Уншиж байна ...
Зураг
Зураг

НҮҮРСЭЭ ДАРАХ УУ, ЗАРАХ УУ?

ikon.mn
2024 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрс нь бол дэлхий дээр хамгийн өргөн тархсан, хамгийн их хэмжээний нөөцтэй, эдийн засагт чухал ач холбогдолтой эрчим хүчний баялаг бөгөөд дэлхийд хэмжээнд нийт 80 орчим улс нүүрсний нөөцөө тогтоосон байна. Дэлхийд нийт 2,900 гаруй нүүрсний хуримтлал бүхий газар (coal basin) байдаг.

Дэлхийн нүүрсний батлагдсан нөөцийн хэмжээ 2020 оны эцсийн байдлаар 1.07 их наяд тонн байв. Геологи, хайгуулын ажлаар нөөц нэмэгдэж болох хэдий ч нүүрс бол эцсийн утгаараа хязгаарлагдмал баялаг юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн нүүрсний нөөцийг ашиглаж дуусахад хүн төрөлхтний эрчим хүчний хязгааргүй хэрэгцээг хэрхэн хангах асуудал тавигдаж байна. 2023 онд дэлхийн нүүрсний нийт олборлолт 9,096 тэрбум тонн.  

Гэвч шинжлэх ухаан, технологийн ололт амжилтаар “эрчим хүч гарган авах, нүүрсийг орлох шинэ төрлийн нөөц” илрүүлэн холбогдох технологийг хөгжүүлэн ашиглаж байгаа нь сэргээгдэх эрчим хүч юм. Сэргээгдэх эрчим хүч буюу ногоон эрчим хүчний нөөцөд НАР, УС, САЛХИ зэрэг дахин ашиглах, сэргээгдэх боломжтой байгалийн баялаг хамаарна. Сүүлийн үед нарны цахилгаан станц, усан цахилгаан станц, салхин цахилгаан станцаар эрчим хүчийг үйлдвэрлэх явдал олон улсад түгээмэл болсон. Технологийн хөгжлөө дагаад нарны энергиэр цахилгаан үйлдвэрлэх өртөг буурч байгаа бөгөөд 2000-2010 оны хооронд 85% буурсан байна.

Үл сэргээгдэх эрчим хүч (non renewable energy)-нд газрын тос, байгалийн хий, нүүрс зэрэг шавхагдах баялаг хамаардаг. Нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг чулуулаг түлш (fossil fuel) дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Дэлхийн хүлэмжийн хийн (Greenhouse gases) ялгаралтын 75%, нүүрс төрөгчийн давхар ислийн (carbon dioxide) 90% орчим чулуулаг түлшний хэрэглээнээс бий болдог.

Дэлхийн эрчим хүчний 80-аад хувийг чулуулаг түлшээр үйлдвэрлэн гаргаж авдаг байсан бол сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэл жил ирэх тусам эрчимтэй нэмэгдэж байна. Сэргээгдэх эрчим хүч нь цаг уурын өөрчлөлтөөс гадна дэлхийн өнцөг булан бүрд хаа сайгүй байдаг тул аливаа улс, бүс нутагт сэргээгдэх эрчим хүчний хомсдол бий болохгүй, үнэ хямд, эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй, ажлын байр шинээр бий болгох хийгээд эдийн засгийн чухал ач холбогдолтой.

Чулуулаг түлшний үйлдвэрлэлд 2020 онд ойролцоогоор 5.9 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд энэ дүнд татварын хөнгөлөлт, эрүүл мэнд, байгаль орчинд учруулсан хохирлыг оруулаагүй тооцоолол юм. Харин холбогдох технологи, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг оруулаад 2030 он хүртэл сэргээгдэх эрчим хүчний салбарт жил бүр 4 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байна.

Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлбэл 2050 он гэхэд агаарын бохирдол “0” хувьд хүрч, бохирдолгүй болох юм. Байгалийн нөөц багатай улс орнуудын хувьд урьдчилсан зардал бага биш байх тул “уламжлалт эрчим хүчнээс сэргээгдэх эрчим хүчний шилжилт” хийхэд санхүүгийн болон технологийн дэмжлэг ихээхэн хэрэгтэй. Гэсэн хэдий ч байгалийн бохирдол, цаг уурын өөрчлөлтийг бууруулснаар дэлхийн хэмжээнд жил бүр 4.2 их наяд ам.долларын хэмнэлт хийх боломжтой.

