Хятадын автомашин үйлдвэрлэгч BYD компанийн өнгөрсөн оны борлуулалтын хэмжээ анх удаа $100 тэрбумын босгыг давж, АНУ-ын Тесла компанийг бүх талаараа гүйцсэнийг өчигдөр орой Шэнжэний хөрөнгийн биржээс гаргасан тоо баримт харуулжээ.
Тухайлбал 2024 онд BYD компанийн орлого 777.1 тэрбум юань ($107.2 тэрбум) хүрсэн байна. Тесла компани өнгөрсөн онд $97.7 тэрбумын орлого олсноо өмнө нь зарласан юм.
BYD-ийн орлого нь өмнөх оноосоо 29 хувиар өсөж, Блүүмбэргийн тооцоолсон 766 тэрбум юанийн таамгийг эвдсэн үзүүлэлт байлаа.
Өнгөрсөн онд BYD дэлхий даяар 1.79 сая автомашин борлуулсан бол Тесла 1.76 саяыг борлуулжээ. Гэхдээ үүнд зөвхөн бүрэн цахилгаан автомашинуудыг тооцсон бөгөөд хайбрид бүтээгдэхүүнүүдийнх нь тоог оруулаагүй юм.
Цахилгаан, хайбрид загваруудыг нь нийлүүлбэл тус компани өнгөрсөн онд 4.27 сая автомашин борлуулсан нь Форд компанийн 4.5 саятай ойролцоо үзүүлэлт болжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!
33 СЭТГЭГДЭЛТЭЙ
|