Н.Туул: Монголчуудын хоол боловсруулах замаас сайн төрлийн бактери илүү илэрдэг. Ялангуяа хөдөөд...

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Тархи судлалыг таниулах долоо хоног"-ийн нээлт Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-д өнөөдөр зохион байгуулагдлаа.

Энэ үеэр “Хоол хүнсний хэрэглээ тархины үйл ажиллагаанд нөлөөлөх нь” сэдэвт илтгэлийг Биологийн ухааны магистр, НЭМС-ийн Шим тэжээл судлалын тэнхимийн багш Н.Туул дараах байдлаар танилцууллаа. 

Түүний танилцуулсан илтгэлээс тоймлон хүргэе. 



"Гэдэсний хана дагуу 500 сая гаруй мэдрэлийн эс байрладаг" 

Монголчуудын хооллолт сүүлийн жилүүдэд асар их өөрчлөгдөж байгаа.

20 жилийн өмнө мал аж ахуй эрхэлдэг хүмүүс олон байсан. Харин одоо талаас илүү хувь нь орон сууцанд суурин амьдарч байна. Энэ нь хооллолтын хэрэглээнд ч давхар өөрчлөлтийг авчирч буй. 

Хүний тархи хоол боловсруулах замтай холбоотой. Гэдэс бол хоёр дахь тархи юм.

Таны гэдэс зөвхөн хоол боловсруулаад зогсохгүй тархитай шууд харилцаж, сэтгэл санаа, сэтгэцийн эрүүл мэнд, шийдвэр гаргалтад хүртэл нөлөөлдөг. Энэ онцлогийг эрдэмтэд гэдэсний мэдрэлийн тогтолцоо (Enteric Nervous System) гэж нэрлэдэг.

Гэдэсний хана дагуу 500 сая гаруй мэдрэлийн эс байрладаг.

"Аз жаргалтай, сэтгэл санааг сайхан болгох, нойрны мөчлөгийг зохицуулах серотинин дааврын ихэнх хэсэг гэдсэнд байдаг"

Хүний гэдэсний гадаргууд мэдрэлийн маш олон эс байдаг. Хүмүүсийн бие дэх бактерийн хэмжээ харилцан адилгүй. Хамгийн багадаа 1.5 килограммаас гурван килограмм хүртэл ашигтай бактери хүний гэдэс дотор бий.

Тэдгээр ашигтай бактери нейротрансмиттер гэдэг зүйлийг нийлэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл GABA, серотонинь допамин гэсэн даавруудыг ялгаруулж, тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг гэсэн үг. 

Ялангуяа аз жаргалтай, сэтгэл санааг сайхан болгох, хоолны дуршлыг нэмэгдүүлэх, нойрны мөчлөгийг зохицуулах серотинин гэх дааврын ихэнх хэсэг гэдсэнд байдаг.

Тодруулбал серотонины 90 хувь нь гэдсэнд нийлэгждэг. Энэ нь сэтгэл санаа, хоолны дуршил, нойрны мөчлөгийг зохицуулдаг.

"Гэдэс, тархины холбоог ямар аргаар дэмжиж болох вэ?" 

Тархины өөхний ихэнх хэсэг нь Омега 3, 6 гэх найрлагатай. Энэ найрлагатай холбоотойгоор хоол хүнсний хэрэглээний асуудал шийдэгдэж эхэлдэг.

Ялангуяа тархины үйл ажиллагаанд САМАР сайн гэдэг. Омега 3, хальстай үр тариа тархины үйл ажиллагааг дэмжихэд сайн. Самар нь сайн чанарын тос агуулдаг учраас тархинд эергээр нөлөөлнө. 

Гэдэс, тархины холбоог ямар аргаар дэмжиж болох вэ? гэдэг талаас яривал ашигтай бактери буюу пробиотикоор баялаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй байх нь.

Пробиотик бактериудаа дэмжихийн тулд пребиотикоор (ашигтай нянгийн тэжээл) баялаг хоол хүнс хэрэглэх нь зүйтэй. Мөн стрессээ бууруулах нь чухал алхам. Мэдээж шингэн зүйл сайн ууна. Пробиотик, пребиотик хэрэглэж буй үедээ шингэн сайн ууж тэрийгээ дахиад дэмжинэ.

"Хэт шарсан муу тостой, хүнсний нэмэлт сахар агуулсан бүтээгдэхүүнийг идэхгүй байхыг ЗӨВЛӨВ"

Дээрх үйл ажиллагааг дэмжихийн тулд аль болох

  • түргэн хоол идэхгүй,
  • сахар, боловсруулсан хүнснээс зайлсхийхийг зөвлөдөг.

Ялангуяа хэт шарсан муу тостой, хүнсний нэмэлт сахар агуулсан бүтээгдэхүүнийг идэхгүй байвал сайн.

Омега 3-аар баялаг

  • загасны мах
  • чиа үр
  • маалингын үр
  • хушга
  • авокадо
  •  чидун жимсний тос гэх мэтчилэн тархинд сайнаар нөлөөлөх хүнсийг хоолондоо нэмэлтээр оруулж өгөх хэрэгтэй байна.

"Хоол боловсруулах замын хамгийн их бичил биетэн агуулдаг хэсэг нь БҮДҮҮН ГЭДЭС"

Сүүлийн үеийн судалгааны чиг хандлага:

  • Симбиотик (хүн болгонд бичил биетэн хоорондын харилцан холбоос явагдаж байгаа)
  • Пробиотик (Амьд ашигтай бактери)
  • Пребиотик (Пробиотикоо дэмждэг бөгөөд зөвхөн ургамлын найрлагад агуулагддаг)
  • Постиотик (Бичил биетнүүдийг нийлэгжүүлсэн, ашигтай хоёрдогч нэгдэл)
  • Парабиотик чиглэлээр илүү нарийсаж судалгааны ажлууд хийгдээд байгаа.

Хоол боловсруулах замаар хүний биед хамгийн их симбиотик явагддаг.

Хоол боловсруулах замын хамгийн их бичил биетэн агуулдаг зам нь БҮДҮҮН ГЭДЭС. Бичил биетнүүд өтгөнд байхдаа буюу хүний гэдсэнд байхдаа үйл ажиллагаа явуулж, бүдүүн гэдсэн очсон хоол тэжээлийн нэгдлүүдийг дахин задлаад дараагийн хоёрдогч бодисын солилцооны үр дүнд үүсэж байгаа нэгдлүүдийг бий болгодог.

"Солонгос, америкчуудын хоол боловсруулах замын бактериуд муу буюу Bacteroides давамгайлдаг"

Гэдсэнд ямар бактери илүү давамгай агуулагдаж байгаагаас хамааран тухайн улс үндэстэн эрүүл эсэхийг тодорхойлсон судалгаанууд ч бий.

Тухайлбал Prevotella давамгайлж байвал тухайн улс үндэстний хүн ам илүү эрүүл байна гэж үздэг. Харин Bacteroides давамгайлж байвал хоол боловсруулах замын асуудал байгаа гэж дүгнэдэг. 

Бактерийн тооноос аль нь давамгайлсан бэ гэдгийг харьцуулж харахад

  • Солонгосчууд, америкчуудын тухайд Bacteroides давамгайлсан хоол боловсруулах замын бактеритай байсан. Энэ асуудал junk food, fast food буюу түргэн хоолны хэрэглээнээс хамааралтай. Улмаар хоол боловсруулах замын ашигтай бактериуд нь өөрчлөгдсөн буюу муу болсон гэж үзэж байгаа.

Тэгвэл солонгосчууд яаж эрүүл яваад байгаа юм бэ? 

Өдөр болгон нөгөө вакусаа уудаг, нэмэлт ашигтай бактериудаа хэрэглэдэг учраас гэдсэн дэх бактериудаа сэргээгээд байгаа гэсэн үг.

"Монголчуудын хоол боловсруулах замаас сайн төрлийн бактери илүү илэрдэг. Ялангуяа хөдөөд..." 

Хэрвээ Prevotella давамгай байвал хүн ам маш эрүүл байна. Монголчуудын хоол боловсруулах замаас энэ төрлийн бактери их илэрсэн. Үүнийг эрүүл сайн гэж үзэж байгаа.

Харин орчин үеийн хоол хүнс, чихэрлэг ундаа болон бусад буруу хооллолт муу бактериудыг давамгай өсгөж, үржүүлдэг.

Сүүлийн 10 жилд хүний хоол хүнсний хэрэглээ тархинд хэрхэн нөлөөлж байгаатай холбоотой судалгаа эрчимжиж байна.

Монголчуудын дунд хийсэн судалгаа хөдөө, хотынхны хооронд ялгаа ажиглагдсан. Хөдөө орон нутагт амьдардаг иргэдийн хоол боловсруулах замаас prevotella бактери давамгай гарсан.

Уламжлалт тараг, сүү, цагаан идээгээ хэрэглэж байгаа хүмүүс илүү өндөр гарч байсан. Харин сахрын хэрэглээ өндөртэй хүмүүст муу бактери давамгай илэрсэн.

Хотын хүмүүс яаруу сандруу, ажил ихтэй учраас түргэн хоол иддэг. Заримдаа ажил ихтэй явсаар хоолоо алгасах тохиолдол ч бий. Сүүн хүчлийн бактерийн ялгаа хот, хөдөөд асар их.

Хотын хоёр хүн тутмын нэг нь л сүүн хүчлийн бактеритай.

"Хортой нэгдлийн 80 хувь нь өтгөнөөр гадагшилдаг" 

Ашигтай бактерийг нэмэгдүүлэхэд эслэг ихтэй бүтээгдэхүүн сайн гэдэг. 

Бүдүүн гэдсэнд байгаа ашигтай бактериудыг сайтар ажиллуулахын тулд өтгөн сул, сийрэг байх ёстой болно. Тийм болохоор эслэгийг сайн идэх хэрэгтэй. Дээрээс нь өтгөн бидний биед удаж болдоггүй. Биеэс 24 цагт нэг удаа гадагшилж байх ёстой. 

Хүний бие гаднаас орж ирсэн хэрэггүй бүхнээ гадагшлуулж байх ёстой байдаг. Хортой нэгдлийн 80 хувь нь өтгөнөөр гадагшилдаг. Иймээс эслэг чухал нөлөөтэй. Эслэг агуулсан бүтээгдэхүүнээс дурдвал чиа үр, овьёос зэрэг орно. 

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг