Уншиж байна ...

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2025 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

зураг
 

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 68 дугаар тогтоолоор “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээг баталж, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” 58 дугаар тогтоолыг баталсан юм.

зураг
 

Мөн Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээрийн төслийг хэлэлцүүлж, УИХ-ын холбогдох Байнгын хороогоор зөвшилцөх шийдвэрийг гаргасан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцэн, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон билээ.

Улсын Их Хурлын 58 дугаар тогтоолыг баримтлан "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо гарын үсэг зурсан хэмээн сайд Ц.Туваан танилцуулав.

Монгол, Хятадын талын Ажлын хэсгийн хамтарсан хуралдаанаар Талууд үндсэн гурван шатны баримт бичиг байгуулахаар тохиролцжээ.

Хятадын талаас дээрх гэрээнүүдийн төслийг тохиролцох асуудлыг хэлэлцэх саналыг тавьж байгаа бол Монголын талаас Засгийн газар хоорондын гэрээг байгуулснаар бусад гэрээг хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн гэлээ.

Хэлэлцээрийн хувьд Монголын талаас:

  • төмөр замын царигийн өөр өөрийн стандарт, дүрэм журмыг мөрдөх, төмөр зам ашиглалтад орсны дараа гуравдагч талын ачааг тээвэрлэх,
  • төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг нэг зурагтай, нэг гүйцэтгэгчээр хийлгэнэ,
  • суурь үнийг хамгийн сүүлд баталгаажсан үнээр тогтооно гэсэн зарчмын саналыг Хятадын талд хүргүүлсэн гэж сайд мэдээлсэн.

Хятадын талаас эхний санал буюу өөр өөрийн царигийн стандарт, дүрэм журмыг баримтална гэдэг саналыг хүлээн авч, нүүрсний анхны үнийг “урт хугацааны гэрээний хамгийн өрсөлдөхүйц үнэ”-ээр тогтоох саналыг ирүүлсэн байна.

Хоёр дахь санал буюу барилга угсралтын ажлыг нэг гүйцэтгэгчээр хийлгэх асуудлыг Хятадын тал хүлээн аваагүй тул ойрын үед Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу барилгын ажлын гүйцэтгэгчийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт тендер зарлаж сонгон шалгаруулахаар ажиллаж байна гэсэн мэдээллийг сайд өгөв.

зураг
 

Сайд Ц.Туваан, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулагдсанаар Монгол-Хятадын бусад 3 боомтыг төмөр замаар холбох, Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэнэ гэж үзэж байна хэмээн танилцуулав.

Энэхүү хуулийн төслийг батлахыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулсан юм.

зураг
 

Байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Г.Хосбаяр төслийн зураг төсөл норм стандартыг хангаж байгаа эсэх, томоохон бүтээн байгуулалт, төслийн ажлуудын график, үе шатуудад онцгой анхаарах, хугацаа алдахгүйгээр төмөр замын асуудлыг судлах, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хот тосгон, суурьшлын бүсийн асуудлыг шийдвэрлэх, цогцоор нь анхааралдаа авах зайлшгүй шаардлагатай, боомтод ажиллаж, амьдарч байгаа төрийн албан хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцөл, тоног төхөөрөмж, лаборатори бий болгох, малчдын асуудал, худаг ус, бэлчээрийн асуудлыг шийдвэрлэх, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, татвар, хураамжаас тодорхой хувийг орон нутагт төвлөрүүлэх, үр өгөөжтэй байхад анхаарах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Э.Болормаа төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, “Эрдэнэс-Тавантолгой” ХК төслийг хэрэгжүүлэхдээ хариуцлагатай байж хэрэгжилтэд анхаарах, орон нутгийн иргэдийн оролцоог хангах, орон нутгийн иргэдэд хүртээмжтэй, үр өгөөжтэй байхад анхаарч, үйл ажиллагаагаа цаг алдалгүй эхлэх шаардлагатай гэсэн саналтай байсан бол УИХ-ын гишүүн Х.Жангабыл нүүрсний чанарт анхаарах, шинээр нээх уурхайгаас гарах нүүрсийг борлуулах талаар гэрээнд тусгах, УИХ-ын гишүүн Д.Ганбат төслийг хэрэгжүүлэх явц, үр дүнд анхаарч хариуцлагатай ажиллахыг сануулжээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн гишүүдийн хэлсэн саналуудыг ажил хэрэг болгох, хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр учраас харилцан ашигтай байх, авто зам болон тээвэр, боомтын орчин нөхцөлтэй холбоотой орон нутгийн хөгжил, үндэсний аж ахуйн нэгжүүдийн оролцоотой холбоотой асуудлыг анхаарч ажиллахыг тэмдэглэжээ.

Хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.