Монгол, Солонгосын харилцаа 1,030 жилийн тэртээгээс эхэлнэ

Г.Мөрөн, iKon.mn
Өчигдөр 9 цаг 13 минут
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулан Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор, Хүндэт дипломат Д.Уламбаярын бичсэн өгүүллийг хүргэж байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав


БНСУ-ыг солонгос хэлнээ Тэ Хан Мин Гүк (대한민국, 大韓民國), харин монгол хэлнээ орчуулбал “Их Хан Үндэстэн Улс” хэмээх ажгуу. Олон улсын харилцаанд хоёр Солонгосыг ялгахын тулд газарзүйн байршлаар нь Хойд, Өмнөд Солонгос хэмээн голдуу нэрлэж заншсан бөлгөө. БНАСАУ-ыг солонгос хэлнээ Чусонь Минжүжүи Инмин Кунхуагүк (조선민주주의인민공화국, 朝鮮民主主義人民共和國), харин монгол хэлнээ орчуулбал “Чусоны Ардчилсан Ардын Эв хамт Улс” хэмээмой. Тиймээс хойдуул нь урд талаа Өмнөд Чусонь, өмнөдүүл нь умард талаа Хойд Хангүк хэмээн нэрлэж иржээ. Чусонь, Хангүк хэмээх нэрний аль аль нь солонгосын эртний улсуудын нэр болой.

Монгол, Солонгос хоёр түүх, соёлын өнө эртний түүхэн уламжлалтай. Бүр МЭ 995 онд Кидан гүрэн Гуулин улстай соёлын харилцаа тогтоож, тус улсаас 10 хүүхдийг түүх, хэл сурахаар Монгол нутагт илгээж байсан мэдээ Солонгосын түүхийн сурвалж бичигт гарч байгаа нь одоогоор гадаад улсаас монгол угсаатны хэл, соёлыг албан ёсоор сургахаар төрийн бодлогын түвшинд арга хэмжээ авч байсан тухай хамгийн анхных нь мэдээ болж байна. Хоёр тал 1995 онд 1000 жилийн ойг нь МУИС-ийн ОУХДС, БНСУ-ын Тангүк их сургуулийн Монгол судлалын салбар Улаанбаатар хотод өргөн дэлгэр тэмдэглэсэн билээ. Энэ жил энэхүү түүхэн үйл явдлын 1030 жилийн ой тохиож байна.

зураг
 
МЭ 995 онд Корёгоос арван хүүхдийг Кидан гүрэн (契丹國) (907-1125)-д монгол хэл сурахаар илгээсэн тухай Солонгосын түүхийн эх сурвалж
зураг
 
Гуулин улсын судар 31-р дэвтэр 고려사(高麗史) 권31
зураг
 
Гуулин улсын судар, Тайлбар 21-р дэвтэр 고려사절요(高麗史節要) 권21
зураг
 
Зүүн гүрний цэргийн толь 동국병감(東國兵鑑)

Солонгосын хойгт оршин тогтнож байсан хамгийн эртний төрт улс нь Чусонь бөгөөд МЭӨ V-IV зуунд нэлээд хөгжсөн улс байжээ. Нийтийн тооллын эхний хэдэн зуун жилд Солонгосын хойг дээр Когурё, Пэкже, Шилла гэсэн эртний төрт улсууд үүсч оршин тогтнож байгаад Х зууны эцсээр хойгийг бүхэлд нь нэгтгэсэн Корё улс байгуулагджээ. Энэ үеэс Солонгосыг Өрнө дахинд “Korea” хэмээн нэрлэсэн байх агаад харин Дорно дахины зарим улс түмэн “Гаоли” буюу “Гуулин” улс гэж дуудаж түүх сударт тэмдэглэжээ. “Монголын нууц товчоо”-нд гардаг “Солонгос” гэдэг үгийн гарлыг зарим судлаачид янз бүрээр тайлбарласан байдаг. Тухайлбал, монгол хэлний “солонго” гэдэг үгнээс үүсэлтэй гэх ба “ханбүк” хэмээх солонгос үндэсний хувцасны ханцуйг өнөө хэр солонгын өнгөөр ялган эмжиж хийсэн байдагтай холбодог байна. Өөрөөр тайлбарлах нь ч бас буй.

