Гадаадын Иргэн, Харьяатын Газраас улсын хэмжээнд нэгдсэн хяналт шалгалтыг явуулж, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Арвайнхутаг говь” ХХК-д БНХАУ-ын 20 иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсныг илрүүлж, өчигдөр албадан гаргажээ.
Тодруулбал дээрх иргэдийн 15 нь жуулчлах буюу k2 ангиллын цахим виз, тав иргэн нь визгүй зорчих хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэхээр Монгол Улсад нэвтэрч, өрлөгчин, тогооч, мужаан, гагнуур, дотоод засал, барилгын туслах ажил хийж байсан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, Монгол Улсад гурван жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.
Аялал жуулчлалын визээр ирсэн гадаадын иргэний аяллын маршрут, байрлах газар, аяллын хөтөлбөр тодорхой байх шаардлагатай бөгөөд визийг зөвхөн аялж амрах зорилгын дагуу ашиглах ёстой. Гэвч уг визийг хууль бусаар хөдөлмөр эрхлэх, ажлын байрны төлбөрөөс зайлсхийх зорилгоор ашиглаж байгаа нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл юм.
Цаашид уг хяналт шалгалтын ажил үргэлжлэх бөгөөд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомжийг хүндэтгэн биелүүлэх, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, гадаадын иргэн болон өөрийн аж ахуйн нэгж, байгууллагыг эрсдэлд оруулахгүй байх чиглэлд онцгойлон анхаарах шаардлагатайг зөвлөж байна.
Эх сурвалж: Гадаадын Иргэн Харьяатын Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
|