Газрын ховор элементийн нөөцийг нь ашиглах баталгаа өгвөл Украинд үзүүлэх АНУ-ын тусламжийг үргэлжлүүлэх бодолтой байгаагаа ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр илэрхийлжээ.
Даваа гарагт Цагаан ордны зууван танхимд сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын засаг захиргаа Европын холбоотнуудаас нь илүү их тусламжийг Украинд үзүүлж байгаа талаар Трамп гомдоллоод “Бид үзүүлж буй тусламжийнхаа хариуд газрын ховор элементийн нөөцийг нь ашиглах баталгаа авах талаар Украины талтай хэлэлцэж байна” гэж хэлсэн юм.
“Бид газрын ховор элемент дээр баталгаа авахыг хүсэж байна. Бид хэдэн зуун тэрбум долларын тусламж үзүүлж байгаа. Тэдэнд маш их нөөц бий. Бидний хүсэж байгааг тэд ч бас зөвшөөрөхөд бэлэн байна” гэж тэр цааш нь ярьснаас үзвэл Украины тал дээрх нөхцөлийг зөвшөөрөх хандлагатай байгаа бололтой.
Трамп сонгуулийн турш Украины дайныг богино хугацаанд дуусгахаа амлаж, АНУ-ын үзүүлж буй тусламжийг шүүмжилдэг байсан юм.
Өчигдөр ярихдаа тэр дайныг эцэс болгох ажил үргэлжилж байгааг баталжээ.
“Бид Орос, Украины асуудал дээр маш их ахиц дэвшил гаргаж байгаа. Юу болохыг удахгүй харах болно. Бид энэ хөгийн дайныг зогсоох болно” гэж Трамп энэ үеэр хэлсэн байна.
Бямба гарагт хэвлэлд ярихдаа Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өөрийнх нь улсын оролцоогүйгээр АНУ, ОХУ-ын хооронд ямар ч яриа хэлэлцээ явагдах ёсгүйг хэлж байв.
“Тэдний хооронд харилцаа байж болох ч бидэнгүйгээр Украины асуудлыг ярилцах нь бүгдэд аюултай. Одоогоор бид Трампын засаг захиргаатай ерөнхий түвшинд ярилцаж байгаа. Үүнийг нарийвчлах тал дээр бид илүү их ажиллах шаардлагатай” гэж тэр хэлжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!