Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2025.01.15) хуралдаанаар “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эхлээд хэлэлцсэн.
Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дугаар заалтын дагуу Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж байгаагаа Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван дурдаад, тус сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн гүйцэтгэлийн талаар танилцууллаа.
2024 онд сан хөмрөгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хоёр тэрбум төгрөгийг түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлс, байгалийн төрц, алт худалдан авах, урлагийн бүтээл захиалан хийлгэх, түүх, археологийн судалгааны байгууллагатай хамтран ажиллахад зарцуулахаар төсөвлөсөн байна. Эрдэнэсийн санд 2024 онд нэр бүхий долоон иргэнээс эд зүйл худалдах тухай өргөдөл ирүүлсэн бөгөөд 2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн Эрдэнэсийн сангийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар эдгээр эд зүйлс нь Монголбанкны Эрдэнэсийн сан хөмрөгийг баяжуулахад тавигдах шаардлагыг хангахгүй тул худалдан авах боломжгүй гэж шийдвэрлэсэн аж. Иймд төсвийн гүйцэтгэл 0 төгрөг хэмээн танилцуулав.
Мөн Эрдэнэсийн сангийн гүйлгээ, үндсэн санд орлогоор бүртгэсэн Чингис хааны алтадсан хүрэл баримлын зардлын төсөв, ажлын гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Монголбанк 100 ширхэг дурсгалын зоосны дээж үндсэн санд орлогод авахаар төсөвлөснөөс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 116 ширхгийн гүйцэтгэлтэй гарсан байна. Эрдэнэсийн сангийн 2024 оны төсвийн 1.4-1.7-д тусгасан 2018 оны 5,000 төгрөгийн загвар хоёр ширхэг, 1938 оны 2 төгрөг 50 мөнгөний вексель нэг ширхэг Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкны мөнгөний чек нэг ширхэг, 20,000 төгрөгийн мөнгөн тэмдэгтийн хэв нэг ширхгийг үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэсэн гэв. Эрдэнэсийн сангийн гүйлгээ сангаас 24,550 ширхэг дурсгалын зоос болон алтан, мөнгөн гулдмай, үрлэн мөнгө зарлагдахаар тусгаснаас 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 200 ширхэг дурсгалын зоос, 5,840 ширхэг дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдаалжээ.
Үзэсгэлэн зохион байгуулах ажлын хүрээнд 2024 онд төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийн талаар дурдаад 2025 оны Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын төсвийг танилцуулав. Монголбанкнаас Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг 2025 онд дараах байдлаар нэмэгдүүлж үндсэн санд орлогоор бүртгэхээр төлөвлөж байна. Үүнд, Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр түүх соёлын хөдлөх дурсалт зүйлс, урлагийн бүтээл, сэргээн засварлалт, байгалийн төрц, алт худалдан авах, археологи, түүхийн судалгааны эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллахад хоёр тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.
Монголбанкны зөвшөөрлөөр цутгуулсан франчайз болон дурсгалын зоосны дээжийг орлогоор бүртгэх, 1945 оны зоосон мөнгө 2,000 ширхгийг Эрдэнэсийн сангийн тэнцлийн гадуурх данснаас үндсэн орлогод бүртгэх, Монголбанкны “Хүндэт банкир” жижиг тэмдэг, хайрцгийг тэнцлийн гадуурх данснаас үндсэн сангийн байнгын бус хэсэгт бүртгэхээр төлөвлөжээ.
Мөн 2025 онд үйлдвэрлэгдэх дурсгалын зоос болон бусад эд зүйлсийг гүйлгээ санд орлогоор бүртгэх аж. Гүйлгээ сангаас 24,500 ширхэг дурсгалын зоос, гулдмай, үрлэн мөнгийг зарлагадахаар тусгаснаас худалдах зорилтоор 24,300 ширхгийг, зочид төлөөлөгчийн зардлаар 200 ширхгийг мөнгө, зэс, дурсгалын зоос зарцуулахаар тусгалаа. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-д “Сэргээн засварлах, арчлах” гэж заасны дагуу Чингис хаан баримал болон Эрдэнэсийн сан хөмрөг дэх эд зүйлсийн арчилгаанд 200 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.
Төслийн талаарх Монголбанкны дэд ерөнхийлөгчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Монгол Улсын Эрдэнэсийн сан, музейн үйл ажиллагаа, хөмрөгийн хадгалалт, хамгаалалт, баяжуулалт, орлого, зарлагын байдлын талаарх хөндлөнгийн аудитын дүгнэлт, энэ дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар П.Сайнзориг гишүүн тодрууллаа.
Эрдэнэсийн сангийн үйл ажиллагааны талаарх ерөнхий мэдээллийг Г.Энхтайван дэд ерөнхийлөгч мэдээлээд, жил бүр олон улсын аудитын байгууллага болон дотоод хяналтын байгууллага олон улсын стандартын дагуу хяналт шалгалт явуулдаг гэлээ. Энэ хоёр хяналтын дүгнэлт зөрдөггүй гэдгийг тайлбарлаад, үйл ажиллагаа хууль тогтоомжийнхоо хүрээнд хэвийн байгаа гэдэг хариулт өгсөн. Э.Батшугар гишүүн, тайлант онд хосгүй үнэт зүйл худалдаж авсан эсэхийг тодруулахад “Иргэдээс ирүүлсэн саналыг Эрдэнэсийн сан хөмрөгийг баяжуулахад тавигдах шаардлагыг хангахгүй тул худалдан авах боломжгүй хэмээн мэргэжлийн зөвлөл шийдвэрлэсэн” хэмээгээд Мөнгөний бодлогын хорооны 2025 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн бодлогын шийдвэр, түүний үр нөлөөний талаар гишүүний тодруулсны дагуу мэдээлэл өгсөн.
Н.Батсүмбэрэл гишүүн, Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны төсвийн гүйцэтгэл болон зарим зарлагын гүйцэтгэлтэй холбоотой тодруулга хийж, Г.Энхтайван дэд ерөнхийлөгчөөс хариулт авсан. Б.Жаргалан гишүүн, Чингис хааны алтадсан хүрэл баримлын болон үзэсгэлэн зохион байгуулах ажлын зардлын гүйцэтгэлийн талаар тодруулж, хариулт авав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!