Уншиж байна ...

Б.Рагчаа: Өнөөдөр иргэд хөдөлмөрчдийн нуруун дээр 40 гаруй төрлийн татвар, хураамж, шимтгэл оногдож байна

П.Сайнжаргал, IKON.MN
17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой хэлэлцүүлгийг Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ)-ноос өнөөдөр зохион байгууллаа. 

Энэ үеэр иргэдийн нуруун дээр 40 гаруй төрлийн татвар, хураамж, шимтгэл оногдож байгаа асуудлаар МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, дэд ерөнхийлөгч Б.Рагчаа дараах мэдээллийг өгсөн юм.



Татварын дарамтын талаар тэрбээр хэлэхдээ "Улсын төсөв хэлэлцэхтэй холбогдуулан иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх санал, шаардлагыг УИХ, төрийн байгууллагуудад удаа дараа уламжилж байсан. 

Харамсалтай нь Монголын Үйлдвэрчний Эвлэлийн буюу иргэд, хөдөлмөрчдийн саналыг аваагүй. Төрийн албан хаагчдын цалинг зургаан хувиар нэмэгдүүлэх санал орж ирсэн. Гэтэл 2024 онд инфляц 8.3 хувьтай гарсан буюу инфляцаа нөхөх хэмжээнд хүрч чадаагүй. 

Цахилгааны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор бусад бараа бүтээгдэхүүний үнэ бүгд нэмэгдлээ. 

Өнөөдөр Монгол Улсын иргэд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, дүрэм, журмынхаа хүрээнд: 

  • 20 орчим төрлийн татвар
  • 10 гаруй төрлийн шимтгэл
  • 10 гаруй төрлийн хураамж

Нийт 40 гаруй төрлийн татвар хураамж, шимтгэлийг иргэд нуруун дээрээ үүрч байна. 

Гэтэл Монгол Улсын иргэдийн цалин хөлс, бодит орлого нь нэмэгдэхгүй байгаа. Ийм нөхцөлд татварын хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах санал, шаардлагыг МҮЭХ удаа дараа гаргаж байна" гэлээ. 

"Иргэдийн унаа, хоолны мөнгөнөөс нь хүртэл нийгмийн даатгал, татвар шимтгэл тооцож байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн "Хүн амын орлогын албан татварын хуульд иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх боломжууд байна. 

Жишээлбэл сард дунджаар таван сая хүртэлх төгрөгийн цалин авч байгаа хүний Хүн Амын Орлогын Албан Татвар (ХАОАТ)-ыг тав хүртэлх хувиар тооцож аваач ээ. Харин одоо

  • 120 сая хүртэлх төгрөгийн бодит орлого олж байгаа хүнээс 10 хувь
  • 120-180 сая төгрөг олж байгаа бол 15 хувь
  • 180-аас дээш бол 20 хувийн татвар авч байна. 

Нэг ёсондоо 10-20 хувийн татварын шатлалтай байна. Тэрийг нэг шатлал доош оруулаад 0-60 сая хүртэлх бодит орлого олж байгаа бол таван хувь оруулаач ээ.

Хоёрдугаарт татварын бодлогоор орон сууцжуулалтыг дэмжих боломж нөхцөл байна уу гэвэл, байна. Анх удаа орон сууцанд орж байгаа иргэд зургаа хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлт авч байгаа. 2019 оны үед орон сууцны дундаж үнэ 2.5 сая төгрөг байсан. Харин одоо орон сууцны дундаж метр квадратын үнэ дөрвөн сая орчим болчихсон.

Өнгөрсөн үетэй харьцуулахад орон сууцны метр квадратын үнэ бараг хоёр дахин өсчихсөн байна. Ийм учраас хөнгөлөлтийг хоёр дахин нэмээч ээ. Дор хаяж 10 сая төгрөгийн урамшуулал олгодог болгох саналтай байгаа. 

Өнөөдөр автобусны түгжрээ гээд ярьдаг боловч унааны мөнгөнөөс нь нийгмийн даатгал, татвар зэргээр бүх шимтгэлүүдийг нь авчихдаг. Бараг л унааны 1,000 төгрөгөөс 700 төгрөгийг нь авах хүртэл хэмжээнд хүрчээ. Тиймээс МҮЭХ-оос хоол, унааны мөнгөнөөс татвар авахгүй байя гэдэг саналыг оруулж ирж байгаа. Тэгвэл иргэдийн бодит орлого ч тодорхой хэмжээнд нэмэгдэх юм.

Экспортоо дэмжсэн ААН, байгууллагыг татварын бодлогоор тодорхой хэмжээнд дэмжих нь зүйтэй. Тогтвортой ажлын байраар хангаж байгаа ажил олгогч нараа Монголын төр татварын бодлогоор дэмжих саналыг тавьж байна.

Мөн Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (НӨАТ)-тай холбогдуулан буцаан олголтыг хоёр хувь биш таван хувиар хөнгөлөлт олгооч ээ. 

Хувь хүн, ААН байгууллага 50 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлого хийвэл НӨАТ тооцдог. Үүнийг хамгийн багадаа 200 сая төгрөг болгож босгыг нь өндөрсгөх санал шаардлагуудыг тавьж байна" гэлээ.