Хоёр орон дэлгэр харилцаатай байсан XIII зуунд Гуулин улсын гадаад харилцааны албанд ажиллах түшмэдээс монгол хэлний шалгалт авдаг байсан тухай Гуулин улсын дипломатын түүхийн сударт ((고려사(高麗史)) тэмдэглэжээ. Энэ нь дурдсан үеийн олон улсын харилцааны гол хэл нь монгол хэл байсныг харуулж байна. XVII зууны туршид Энх-Амгалан хааны үед Монгол, Оросын эзэнт гүрэн, Манж Чин гүрний хооронд явагдаж байсан дипломат яриа хэлэлцээний үндсэн хэл нь аанай л монгол хэл байсныг түүхч С.Чулуун “XVII зууны Монголын гадаад ертөнц: Орос, Манж чин улсын харилцааны түүх” хэмээх түүхийн шинжлэх ухааны докторын зэрэг горилсон бүтээлдээ бичжээ. ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал асан ШУ-ы доктор Ц.Цэрэндоржийн хийсэн өөр нэг нотлох баримтаас үзэхэд монгол хэлийг Чусонь гүрний үед 500 жил судалж байжээ. Монгол гүрний уналтын үед ч заавал дөрвөн хэлний нэг болгон монгол хэлийг үргэлжлүүлэн судлах болсон шалтгаан нь эзэнт гүрэн дахин хүчирхэгжих болов уу гэсэн бодол, санаа зовнилтой холбоотой байсан” гэсэн байна

Чингис хаан бээр XIII зууны эхээр хаяа хаяагаа хатган оршсон Монгол угсааны олон ханлиг, аймгуудыг Мөнх тэнгэрийн хүчин дор, өөрийн авьяас билэг, их суу залиар нэгэн өрх гэрт нэгтгэж, эсгий туургатан улс энх шударга болсноор монголчууд дэлхийн түүхийн тавцанд бие даан гарч ирсэн нь Монгол ба хөрш орнуудын харилцааны шинж чанарыг хувирган өөрчилсөн төдийгүй Төв Ази, цаашлаад Дорно, Өрнийн олон улсын харилцаанд чанарын үндсэн өөрчлөлтийг оруулжээ.

Тухайн үеийн дэлхий дахины нөлөө бүхий улс орнууд Монголын хаадтай харилцах болсон нь үнэн хэрэгтээ Монголын төрийг хүлээн зөвшөөрсөн хэрэг байв. Нөгөө талаар Евразийн өргөн уудам нутгийн олон улс орныг эрхшээл нөлөөндөө оруулж Дорно, Өрнийн хэрэгт үлэмж эрх мэдэл бүхий болсон Монгол гүрний оролцоогүйгээр олон улсын харилцааны аливаа нэгэн асуудлыг шийдвэрлэх, тэр зүгээс ямар хандлага байгааг харгалзан үзэхгүйгээр улс хоорондын яриа хэлэлцээр байгуулах нь бэрхтэй болсон явдал энэ үеийн олон улсын харилцааны үндсэн онцлог байсан нь тодорхой юм. Их Монгол Улсын гадаад бодлогын номлол, дипломат ажиллагааны зорилго, чиглэл цаашид боловсрон хөгжихөд тухайн цаг үеийн олон улсын байдал, суурьшмал хөрш орнуудын зүгээс Монголын төр улсын талаар баримталж байсан дайсагнасан бодлого, хандлага хүчтэй нөлөөлж байв. Тиймээс ч Монгол Улс хүчирхэгжин мандах цаг дор дэлхийг нийтээр нь нэг засаг, төрийн мэдэл дор илбэн тохинуулах бодлого явуулж, Евразийн өргөн уудам орон зайд Монголын Их амар амгаланг цогцлоожээ. Япон тэнгис, Солонгосын хойгоос Ариун Ромын эзэнт улсын хил, Адриатийн тэнгис хийгээд Ойрхи Дорнод, Египет хүртэл, Ява, Суматари арлаас Байгаль далай ба Саяны уулсыг өнгөртөл өргөн уудам газар орныг эрхэндээ оруулж, цаана нь үлдсэн хэсэгт үлэмж нөлөөтэй болсон тул эзэнт гүрний гадаад бодлого, дипломат ажиллагаа нийт Евразийн олон улсын харилцааны чиг хандлагыг тодорхойлох болж иржээ.

