Уншиж байна ...

Дорнод Украины салан тусгаарлагчдын удирдагч Москвад болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдав

Т.Давааням, ikon.mn
1 цаг 10 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагийн өглөө Москва хотод болсон дэлбэрэлтийн улмаас дорнод Украины салан тусгаарлагч зэвсэгт бүлгийн тэргүүн амиа алдсан тухай Оросын хэвлэлүүд мэдээлжээ.

Кремлиэс 12 км зайтай Москвагийн баруун хойд дүүргийн орон сууцны орцны үүдэнд болсон дэлбэрэлтийн үеэр “Арбат” батальоны удирдагч Армен Саркисян хүнд шархдаж, эмнэлэгт нисдэг тэргээр хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна.

Дэлбэрэлтийн үеэр бас нэг хүн алагдсан, Саркисяны бие хамгаалагчдын нэг хүнд шархадсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Украины тал одоогоор энэхүү дэлбэрэлтийн талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна.

зураг
 

Саркисян 2014 оны тавдугаар сард Киев хотын төвд аллага үйлдсэн хэргээр олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа, бас Украинд байлдах хоригдлуудыг шоронгоос элсүүлэх ажлыг зохион байгуулж байж болзошгүй талаар Украины аюулаас хамгаалах алба СБУ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мэдээлж байжээ.

Үүнээс гадна түүнийг Украины ерөнхийлөгч асан Виктор Януковичийн ойрын хүрээллийн хүн болохыг баталж байв.

“Саркисяны амь насанд халдах ажиллагааг маш нарийн төлөвлөжээ. Одоогоор мөрдөгчид уг аллагын захиалагчдыг илрүүлэхээр ажиллаж байна” гэж Оросын хуулийн байгууллагын төлөөлөгч ярьсныг ТАСС агентлаг мэдээндээ эш татжээ.

Сошиал сүлжээнд тарсан зураг, дүрс бичлэгээс харвал халдлага гарсан тансаг ангиллын орон сууцны орцны хаалга эвдэрч, цонх хагарсан байна.

зураг
 

Саркисян нь 2014 оноос хойш Оросын хяналтад байгаа Украины Донецк мужийн Горловка хотод төрсөн хүн юм.

Түүний төрөлх хотын захирагч Иван Приходко “тусгай хүчний батальоныг үүсгэн байгуулж, удирдсан нь ноён Саркисяны хамгийн том гавьяа юм” гэж Телеграм хуудсандаа бичжээ.

Саркисян бас Украинаас салан тусгаарласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын боксын холбооны ерөнхийлөгч байсныг Приходко дурссан байна.

Түүний үүсгэн байгуулсан “Арбат” батальон одоо Украины цэргийн хяналтад зарим хэсэг нь орсон ОХУ-ын Курск мужийн нутаг дэвсгэрт байлдаж байгаа гэсэн мэдээлэл бий.

Дайн эхэлснээс хойш Орос болон Орост эзлэгдсэн Украины нутаг дэвсгэрт Москвагийн эзлэн түрэмгийллийг дэмждэг олны танил хэд хэдэн хүн алагдаад байгаа.

Тухайлбал Оросын тэнгисийн хүчний ахлах офицер Валерий Транковский, шоронгийн дарга Сергей Евсюков нар өнгөрсөн оны сүүлээр Украины эзлэгдсэн нутаг дэвсгэрт автомашинд байрлуулсан тэсрэх бөмбөгт өртөж алагдсан юм.

Арванхоёрдугаар сард Оросын зэвсэгт хүчний өндөр тушаалын генерал болон түүний туслахыг Москвад устгах ажиллагааг Украины тусгай албад зохион байгуулж байжээ.

 

Эх сурвалж: BBC