Нэгдсэн үндэстний байгууллага болон холбогдох бусад мэргэжлийн байгууллагын санаачилга, уриалгаар хүн төрөлхтний эрүүл, аюулгүй ирээдүйн төлөө сэргээгдэх эрчим хүчний салбарт оруулах хөрөнгө оруулалт жил ирэх тусам нэмэгдэж, технологи хөгжиж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ жил ирэх тусам өссөөр байна.

Одоогийн байдлаар цахилгаан эрчим хүчний 29 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс гарган авч байна. Иймд ирээдүйд сэргээгдэх эрчим хүч нүүрсийг “орлох бүтээгдэхүүн” болох тул монгол улс нүүрсний нөөцөө ашиглахгүй олон жил дарах нь баялгийнхаа үнэ цэнийг өсгөх биш, эсрэгээрээ үнэгүйдүүлэх эрсдэлтэй.

Олон улсын сэргээгдэх эрчим хүчний байгууллагаас 2050 он гэхэд дэлхийн цахилгаан эрчим хүчний  90%-ийг сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэх зорилт тавьж байна. Ийнхүү цахилгаан эрчим хүчийг нүүрсээр биш, сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэхэд нүүрсний эрэлт буурч, үнэ буурна.

Иймд Монгол улс нүүрсээ дарах уу, зарах уу? гэдэг асуултаар энэ хэсэгт цэг тавья.

Нүүрсний зах зээл дэх Монгол, Оросын өрсөлдөөн

Орос, Украины дайн эрчим хүчний шилжилтийн шинэ сорилтыг бий болгосон.  Геополитикийн зөрчилдөөн нь эрчим хүчний аюулгүй байдлын асуудлыг хурцатгаж, нар, салхины эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний хөгжилд түлхэц үзүүлж байгаа хэдий ч уламжлалт чулуулаг түлшээр үйлдвэрлэх эрчим хүчний нийлүүлэлт хамгийн тогтвортой, найдвартай арга хэвээр байна. Иймд уламжлалт эрчим хүчний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг урагшлуулах сорилттой дэлхий нийт тулгарч байна.

Монгол улс эдийн засгийн хувьд Төв, Хангай, Говь, Баруун, Зүүн гэсэн 5 бүсэд хуваагдсан бөгөөд эдийн засгийн энэхүү 5 бүсэд монголын нүүрсний нөөц харьцангуй жигд тархсан байдаг. Төвийн бүсийн 13 нүүрсний орд газарт улсын нийт нөөцийн 16.5%, Хангайн бүсийн 13 орд газарт улсын нийт нөөцийн 4.7%, Говийн бүсийн 20 орд газарт улсын нийт нөөцийн 30.6%, Баруун бүсийн  23 орд газарт, улсын нийт нөөцийн 16.7%, Зүүн бүсийн 16 орд газарт, улсын нийт нөөцийн 31.5% тус тус байх бөгөөд нөөцийн ихэнх хувь нь Зүүн болон Говийн бүсэд төвлөрсөн байна.

Одоогийн байдлаар Монгол орны нүүрсний нөөцийн хамгийн гол төрөл бол “Хүрэн нүүрс” бөгөөд хүрэн нүүрсний нөөц эдийн засгийн зүүн бүсэд төвлөрсөн. Хүрэн нүүрс нь коксжих нүүрсний 2-р зэрэглэлд хамаарна (Brown coal).

Монголын хамгийн томоохон нүүрсний орд бол Багануур, Шарын гол, Шивээ овоо, Нарийн сухайтын ил уурхай болон таван толгойн нүүрсний орд юм. Үнсжилт, чийглэг, хүхрийн агууламж, илчлэг зэрэг нүүрсний чанарын гол үзүүлэлтээр Багануур, Шарын гол, Таван толгойн ордын нүүрс харьцангуй сайн бөгөөд Таван толгойн орд Хятад улсаас 250 км зайтай орших, бүх дэлхийн хэмжээнд Хятад улсад хамгийн ойрхон байрлах их хэмжээний, сайн чанарын коксжих нүүрсний нөөц газар юм.

