Уншиж байна ...
Зураг
Зураг

2025 оны төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлэхийг УИХ-аас Засгийн газарт үүрэг болголоо

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх нь дэмжсэнээр батлагдлаа. 

Ингэснээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу улсын төсөв макро эдийн засгийн төлөв байдалд болон төсвийн тусгай шаардлагыг баримтлахад нөлөөлөх талаар үнэлгээ хийж, 2024 оны арванхоёрдугаар сард багтаан Улсын Их Хуралд танилцуулахаар болж байна.

Мөн Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг 2024 оны арванхоёрдугаар сард багтаан Монгол Улсын Хуралд өргөн мэдүүлэх, төсвийн төслийг төрийн мөнгөний бодлогод нийцүүлэн төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөлтийг сайжруулах, төсвийн зарлагыг нэмэгдүүлснээр нийгэм, эдийн засагт үзүүлж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцоолж, төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэл баримтлан боловсруулахыг Засгийн газарт даалгаж байгаа юм.

Энэхүү тогтоолын төсөл батлагдах үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "УИХ-ын гишүүдийн зүгээс 2025 оны төсвийн төслийг олон талаас нь шүүн хэлэлцэж Засгийн газраас дэвшүүлсэн арга хэмжээний эрэмбэ дэс дарааллыг нягтлах талаар олон шаардлага гарлаа. 

Иймд төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг үндэслэн өнөөдөр батлагдсан 2025 оны төсвийг макро эдийн засгийн төлөв байдал болон төсвийн тусгай шаардлагыг баримтлах  нөлөөлөх талаар үнэлгээ хийж, үр дүнг танилцуулахыг шаардаж байгаа юм.

Мөн хэлэлцүүлгийн явцад хөндөгдсөн олон асуудлуудыг Засгийн газраас дахин нягталж төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүлэх асуудлыг үүрэг болгож дээрх тогтоол батлагдаж байна" хэмээн тайлбарлалаа.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/100064382633728/videos/858445899483075