Корёгийн үеийн хаад ноёд Юань гүрэнтэй худ ургийн холбоотой байжээ. Тиймээс ч Монголын эзэнт гүрэнд эзлэгдсэн Алтан улс, Төв болон Дундад Азийн орнууд, Орос улс Чингис хаан, түүний дараах үе залгамжлагчдын хатуу хяналтад байсан бол Корё нь “хүргэн улс”-ын хувьд харьцангуй эрх дархтай, онцгой харилцаатай байжээ. “Монголын нууц товчоо” судлаач доктор Б. Сумьяабаатар бээр Чингис хааны алтан ургийн элэнц эх Алангуа нь “Кори” үндэстэн бөгөөд энэ бол “Корё” юм гэж нотлох болжээ. Юань гүрний сүүлчийн хаан Сунчэгийн эх ч Корё үндэстэн байсан гэж олонхи судлаачид үздэг байна. Юань гүрний Корёгоос аваачсан охид бүсгүйчүүдийн тоо 200 мянгаас давсан гэсэн эх сурвалж байх агаад тиймээс Монголчууд Солонгосыг “ээж улс” гэж нэрлэж байсан байж болох талтай.

XIII зуун буюу «Монголын нууц товчоо» зохиогдсон 1240 оноос 20 жилийн өмнө буюу 1221 онд «Чингис хааны 13 элч Солонгост ирснээс нэг нь эмэгтэй байлаа» гэж Корёгийн гадаад харилцааны түүхийн эх сурвалжид (고려사(高麗史) тэмдэглэсэн баримтыг доктор Б.Сумьяабаатар бүр 1970-аад онд бичсэн судалгааны бүтээлдээ анх эшилсэн байдаг. Энэ баримт нь олон улсын харилцаа, дипломатын түүхэнд анхны эмэгтэй дипломат элч нь монгол эмэгтэй байсан байх магадлалыг маш өндөр болгож байна.

Монголчуудын соёлын түүхэнд холбогдох олон чухал мэдээ, сурвалж сайхь улсын түүхийн сурвалжид бий. 1221 онд Чингис хаанаас Солонгост илгээсэн өөр нэг зарлигийн жуух бичигт «Танайх бийр, бэх, бичгийн цаас зэрэг хэрэгсэл, гүргэм зэрэг эмийн ургамлыг илгээ» гэж өгүүлжээ. Мөн «1218 онд Монгол цэрэг Солонгосын элч ирэхэд хөгжим үүсгээд наргиад сууж байлаа» гэсэн дипломат ёслолын сонирхолтой мэдээ бас буй.

Ер нь XIII-XIY зууны үеийн Солонгосын түүхэн сурвалжид Монголын тухай хаана ч байхгүй ховор нандин тэмдэглэлүүд үлджээ. Монголчуудын хууль цаазын бичгээс XIII зууны үеийн Чингис хааны «Их засаг» цаазын бичмэл эх бүрнээрээ огт олдоогүй. Тэгвэл 2003 онд БНСУ-ын хуучин нийслэл Кёнжү хотын Сун овогтын хувийн цуглуулгаас хуулийн эмхтгэлийн тодорхойгүй байсан зарим хэсэг олдсоныг доктор Б.Сумъяабаатар тайлбар, зүүлтийн хамт хоёр боть болгон Сөүл хотноо 2012 онд хэвлүүлснийг энд дурдууштай.

БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Дэ-Жүн 1999 оны тавдугаар сард Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийх үеэрээ УИХ-д үг хэлэхдээ: Чингис хааны үед 1219 онд “Хоёр улс үүрдийн ахан дүүс болж үеийн үед энэ өдрийг мартахгүй байя” гэсэн нөхөрсөг тангараг тавьж, холбоотны харилцаа тогттоож байсныг эш татан тэмдэглэж байсан билээ. Тухайн үед монголчууд киданы үлдэгдэл цэргийг үлдэн хөөх явцдаа Корё улсын нутагт орж ирсэн бөгөөд хоёр улс Кандон хотод цэргийн хамтарсан ажиллагаа явуулж, кидан нарыг илбэн тохинуулж тун удалгүй Монгол, Корё улсын хооронд “Ах дүүгийн гэрээ” (형제맹약) байгуулсан агаад үүнийг хоёр улсын хооронд тогтсон хамгийн анхны албан ёсны харилцаа гэж үздэг бөлгөө.

Сүүлд Нэгдсэн Монгол Улсын элчийг хороосон хэрэгт ял асууж Корё улс руу 1231-1233 онд гурвантай цэрэглэж, холбоотны харилцаагаа бататгахыг эрмэлзэж, үүнд саад болж байсан Зүрчидын Алтан улсыг дайлан мөхөөсөн юм.

