Уншиж байна ...

Б.Дөлгөөн: Нүүрсний биржийн арилжааны үнийг индексжүүлж, төлбөрийн уян хатан нөхцөлийг нээж өгснөөр худалдан авалтууд сэргэнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ дэлхийн зах зээлд унасантай холбогдуулан урд хөрштэй холбогддог хил дээр их хэмжээний овоолго үүсээд байгаа.

Монголын Хөрөнгийн бирж нь нүүрсний экспортын тоо хэмжээ, худалдан авагчдын идэвхийг нэмэх үүднээс Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журамд өөрчлөлт оруулсан. Тус журмын өөрчлөлт маргаашаас хэрэгжиж эхлэх юм.  

Энэ хүрээнд журмын өөрчлөлтийн талаар оролцогч талуудыг мэдээллээр хангах танилцуулга уулзалтыг Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр зохион байгууллаа. Тус уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн болон уул уурхайн салбарын гадаад, дотоодын 70 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 130 гаруй төлөөлөл оролцов. Мөн манай улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг худалдан авагч 50 гаруй компани оролцож тус журмын шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийллээ.

"Төмөр замаар нүүрс тээвэрлэх зардлыг 50 бууруулах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан"

зураг
 

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журмын өөрчлөлтөд төрийн зүгээс ямар бодлого баримталж буй талаар Сангийн сайд Б.Жавхлан "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ярилцаж байгаа. Байгалийн баялгаа уул уурхайн биржээр худалдаалдаг болоод нэг жил болсон байна. Цаашдаа энэ бирж дээр үнэ өсөхөд бус буурахад ч арилжаа явагддаг байх ёстой. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагаа урт хугацаанд тогтмол үргэлжлэх хэрэгтэй.

зураг
 

2025 оны эхний гурван сарын байдлаар хил рүү гаргах нүүрсний биет хэмжээний зорилт тасраагүй. Зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа унасан. Хил дээрээс цаашаа явуулах биет хэмжээ хэвийн үргэлжилж байна. Биржийн арилжааг сэргээхгүй бол нүүрсний овоолго шингэрэх үед экспортын хэмжээ буурах эрсдэлтэй. 

Журмын өөрчлөлттэй холбогдуулан тээврийн үйлчилгээний үнийг бууруулах шаардлагатай. Одоогоор төмөр замууд хилтэйгээ бүрэн холбогдоогүй. Төмөр замаар нүүрс тээвэрлэх зардлыг 50 бууруулах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Ингэснээр төмөр замыг авто тээвэртэй өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх юм" хэмээн онцлов.

"Маргаашаас мөрдөгдөж эхлэх журмаар нүүрсний үнэ индексээ дагаж өөрчлөгддөг болсон"

зураг
 

Үргэлжлүүлэн тус журамд орж буй гол өөрчлөлтийн талаар “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн мэдээлэл өгөв.

Тэрбээр "Нүүрсний үнийн уналт Хятад талын эрэлтээс ихээхэн шалтгаалж байгаа. Маргаашаас мөрдөгдөж эхлэх журмаар нүүрсний үнэ индексээ дагаж өөрчлөгддөг болсон. Тухайлбал 12 сарын хугацаатай нүүрс худалдан авсан бол гурав дахь сараас нүүрсний үнэ унах эрсдэлтэй хэмээн болгоомжилж урт хугацааны гэрээ явагдахгүй байсан. Тэгэхээр зах зээлийн үнэ унасан үед худалдан авсан нүүрсний үнэ дагаад унадаг, өсдөг байхаар индексжүүлж байгаа.

зураг
 
зураг
 

Одоо бол худалдагч тал нь төлбөрөө 100 хувь авсны дараа эхний машин нүүрс ачигддаг. Тиймээс төлбөрийн нөхцөлийг илүү уян хатан болгож байгаа. Шууд 100 хувь төлөх бус тодорхой хэмжээнд урьдчилж төлөөд, үлдсэнд нь баталгаа гаргаад явах арилжаа руу шилжих боломжтой болж байна.

