Европын Холбоо гэнэтийн дайн, байгалийн гамшиг, нийгмийн хямралд бэлтгэлтэй байх стратегийн хүрээнд гишүүн орнуудынхаа иргэдэд 72 цаг хэрэглэх ус, хүнс зэрэг хангамжийн материалын нөөцтэй байх зөвлөмж гаргажээ.
Герман болон Скандинавын орнууд ийм бэлтгэлтэй байхыг олон жилийн өмнөөс иргэддээ зөвлөдөг байсан бол Европын Холбооны хэмжээнд анх удаа ийм зөвлөмж гарч байгаа юм.
Бэлэн байдал, хямралын удирдлага хариуцсан Европын комиссар Хаджа Лахбиб өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа “Бид гишүүн орнуудынхаа иргэдэд наад захын хэрэгцээгээ хангах 72 цагийн нөөцтэй байхыг зөвлөж байна” гэж хэлжээ.
Ингэхдээ яг юу нөөцлөх ёстойг өөрийн сошиал хуудсанд нийтэлсэн танилцуулгын дүрс бичлэгээс харахыг зөвлөсөн байна.
Уг дүрс бичлэгт иргэний үнэмлэхээ хадгалах ус нэвтэрдэггүй уут сав, лаазалсан хоол, савласан ус, чүдэнз, Швейцарын армийн хутга, бэлэн мөнгө, хөзөр, эм тариа, жижиг радио хүлээн авагч зэргийг үзүүлжээ.
“Бид өргөн хүрээний, олон салбар хамарсан хямрал зөрчил, тухайлбал нэг буюу олон гишүүн орон зэвсэгт халдлагад өртсөн тохиолдолд бэлтгэлтэй байх ёстой” гэж зөвлөмжид өгүүлсэн байна.
Бас Европ даяар энэ талын боловсрол мэдлэг олгох сургалтын агуулгыг хүүхдүүдийн хичээлийн хөтөлбөрт оруулахыг зөвлөжээ.
Өнгөрсөн онд Финландын ерөнхийлөгч асан Саули Ниинисто нийт Европын Холбооны хэмжээнд ийм төлөвлөгөө байхгүй байгааг шүүмжилж байсан юм.
Өнөөдөр тэр Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйены тусгай зөвлөхөөр ажиллаж байгаа.
Хаджа Лахбиб зөвлөмжийг тайлбарлахдаа Европын орнууд бэлтгэлээ өөр өөрийн газар зүйн байрлал, геополитикийн нөхцөл байдалд тааруулан өөрчилж болохыг хэлсэн юм.
Тухайлбал Финландын хүүхэд залуус галт зэвсэг хэрэглэх арга техникт суралцдагийг дурдаад “гэхдээ энд Бельги, эсвэл Францад ийм хэмжээнд бэлдэх шаардлагагүй гэж би бодож байна. Улс бүр өөр өөрийн онцлогт тааруулахын зэрэгцээ харилцан нэгнээсээ суралцах боломжтой байх ёстой” гэжээ.
Европын Холбооны стратегийн бичиг баримт нийтлэгдэхийн өмнөх өдөр Дани улсын засгийн газар эмэгтэйчүүдээр хоёр жил цэргийн алба хаалгадаг болох төлөвлөгөөгөө зарласан юм.
Тус улсын 2025 оны долдугаар сарын 1-нээс хойш 18 насанд хүрсэн бүх эмэгтэйчүүд ирэх оноос эхлэн жил бүр цэргийн алба хаах эсэх талаар санал асуулга бөглөдөг болох юм байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
147 СЭТГЭГДЭЛТЭЙ
|