Солонгосын хойгийг илбэн тохинуулах хэрэгт монгол цэргийн жанжин цэргийн дипломатч хорчи Саридай (1191-1232) чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. 1229 оны Их хуралдайгаар Монголын элчийг хөнөөсөн хэрэгт ял асууж, Солонгосыг дайлаар морьдох шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийн дагуу Саридай жанжины цэрэг 1231 оны наймдугаар сарын 29-нд Амнук голыг гаталж, Хам Шин Жин цайзыг бүслэн хааж, ял асуун “...улам бат хамгаалж, чадвал хамгаалцгаа. Бууж өгч мөргөж чадвал мөргөцгөө. Сөргөлдөн байлдаж чадвал байлдацгаа. Гагцхүү хурдан шийдэх хэрэгтэй байна” хэмээн мэдэгдэж байсан нь Гуулин улсын түүхийн сударт тэмдэглэгдэн үлджээ.

Солонгосын ван Кожон бээр Их Монгол улсын Далай хаан, цэргийн жанжин хоёрын тулган шаардсан захидлыг хүлээн авч сайд жанжин нартайгаа зөвлөлдсөний эцэст бууж өгөхөөс өөр зам байхгүй гэж шийджээ. Чингээд юун түрүүнд бууж өгөхөө илэрхийлсэн элчийг Саридай жанжинд зарж, элчийг хааны ордны нөлөө бүхий түшмэл Ван Чөнь толгойлжээ. Тэрбээр маш их хэмжээний бэлэг сэлттэй иржээ. Басхүү бусад хотуудыг бүслэн байлдаж буй Монгол жанжин Тангад, Дэчүү, Буутаа нарт ч аанай л нэгэн адил элчийг довтолгож, хүндэтгэл үзүүлэн бэлэг сэлт хүргүүлжээ. Алт мөнгөн эдлэл, минж, булгийн арьс, торго, бөс даавуу зэрэг тэргүүтнийг оролцуулсан их хэмжээний бэлэг хүргүүлсэн байна.

Их хаан Өгэдэйд солонгосын ван Кожоноос амар мэндийг айлтгасан захидал илгээж, бууж өгсөн тухайгаа давхар уламжилсан байдаг. 1231 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Саридай жанжин захирамж гаргаж, дайны ажиллагааг зогсоожээ. Чингээд солонгосын хот, муж, дүүрэгт 72 Монгол захирагч нарыг томилон суулгажээ. 1232 оны эхээр Саридай жанжин цэргээ авч буцахад Ван Чөнъ нар өндөр түвшинд үдэж мордуулжээ. Гэтэл солонгосчууд найрамдлын гэрээгээ үл сахин ёсгүй аашилж, нийслэлээ Пёньянгаас Каньхуа арал уруу нууцаар нүүлгэж, Монгол захирагч нарыг хөнөөжээ. Энэ түгшүүрт мэдээг сонсоод Их хаан Өгэдэй Саридай жанжинг цэргээ авч дахин Солонгосыг дайлах зарлиг буулгажээ. Саридай жанжин хоромхон зуур Солонгосын гүнд цөмрөн оржээ. «Гуулин улсын судар»-ын 24 дугаар дэвтэрт тэмдэглэхдээ: “Яагаад урван тэрслэх болов. Ямар учраас нийслэлээ нүүлгэв. Юунд захирагч ноёдыг алав” хэмээн ял асуусан захидалтай элчийг Солонгост довтолгожээ.

Саридай жанжин 1232 оны наймдугаар сард Солонгост хоёрдахь довтолгооноо эхлүүлж, 1232 оны арванхоёрдугаар сарын 16-нд онцгой ширүүн тулалдаан Чоинъ хотын дэргэд болсны дараа «Монгол хааны амилсан дүр», «Дийлдэшгүй баатар», «Корёгийн хувь заяаг шийдэгч их жанжин» гэх зэргээр түүний нэр Солонгос даяар алдаршин түгжээ.