ОХУ нүүрсний төрөл зүйл олонтой, коксжих нүүрсний нөөц ихтэй хэдий ч  нөөцийн 3/4-ээс их хэсэг нь алс дорнод буюу Ази тив талд, үлдсэн 1/4 нь европ талд тархсан байдаг. Нөөц төвлөрсөн алс дорнод буюу Ази тив талд байгаа нүүрсээ Европын зах зээлд гаргахад тээвэр, логистик зэргээс хамааран өртөгт нэмэгдэж, зах зээлд өрсөлдөх давуу талгүй болно. Харин газар зүйн байршлын хувьд ойр дэлхийн том нүүрсний зах зээл болох Хятад улсад экспортлоход мөн л тээвэр, ложистикийн хөгжлөөс шалтгаалан хязгаарлагдмал нөхцөлтэй байдалтай байна.

Сүүлийн үед гарсан геополитикийн хамгийн томоохон асуудлын нэг болох Орос-Украйны дайн дэлхийн дэг журмыг өөрчлөхөд нөлөөлсөн томоохон үйл явдал бөгөөд газрын тос, байгалийн хий, нүүрс, шинэ эрчим хүч болон бусад салбар дахь эрэлт, нийлүүлэлтийн харилцаа, худалдааны бүтэц(trade structure), хөдөлмөрийн cистем (labor system)-ийн зөрчилдөөнийг бий болгосон.

Орос, Украйны дайн эхлээд 2 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд ОХУ-ын түрэмгийллийн эсрэг Европын холбооноос 200 гаруй, АНУ-аас 500 гаруй хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр зарласан. АНУ-аас хэрэгжүүлсэн дараагийн хориг арга хэмжээ бол ОХУ-ын эрчим хүчний салбараас олох орлогыг хязгаарлах бодлого байлаа.

Орос улс нүүрсний томоохон үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн хувьд дэлхийн нүүрсний зах зээлд тодорхой нөлөө үзүүлдэг. Дэлхийн статистикийн мэдээллийн сангийн мэдээг үндэслэвэл Орос нүүрсний нөөцөөрөө АНУ-ын дараа буюу хоёрдугаарт орох бөгөөд дэлхийн нийт батлагдсан нүүрсний нөөцийн 15%-ийг эзэлдэг байна. ОХУ нүүрсний үйлдвэрлэл, хэрэглээгээрээ дэлхийд 6 дугаарт эрэмбэлэгддэг бөгөөд голчлон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, коксжих нүүрс экспортод гаргадаг.

"Оросын 2035 он хүртэлх эрчим хүчний стратеги"-ийн баримт бичигт зааснаар 2025 он гэхэд Оросын жилийн нүүрсний олборлолтын хэмжээ 485-668 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Тухайн улсын Эрчим хүчний яамны статистик мэдээгээр 2023 онд 440 сая тонн нүүрс олборлон, 220 сая тонныг экспортод гаргасан бөгөөд өмнөх онтой харьцуулахад 5%-аар өссөн үзүүлэлт юм.

Орос нүүрсний экспортоороо дэлхийд тогтвортой тэргүүлж ирсэн. Гэвч Орос-Украйны дайны улмаас барууны орнууд ОХУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээний үр дүнд Оросын нүүрсний худалдааны урсгал өөрчлөгдөх гарцаагүй нөхцөл байдал бий болсон тул экспортын урсгал “Зүүн зүгт” буюу Хятадын зах зээл рүү чиглэх нь тодорхой юм.

Олон улсын геополитик, эдийн засаг, худалдааны энэ нөхцөлд Монгол улс босоо тэнхлэгийн авто замаа ОХУ-тай холбож, Монголын төмөр замаар, Монголын газар нутгаар Оросын нүүрсийг Хятад руу экспортлох уу, аль эсхүл төмөр замаа Оростой холбохгүйгээр Монгол улс өөрийнхөө нүүрсийг өрсөлдөөн багатай, давуу байдалтайгаар Хятад улс руу худалдах уу ? гэх асуултыг уншигч танд үлдээе.

Монголын хөрөнгийн бирж уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хүргэх зорилгынхоо замд

Уламжлалт эдийн засгийн шинжлэх ухаанд “Эдийн засгийн үйл явц нь хүн ба нийгмийн хязгаарлагдмал нөөц, хүний хязгааргүй хэрэгцээний зөрчилдөөнтэй нөхцөлд явагддаг нарийн төвөгтэй, олон талт цогц тогтолцоо” гэж тодорхойлдог байсан бол эдийн засгийн шинжлэх ухааны “орчин үеийн хандлага”-аар хүний хэрэгцээ нь хязгаартай бөгөөд энэхүү хязгаартай хэрэгцээг хязгаартай нөөцөөр хангах боломжтой гэж үзээд зах зээлийн тасралтгүй эргэлтийг хангаж, эдийн засгийн өсөлтийг дэмжихийн тулд хүний хязгаартай хэрэгцээг уламжлалт хэрэгцээний хүрээнд тэрхүү хязгаартай нөөцөөр хангаад зогсохгүй, цоо шинэ төрлийн хэрэгцээг үйлдвэрлэгчид байнга хөгжүүлэн бий болгож, тэрхүү шинээр бий болгосон хэрэгцээгээ үйлдвэрлэгчид өөрөө ханган нийлүүлдэг гэж үзэх болсон.

Монгол улс 2022 онд “Уул уухайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль” батлан 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлсэн. Энэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө нүүрсний худалдааг голчлон Хятад улсын цөөхөн хэдэн компаниудтай хийдэг байсан бөгөөд удаан хугацаанд далд байсан “Нүүрсний хулгайн хэрэг”-ээс нүүрсний худалдааны талаарх мэдээллийн ил тод, нээлттэй байдал, хараат бус байдал хангалтгүй байсныг харж болно.

Нөгөөтээгүүр орон зайн хувьд хамгийн ойр, тухайн улсын зах зээлийн эрэлт хэрэгцээ зэрэг давуу талтай хэдий ч, агаарын хилээр ч, газрын хилээр ч зөвхөн Орос, Хятад хоёр улстай хил залгадаг нөхцөл байдлаас шалтгаалан уул уурхайн бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд гаргах боломж, нөхцөл хязгаарлагдмал байв. Гэвч тус хуулийг батлан хэрэгжүүлснээр Монгол улсын нүүрсний зах зээлд ил тод, нээлттэй, чөлөөт өрсөлдөөн бий болж, зөвхөн Хятад улсын тодорхой компаниудын хүрээнд далд хэлцэл хийгдэхгүйгээр, виртуал орчинд зах зээлийн чөлөөт өрсөлдөөний журмаар уул уурхайн биржээр дамжуулан нүүрс болон уул уурхайн бусад бүтээгдэхүүний арилжаа явагдах болсноор бусад улс орны худалдан авагчид нээлттэй өрсөлдөх нөхцөл бүрдэж, эрэлтээ дагаж үнэ өсөн зах зээлийн өргөн боломж бий болсон. 

Ийнхүү хуучин худалдан авагчид ч зах зээлийн өрсөлдөөний дагуу нүүрсний худалдаанд оролцож, тэр ч бүү хэл урд хөрш мөнхийн хөрш Монгол улсын нүүрсний зах зээлд урт хугацаанд ямар байр суурь эзлэх талаар анхаарал хандуулан тодорхой бодлого гарган хэрэгжүүлж байгааг хил дамнасан төмөр замын хэлцэл зэрэг үйл явдлаас харж болно.

Ийнхүү Монгол хөрөнгийн бирж нь Монгол орны уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний арилжааг виртуал орчинд хууль тогтоомжийн хүрээнд ил тод, нээлттэй, хараат бус, өрсөлдөөний үндсэн дээр амжилттай зохион байгуулан хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд энэ нь уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэх, үнэ өсөх, өрсөлдөөн бий болгоход шууд нөлөөлөх замаар манай улсын эдийн засагт ихээхэн ач холбогдол өгсөөр байгааг дотоодын зах зээл дэх бодит нөхцөл байдал болон дотоод гадаадын олон төрлийн албан ёсны статистик мэдээ, мэдээллээс дүгнэж болно.

 

Нийтлэлч: Бээжин их сургуулийн Хууль зүйн ухааны докторант Д.Бадамханд (Ph.d candidator)