Бид өнгөрсөн сард 50 гаруй худалдан авагч нартай уулзалт хийхдээ журмын өөрчлөлтийг танилцуулж санал авсан. Олон талын саналуудыг нийцүүлсэн байдлаар журмын өөрчлөлтийг хийсэн" гэв.

зураг
 
зураг
 
зураг
 

"Журамд өөрчлөлт оруулахаас өмнө нь өндөр үнэтэй авсан нүүрс дараагийн зах зээлд очихдоо өрсөлдөх чадваргүй болж байсан"

зураг
 

Мөн худалдан авагч талын зүгээс энэхүү журмын өөрчлөлтийг хэрхэн хүлээн авч буй талаар Inner Mongolia Hongtai Coal Trading Co.,Ltd.-ийн Ерөнхий менежер Б.Хишиг байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Монголын Хөрөнгийн бирж нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журамд өөрчлөлт оруулж, нүүрсний үнийг индексжүүлж, төлбөрийн уян хатан нөхцөлийг нээж өгч байгааг худалдан авагч тал маш эергээр хүлээн авсан. Энэхүү өөрчлөлт олон улсын зах зээлийн жишигт ойртсон, илүү ил тод шударга орчныг бий болгоно.

Индексжүүлсэн үнэ нь худалдан авагчийн эрсдэлийг бууруулж, урт хугацаанд худалдан авалт хийхэд тохиромжтой. Төлбөрийн уян хатан нөхцөлийг нээж өгсөн нь жижиг, дунд компаниудын санхүүгийн ачааллыг тохируулж, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд оролцоход эергээр нөлөөлж байгаа. Журамд өөрчлөлт оруулахаас өмнө нь өндөр үнэтэй авсан нүүрс дараагийн зах зээлд очихдоо өрсөлдөх чадваргүй болж байсан.

Манай компани Монголоос авах нүүрснийхээ нийлүүлэлтийн хэмжээг бага зэрэг бууруулсан. Учир нь бид нүүрс баяжуулах үйлдвэртэй бөгөөд Хятадын томоохон гангын үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Гангын үйлдвэрүүд нүүрс худалдан авалтаа бууруулаад байна" хэмээн ярив. 

"Хятадад эрэлтээс илүүтэй нийлүүлэлт давамгайлсан нүүрсний зах зээл үүссэн"

зураг
 

Журмын өөрчлөлт Монголын аж ахуйн нэгжүүдэд ямар ашигтай талаар "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга О. Цэрэндондог "Уул уурхайн бүтээгдэхүүний бирж нь ил тод, нээлттэй цахим платформ юм. Өнгөрсөн хугацаанд биржээр тогтсон үнэ нь борлуулагдах үедээ зах зээлийн үнийг дагаж явдаггүйгээс болж борлуулалтад сөргөөр нөлөөлсөн. Энэ бүхэнд холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулж, зах зээлийн үнэ дагаж өөрчлөгддөг байхаар зохицуулж байна. 

Нүүрсний худалдан авалтыг ойлгохын тулд Хятадын зах зээлийг ярих хэрэгтэй. Одоогоор Хятадад эрэлтээс илүүтэй нийлүүлэлт давамгайлсан нүүрсний зах зээл үүссэн. Өмнө нь Хятад талын худалдан авагч нар өөрсдөө ирээд нүүрс авдаг байсан. Одоо бол бид өөрсдөө араас нь хөөцөлдөж нүүрсээ зарах шаардлагатай боллоо. Ийм тохиолдолд худалдан авагч талтайгаа ойрхон хамтарч ажилласнаар зах зээлийн сорилтыг давж гарна. 

Ганцмод боомт дээр овоорсон нүүрсийг зарахгүй бол манай улсын биржийн арилжаанд сөргөөр нөлөөлнө. Тиймээс энэ асуудлыг хамтран шийдвэрлэхийн тулд худалдан авагч талын 17 компанитай уулзаж байгаа. Худалдан авагчдын зүгээс нүүрсний үнийг өнөөдрийн зах зээлийн ханштай нийцүүлэх гэсэн үндсэн шаардлага тавьсан" гэв.

зураг
 
зураг