Саридай жанжин Чо Ин-Сон хотын дэргэдэх тулааны үеэр тэнэсэн суманд өртөн амь үрэгдсэн тухай Гуулин улсын судар”-т тэмдэглэсэн байна. Харин “Саридайг ид шидийн хүчээр харваж ална” хэмээн цуурхаж байсан Ким Юн-Ху хэмээгч нэгэн солонгос хуварга үүнийг өөрийн нэр хүндээ өсгөх хэрэгт сүрхий ашигласан гэж үздэг. Саридай жанжиныг “Гуулин улсын судар”-т «улсын тайш» хэмээн Мухулай жанжинтай адилтган бичснийг япон судлаач Мацуда Коичи сонирхолтой дүгнэлт гэж үзсэн нь буй. Саридайн дэд жанжин Төгөө түүнийг алагдсанд ихэд гашуудан цэргээ авч буцав гэж “Гуулин улсын судар”-т бичжээ. Их хаан Өгэдэйн зарлигаар Солонгост цөмрөн орж ирсэн Монгол цэргийн хоёрдахь дайны ажиллагаа тийнхүү түр зогсчээ.

Солонгосын түүхийн сурвалж бичгүүд тухайлбал, “Гуулин улсын судар”, “Зүүн гүрний цэргийн толь” зэрэгт Салитай, “Юань улсын судар”-т Саридай, Сартаг хорчи, Жарадай гэх зэргээр янз бүрээр бичсэн байдаг. «Монголын нууц товчоо»-нд “Жалайрдай хорчи цэрэг удирдан Солонгосыг довтлов” гэж тэмдэглэсэн нь буй. “Гуулин улсын судар-т Саридай жанжины Солонгост явуулсан хоёр удаагийн цэрэг-дайны ажиллагааны талаар дэлгэрэнгүй өгүүлсэн юм.

Монголчууд Корё улсыг 1246, 1253, 1254 онд дахин дайлж, тийнхүү 1259 он буюу Кожон вангийн 46 оны дөрөвдүгээр сард Корёгийн хунтайжийг Тулуйн хүү, Монголын их хаан Мөнх бээрт бараалхах болзолтойгоор “Найрамдлын гэрээ”-г шинээр байгуулж, 30 шахам жил үргэжилсан дайныг эцэслэн “Өргөмжлөл хүртэн, алба барих” ” (책봉-조공 관게) олон улсын харилцааны өвөрмөц харилцаа тогтоосноор Корё улс ч өөрийн төр улсаа амжилттай хадгалж үлдэж чаджээ. Монгол-Корёгийн найрамдлын гэрээ байгуулсны ач холбогдол үүнд л оршино хэмээн солонгосын судлаачид үздэг байна.

1219 онд төрж 1260-1274 онд Корёгийн 24 дэх захирагч байсан угсаа залгамжлагч хунтайж Вон Чөнъ Монголын голын улсын төв мөхлөгт ирэх үед их хаан Мөнх тэнгэрт хальж, Хубилай, Аригбөх хоёр хаан ширээний төлөө тэмцэлдэж байжээ. Тийнхүү Корёгийн хунтайж бээр тээнэглэж байх зуур Сүн улс (宋朝 960–1279) руу хийх довтолгооноо зогсоон умард зүг цэргийн хүчээ эргүүлсэн Хубилай хаантай биеэр учирчээ. Хунтайжтай уулзсан Хубилай хаан “Корё улс түмэн газрын их улс билээ. Тан улсын Тайцзун бээр ч өөрийн биеэр дайлаар мордоод ч эрхэндээ оруулж чадаагүй атал эдүгээ түүний хунтайж өөрөө над дээр ирсэн нь тэнгэрийн таалал ажээ” хэмээн ихэд талархсан тухай эх сурвалжид тэмдэглэжээ. Корёгийн хунтайж Хубилай хааны өргөөнд байх цаг дор Корёд Кожон ван бие барсан тул Хубилай хаан бээр хунтайжийг Корёгийн ванд өргөмжилж “нэг ч цэргийг зовоолгүйгээр, нэгэн улсыг олж байгаа хэрэг” хэмээж Монголын их хааны адил “жүнтун” хэмээх оны чимэгийг ч хэрэглүүлэх болж, “Өргөмжлөл хүртэн, алба барих” харилцааны үндэс суурь тийнхүү тавигдсан ажээ.

Монголчуудын түүхтэй холбоотой нэгэн чухал дурсгалт хөшөө Өмнөд Солонгост байдаг. Чин гүрэн ялгуулсан ялалтаа мөнхжүүлэх зорилгоор Сөүл хотоос өмнө этгээдэд орших Самжен-до дүүрэгт Манжийн богд хааны цэргийн сүр хүч, эрдэм билгийн яруу алдрыг дуурсгасан нэгэн гэрэлт хөшөөг 1640 онд босгожээ. Энэхүү гэрэлт хөшөөний бичээсийг монгол, манж, солонгосын эртний нанхиад буюу хятад ханз гурван хэлээр бичсэн байдаг. Сийлбэрт хөшөөг яст мэлхийн чулуун дээр суурилуулан босгожээ. Бичээсийн агуулга нь манжийн хаан Солонго[c] улс элдэв шалтаг өдөөн дайтсанд тэд дэд дэдээр ялагдаж, манж, монголын цэргийн хүчний өмнө Солонго улс «түргэн салхинд намрын цагт модны навчис унах мэт, галын илчинд шувууны өрвөлөг түлэх мэт» болж, ван бээр сайд, түшмэд нараа дагуулан ирж гэм буруугаа үүрч бууж өгсөн, манжийн хааны өршөөл нь «өвлийн цас хаврын цагт гэсэх мэт, гандсан газар хур орсон мэт, хувхай ясанд мах бүтсэн мэт, өвлийн үндэс хаврын цаг лугаа учралдсан мэт болов» гэх зэргээр шүлэглэн өгүүлсэн байдаг ажгуу. Өдгөө сайхь гэрэлт хөшөөг Самжен-до дүүргээс Сөүлийн Чамшил-до дүүрэгт шилжин байрлуулсан болой.

Тусгайлан тэмдэглэхэд энэ хөшөөний онцлог нь Манж нар Солонгосыг хоёрдахь удаагаа дайлаар морьдоход нэгд, монгол цэрэг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн, хоёрт, хөшөөний бичээсийг юун түрүүнд монгол бичгээр бичсэн, гуравт, Их Монгол Улсын үед гэрэлт хөшөөг урт наслахын бэлэгдэл болгож яст мэлхийн нуруун дээр суурилуулж байсан уламжлалыг хэвээр хадгалсан эдгээр болно.

ХХ зууны эхээр Монголд хэвлэгдэж байсан зарим сонин, сэтгүүлд Чусонь улсыг “Өглөөний амгалангийн орон” гэж нанхиад ханзных нь монгол орчуулгаар нь тэмдэглэж, нэрлэж байв.

1988 оны Сөүлийн зуны XXIV олимпын өмнөхөн БНСУ “Умардын бодлого”-ыг зарлан тунхагласан юм. Сайхь бодлогын мөн чанар нь Хойд Солонгосын хамгийн ойрын холбоотон коммунист орнуудтай дипломат харилцаа тогтоож, олон улсын харилцаанд өөрийн улс төрийн байр сууриа бэхжүүлэх, Хойд Солонгосыг нээлттэй болгох, үндэсний нэгдлийг хэрэгжүүлэх, улам бүр өсөн нэмэгдэж буй эдийн засагт хэрэгцээтэй түүхий эд, борлуулалтын хийгээд санхүү, хөрөнгө оруулалтын шинэ зах зээл нээхэд оршиж байв. Дурдсан санаачилгыг Азийн социалист орнуудаас эн тэргүүнд Монгол Улс угтан авч 1990 оны гуравдугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоож, БНМАУ-ын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат 1991 оны аравдугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч Но Тэ-Үүгийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийсэн юм.

Өнөөдрийн БНСУ бол Монгол Улсын “гуравдагч хөрш”, стратегийн ойрын түнш орон юм. Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хамгийн том үр дүн нь 1990 оноос хойш Монгол Улсын 3.5 сая иргэнд үр шим, өгөөжөө бодитойгоор, хүртээмжтэйгээр өгсөн Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааны хөгжил даруй мөн.

БНСУ бол Монгол Улсын гадаад худалдаанд гуравдугаар байр, гадаадын хөрөнгө оруулалтад дөрөвдүгээр байр эзэлж байгаа ажээ. 1999 оны тавдугаар сард Ким Дэ-Жүн Ерөнхийлөгч айлчлалаар хоёр орны хооронд “харилцан нөхсөн хамтын ажиллагаа, хөгжлийн түншлэл”, 2006 оны тавдугаар сард Ну Мү-Хён Ерөнхийлөгчийн айлчлалаар “сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”, 2011 оны наймдугаар сард Ий Мён-Пак Ерөнхийлөгчийн айлчлалаар “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, 2021 оны есдүгээр сарын 10-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч нар виртуал саммит хийж “Стратегийн түншлэл”-ийн эрхзүйн үндэс суурийг баттай тавьсан нь дипломатын түүхэнд шинэ зүйл болсон билээ.

зураг
 

 

Үргэлжлэл буй...

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг