил дараалан дэлхийд хоёрт Тайванийн дараа бичигдсэн хэвээр ч, зарим чиглэлээр нэгд бичигдаж байна. Тус улс 2024 оны байдлаар дэлхийн санах ойн хагас дамжуулагчийн зах зээлийн 60.5 хувийг эзэлж, DRAM-ын (Dynamic Random Access Memory) зах зээлийн 70.5 хувийг, NAND-ын (not and) зах зээлийн 52.6 хувийг эзэлж байгаа юм.
Мэдээж гол асуудал нь cyber ертөнцөд дижитал технологийн аюулгүй байдлыг найдвартай хангах тухай юм. Тиймээс 2002 онд «Кибер орон зайг террорист халдлагаас хамгаалах тухай хууль»-ийг БНСУ-ын хууль тогтоох дээд байгууллага Үндэсний Ассамблейгаас батлан гаргажээ.
Дижитал дипломатын хөгжлийн үе шатанд 2021 оны есдүгээр сарын 10-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ-Ин нар дижитал саммит хийж хоёр орны “иж бүрэн түншлэл”-ийн харилцааны түвшинг шат ахиулж, “стратегийн түншлэл”-ийн түвшинд хөгжүүлэхээр харилцан тохиролцсон нь дипломатын практикт гарч байгаагүй шинэ үзэгдэл болов. XXI зуунд хоёр улс “Стратегийн түншлэл”-ийн харилцаанд тулгуурлан улс төр, аюулгүй байдал; худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг; боловсрол, шинжлэх ухаан технологи, байгаль орчин, эрүүл мэнд; соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа; бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн таван тулгуур чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр тогтов.
Хоёр улсын төрийн тэргүүн нар БНСУ-ын тэргүүний технологи, Монголын байгалийн арвин нөөц зэрэг хоёр улсын давуу тал, хөгжлийн нөөц бололцоог ашиглан харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тогтов. БНСУ нь “Шинэ Умардын бодлого”-ын чухал түнш улс болох Монгол Улстай олон төрлийн хамтын ажиллагааны төслийг үргэлжлүүлэн эрэлхийлж, хөгжлийн албан ёсны тусламж үзүүлэх зэргээр цар тахлын дараах Монгол Улсын эдийн засгийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхийн сацуу “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл явцад хамтран ажиллахаар санал нэгдсэн юм.
БНСУ Монгол Улсын БНХАУ, ОХУ, АНУ-ын дараа орох дөрөв дэх худалдааны түнш улс хэвээр байна. Экспортын гол бараа бүтээгдэхүүнд молибдены хүдэр, баяжмал, мал амьтны самнасан үс, хялгас, импортод өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, машин, тоног төхөөрөмж орж байна. Хоёр орны худалдаа КОВИД-19 цар тахлын өмнө 2019 онд экспорт 27,815 сая ам. доллар, импорт 266,965.2 сая ам. доллар байсан бол 2021 оны байдлаар Монголын экспорт 223.4 сая ам. доллар, импорт 308.7 сая ам. доллар болж, БНСУ Монголын нийтийн экспортод 2.4 хувь, импортод 4.5 хувийн эзэлж, БНСУ-д экспортолсон барааны 68.2 хувийг алт эзэлж байсан нь экспортын бүтцэд гарсан шинэ үзэгдэл болсон байна. 2023 онд Монголоос БНСУ-д хийсэн экспорт 126,4 сая ам. доллар, импорт 415,1 сая ам. доллар болов. 2024 оны эцсийн байдлаар Монгол Улс, БНСУ-ын худалдааны эргэлт 667.9 сая ам.доллароор хэмжигдэж, үүнээс БНСУ-аас импорт 482.3 сая ам. доллар, Монголын экспорт 185.6 сая ам. доллар болж байна.
Монгол Улс, БНСУ хоёр Ази-Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн улсууд юм. 2021 оны нэгдүгээр сараас Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр хэлэлцээрийн анхдагч гишүүн БНСУ-тай зарим бараа бүтээгдэхүүнд татварын хөнгөлөлттэй худалдаа эхлэхээр болсон. Энэ хүрээнд БНСУ 2,797 бүтээгдэхүүнд тавих татвараа дунджаар 33.4 хувь бууруулах бол Монгол Улс 366 нэр төрлийн бүтээгдэхүүний татвараа 24.2 хувиар бууруулж, чингэснээр хоёр улсын худалдааны хэмжээ өсөн нэмэгдэнэ хэмээн үзэж буйгаа БНСУ-ын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Эдийн засаг, сангийн сайд Хон Нам-Ки 2020 оны аравдугаар сарын 30-нд мэдэгдэж байсан юм.
1990-2015 оны эцсийн дүнгээр Өмнөд Солонгосын 2.309 мянга гаруй хамтарсан болон дагнасан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгэгдэн Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж, нийт оруулсан хөрөнгийн нийт хэмжээ 755.3 сая ам. доллароор хэмжигдэж, 6.3 хувь буюу Монгол Улсын дөрөв дэх хөрөнгө оруулагч улс болов. Гол чиглэл нь худалдаа, нийтийн хоол, геологи, уул уурхай, мэдээлэл холбоо, эрүүл мэнд, боловсролын салбар болно. 2018 эцсийн байдлаар БНСУ-аас Монгол Улсад оруулсан ГШХО-ын үлдэгдэл 452.6 сая ам.доллар, ГШХО-ын орох урсгал 23.5 сая ам.доллар болсон байна.
БНСУ Монгол Улсад 1991 оноос буцалтгүй тусламж, 1993 оноос хөнгөлөлттэй зээл олгож иржээ. 1991-2015 онд нийт 50 гаруй төсөлд 114.9 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон ба энэ нь Монгол Улсад үзүүлсэн гадаад тусламжийн 7 хувь болж бусад орнуудтай харьцуулбал 5 дугаарт орох үзүүлэлт болсон байна. 1999 оныг хүртэл 10 дугаар байранд явж иржээ. 1993-2010 онд нийт 85 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 8 төсөлд олгосон бол Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2015-2018 онд олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох тухай Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 55.5 сая ам.долларын “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв”-ийг Нэгдсэн II эмнэлгийг түшиглэн байгуулах төсөл амжилттай хэрэгжиж 2019 оны долоодугаар сард ашиглалтад орж, ХАА, мэдээлэл холбоо, байгаль орчин, улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төсөл, боловсролын салбарт 19.6 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Ухаалаг боловсрол төсөл” 2015 оноос хэрэгжиж эхэлжээ.
БНСУ-ын Эксим банкны 300 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлээр 10 (Хэнтий, Сүхбаатар, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Говьсүмбэр) аймагт барих барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Byucksan Engineering Group” компани шалгаран ажиллаж байгаа бөгөөд 2022 оны тавдугаар сараас төслийн ажил эхэлжээ. Дээрх дулааны станц нь технологийн хувьд аймгийн төвд автомат удирдлагын систем бүхий хүрээлэн буй орчинд бохирдол багатай 30 Гкал/ц хүчин чадалтай нүүрсээр ажилладаг дулааны станц, 400-80 мм-ийн голчтой 18 км урт дулаан дамжуулах шугам, 1.1-4.5 Гкал/цагийн хүчин чадалтай 16 дулаан дамжуулах төв бүхий төвлөрсөн дулаан хангамжийн системийг буй болгож байгаа юм. Шинэ технологийн зуух нь хамгийн бага илчлэгтэй нүүрсийг ч бүрэн шатаах ашигт үйлийн коэффициент (85-90 хувь) өндөртэй тул нүүрсний хэрэглээг 40 гаруй хувь, үнсний гаралтыг 25 хувь хүртэл бууруулах юм. Энэхүү станцаас ялгарах утаанд илүү нарийн шаардлага бүхий БНСУ-ын агаарын чанарын стандартыг мөрдөх ажээ. Тухайлбал одоо ажиллаж байгаа дулааны станцуудын дундажтай харьцуулахад утаанд агуулагдах хүхрийг 80 хувь, азотыг 75 хувь, тоосонцрыг 99 хувь, нүүрсхүчлийн хийг 50 гаруй хувиар тус тус бууруулахаар байгаа нь агаарын бохирдолтой тэмцэх Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай бүрнээ нийцэж байгаа юм.
Нийгмийн хамгааллын хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газрын хооронд 2006 оны тавдугаар сард Улаанбаатар хотноо гарын үсэг зурж, 2006 оны зургаадугаар сард УИХ, 2006 оны арванхоёрдугаар сард БНСУ-ын Үндэсний Ассамблей соёрхон батламжилж, 2007 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн Монгол Улсын иргэдийг тус улсын тэтгэврийн даатгалаас чөлөөлсөн юм. Хоёр орны Засгийн газрын хооронд байгуулсан дээрх “ Нийгмийн хамгааллын хэлэлцээр” нь БНСУ-д ажиллаж буй монгол иргэдээ өөрийн орны тэтгэврийн даатгалд хамруулж, тэдний ирээдүйн амьдралын нийгмийн баталгааг хангах, тэтгэврийн даатгалын шимтгэлийг давхардуулан төлүүлэхгүй байх зорилгоор 2007 оны гуравдугаар сараас эхлэн Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн даатгалын Ерөнхий газар Сөүлд Төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж эхэлсэн юм.
2023 оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, худалдааны саад тотгорыг багасгах зорилгоор хамтарсан судалгааны үр дүнд суурилан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн яриа хэлэлцээг 2023 онд эхлүүлэв.
2023 оны тавдугаар сард Улаанбаатар хотноо Монгол Улс, АНУ, БНСУ-ын гурван талт хамтын ажиллагааны шинэ форматын үндэс суурь тавигдав. Анх удаа зохион байгуулагдсан уулзалтаар талууд бүс нутаг болон олон улсын аюулгүй байдлын харилцан сонирхсон өргөн хүрээний асуудлаар санал солилцож, тээвэр ложистикийн сүлжээ, эрчим хүч, эрдэс баялаг, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллахаар тогтсон байна.
Дээрх Хамтарсан мэдэгдлийн дагуу АНУ, Монгол, БНСУ гурван талын чухал ач холбогдолтой ашигт малтмалын асуудлаарх анхны яриа хэлэлцээ 2023 оны зургаадугаар сард Улаанбаатарт болж, тус арга хэмжээний үеэр Монгол Улсын хэмжээнд ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан талбай нийт нутаг дэвсгэрийн 75 хувийг эзэлж байна, цаашид Монгол Улс өөрийн ашигт малтмалын хэтийн төлөвийг судалж, дэлхийн хэмжээнд нийлүүлэлт дутмаг ашигт малтмалыг олборлох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байгаа тухай мэдээлсэн юм. Уулзалтаар уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт татах, ашигт малтмалын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгын хүрээнд чухал ашигт малтмалыг онцлон хэлэлцэв.
2023 оны арваннэгдүгээр сард Монгол Улс, БНСУ газрын ховор металл, бусад чухал ашигт малтмал нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах Хамтарсан Хороог байгуулав. Хоёр тал БНСУ-аас Монгол Улсад үзүүлэх хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд газрын ховор элементийн салбарт түншлэх Хамтарсан Төв байгуулах төслийг энэ үеэр эхлүүлэв. “Энэхүү төсөл нь Монгол Улсын хувьд газрын ховор металлыг нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон хувиргах, Солонгосын талд дотоодын нийлүүлэлтийн сүлжээгээ бэхжүүлэх боломжийг бүрдүүлнэ гэдэгт найдаж байна” гэж Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний дэд сайд Ий Хо-Хён Улаанбаатарт болсон ёслолын үеэр мэдэгджээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны хоёрдугаар сард БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Газрын ховор элемент нийлүүлэх сүлжээнд Хамтран ажиллах тухай Харилцан Ойлголцлын Санамж бичгийг хоёр тал байгуулсан ба хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын ховор элементийн судалгааны Төвийг тийнхүү байгуулсан нь хоёр улсын стратегийн түншлэлийн чухал хэсэг гэж үзсэн юм.
Ийнхүү Монгол Улс Зүүн хойд Азийн бүх улсуудтай стратегийн түншлэл тогтоосон цорын ганц улс болж байна. Зүүн хойд Азийн бүс нутаг нь олон талаараа зөрчилтэй, олон янз боловч харилцан шалтгаалсан, бие биедээ зайлшгүй шаардлагатай, бүхэл бүтэн дэлхий ертөнцийн салшгүй бүрэлдэхүүн дэд бүс нутаг билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
|