Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Мариуполийг эзлэх байлдааны ажиллагаанд гавьяа байгуулсан Оросын ахмад дайчин дэлбэрэлтийн улмаас амиа алджээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Украины Мариуполь хотыг эзлэх байлдааны ажиллагаанд гавьяа байгуулснаараа алдаршсан ахмад дайчин өчигдөр дэлбэрэлтэд өртөж, амиа алдсаныг Оросын эрх баригчид мэдээлжээ.

34 настай Заур Александрович Гурциев өчигдөр Оросын өмнөд бүсийн Ставрополь хотын гудамжинд явж байхдаа өөр нэг хүний хамт алагдсан байна.

Тэднийг “гар хийцийн тэсрэх бөмбөг” дэлбэрсний улмаас амиа алдсан гэж Оросын Мөрдөн Байцаах Хороо дүгнэжээ.

Гурциевтэй уулзаж байгаад хамт амиа алдсан хүнийг тухайн газрын ойролцоо орон сууц түрээсэлдэг нэгэн байсныг тогтоосон гэнэ.

Ставрополь хязгаарын захирагч Владимир Владимиров үүнийг “Украины оролцоотой террорист халдлага байж болзошгүй” тухай Телеграм хуудсандаа бичжээ.

Гурциев нь Украины дайнаас ирсэн ахмад дайчдыг төрийн албан тушаалд томилох “Баатруудын цаг үе” нэртэй Оросын засгийн газрын хөтөлбөрт хамрагдсан хүн юм.

Энэ хөтөлбөрийн хүрээнд тэр Ставрополь хотын нэгдүгээр орлогч дарга болж байжээ.

зураг
 

Уг албан тушаалд томилогдохоосоо өмнө Гурциев нь Азовын тэнгисийн боомт Украины Мариуполь хотыг эзлэх тулаанд Оросын агаарын хүчний бүрэлдэхүүнд байлдаж байсан юм.

Энэ үеэрээ тэр “пуужингийн цохилтыг оновчтой болгож, үр нөлөөг нь хэд дахин нэмэгдүүлэх технологийн дэвшлүүдийг нэвтрүүлсэн” хэмээн магтагдаж байжээ.

Оросын зэвсэгт хүчин Украины дайны эхэн үед буюу 2022 онд 86 хоног бүсэлснийхээ дараа Мариуполийг эзэлж байв.

Бүслэлтийн үеэр тус хотын орон сууцны 90 орчим хувь сүйрч, дайны өмнө оршин сууж байсан 430,000 орчим хүний 350,000 нь дүрвэсэн гэдэг.

Энэ оны эхээр хэвлэлд ярихдаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский бүслэлтийн үеэр 20,000 орчим энгийн иргэн алагдсаныг дурдаж байв.

 

Эх сурвалж: CNN