Уншиж байна ...
Зураг
Зураг

Б.Мөнхтамир: Улс төрийн зорилгоор МИАТ ТӨХК-ийн нэр хүндэд халдаж байна. Санхүүгийн хямралд орсон зүйл байхгүй

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 11 сарын 6
IKON.MN
Зураг зураг

Цахим орчноор "МИАТ" ТӨХК-ийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрч, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрсэн гэх мэдээлэл их тарж буй. Тэр ч бүү хэл онгоцны түрээс, тендерийн төлбөрөө барагдуулах боломжгүй болсон гэж мэдээлээд буй. Тэгвэл энэ асуудлаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамираас тодруулсан юм.


- МИАТ ТӨХК дампуурлын ирмэгт тулсан ч түүнийгээ нууцалж байна гэх мэдээлэл ойрын өдрүүдэд гарах боллоо. Танай байгууллагын санхүүгийн байдал ямар байна вэ?

- Энэ бол ямар ч ор үндэслэлгүй мэдээлэл. Санхүүгийн хүнд байдалд орсон компани төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй болсон тохиолдолд дампуурсан гэж үздэг. Манай компанийн хувьд санхүүгийн ямар нэгэн бэрхшээлгүй. 

Ямар учраас ийм мэдээлэл гарч байгааг тухайн сайтуудаас нь лавлахад "Манай редакцын мэдээ биш. Төлбөртэй мэдээ" гэсэн тайлбар өгдөг.

Тиймээс үүнийг улс төрийн зорилготой, хуурамч мэдээлэл түгээж байна гэж харж буй. Сүүлийн үед ийм мэдээлэл эрчимжиж байгаа нь намайг солих гэсэн улс төрийн оролдлого гэж харж байна.

МИАТ компанийн хувьд энэ жил санхүүгийн нөхцөл байдал сайжирсан. Бид цар тахлаас өмнө буюу 2019 онд түүхэндээ хамгийн өндөр орлоготой ажилласан байдаг. Тэгвэл энэ жил хоёр дахин их буюу 1.1 их наяд төгрөгийн орлоготой ажиллахаар төлөвлөсөн.

Олон нийтийн сүлжээгээр хоёрдугаар улирлын тайланг хараад МИАТ алдагдалтай ажиллаж байна гэсэн ойлголт авсан болов уу. Зөвхөн МИАТ төдийгүй аялал жуулчлалын салбарынхан жилийн эхний хагасын тайлан дандаа алдагдалтай байдаг. 

Түүнчлэн бид 2022 оны есдүгээр сарын 7-ноос эхлээд дотоодын аж ахуйн нэгжүүдээр дамжуулах бус шууд ОХУ-ын "Роснефть" компаниас шатахууныг онцгой нөхцөлөөр авч байгаа. Ингэснээр их хэмжээний зардал хэмнэж байгаа юм. 

Шатахуунаа нөөцөлж авсан зардлыг тооцож үзээд жилийн эхний хагасын тайланг хараад алдагдалтай ажиллаж байна гэсэн ойлголт зарим хүнд төрсөн байх. Бид ажилчдынхаа цалинг нэг ч өдрөөр хоцроож байгаагүй.

- Одоогоор танайх хэдэн онгоцонд нийт хэдэн ам.долларын түрээс төлж байгаа вэ. Хугацаандаа багтаж төлж байна уу?

- Онгоцоо хураалгах хэмжээний асуудал гараагүй. Бид түрээсээ цаг тухайд нь төлдөг. Түрээс цагтаа төлөгдөөгүй бол сануулга авдаг. Онгоцоо түрээслүүлдэг компаниуд эрсдэлээ тооцохын тулд улирал болгон тайлан гаргадаг юм. Үүгээр ямар нэгэн зөрчил илрээгүй.

Манайх одоогоор 10 онгоц ашиглаж байна. Өргөн биетэй "Boeing 767" загварын онгоцыг 2013 онд санхүүгийн зээлээр худалдаж авсан. Уг онгоцны зээлийн үндсэн төлбөр нь 2025 онд дуусах ёстой байсан ч 2022 оны долдугаар сард хугацаанаас нь өмнө төлбөрөө барагдуулснаар өөрийн эзэмшилд авсан. 

ОХУ-Украины дайн гарснаар "Улаанбаатар"-"Франкфурт"-ын нислэгийг тойруугаар хийхэд ирж, очихын дөрвөн цаг илүү зарцуулах болсон. Энэ нь 22-23 мянган тонн шатахууны алдагдал хүлээн гэсэн үг. Нислэг бүр дээр ойролцоогоор 30,000 ам.долларын алдагдал хүлээсний оронд онгоцоо худалдаж аваад ОХУ-ын агаарын хилээр нисгэсэн нь дээр гэсэн шийдвэрт хүрснээр хугацаанаас нь өмнө төлбөрийг нь дуусгасан.

Бусад есөн онгоцны сарын түрээсийн төлбөрт нийт 3.2 сая ам.доллар төлдөг.

Манай компани ойрын ирээдүйд АНУ руу шууд нислэг хийх зорилго тавьсан байгаа. Мөн дээр дурдсан Орос-Украины дайны уршгаар Европ руу шууд нислэг хийх ачаалал эрс нэмэгдсэнээс шалтгаалан өргөн бүтэцтэй хоёр онгоц нэмж авсан. 

Агаарын тээврийн компани тооцоо судалгаагүй онгоц худалдаж авлаа гэхэд түрээслүүлж буй компани судалгаа хийхгүй байна гэж үгүй. Бүх мэдээллийг нягталж байж санхүүгийн хувьд төлбөрөө бүрэн барагдуулах чадвартай компани байна гэж үзэж байж л онгоцоо түрээслүүлэх шийдвэр гаргадаг.

Цар тахлын дараа манай компани дампуурлын ирмэгт ирсэн. Арилжааны банкуудад 118 тэрбум төгрөгийн зээлтэй, 96 тэрбум төгрөгийн өртэй байсан.

Өнөөдрийн байдлаар банкны зээл маань 24 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үүнийг 2025 оны наймдугаар сард гэхэд арилжааны гурван банк дээр байгаа зээл бүрэн төлөгдөж дуусна.

Гэрээт компанийн хуримтлагдсан төлбөрүүд бол төлөгдсөн.

Энэ жилийн хувьд нэг сая гаруй зорчигч тээвэрлэж, 1.1 их наяд төгрөгийн орлоготой компани болно гэсэн зорилго тавьсан. 

- Саяхнаас цацагдаад буй мэдээлэлд танай компанийн ажилтнуудын ёс зүй асуудал ч мөн хөндөгдсөн байсан тул энэ талаар заавал тодруулах шаардлагатай гэж бодож байна. Танай компани ажилтнуудынхаа ёс зүй, хариуцлагын асуудал хэрхэн анхаардаг вэ?

- Манай ёсзүйн хороонд ажилчдаас ирсэн санал гомдлыг нууцаар хүлээж авдаг гурван сувагтай. Захиа авах хайрцаг байршуулсан. Мөн цахим шуудан, утсаар дамжуулан гомдол хүлээн авах боломжтой. Эндээс ямар нэгэн гомдол санал ирсэн тохиолдолд авч хэлэлцдэг. Одоогийн байдлаар иймэрхүү гомдол ирсэн тохиолдол алга.

Хэн нэгэн ажилтанд ийм зөрчил гаргавал ёсзүйн хороо хэлэлцээд ажлаас халах хүртэлх арга хэмжээ авдаг.  

"Транзит тээврээс өнгөрсөн жилд ₮15 тэрбум төгрөгийн ашиг олсон"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

- МИАТ ТӨХК гадаадын авиа компаниудтай хамтарсан нислэг үйлдэх, аяллын дугаар хамтран эзэмших гэх зэргээр гадаад харилцаагаа өргөжүүлж, тэр хэрээр аяллын чиглэл ч нэмэгдэж байна. 

- Монголын агаарын тээврийн зах зээл улирлын шинж чанартай. Үүнээс болоод манай салбарт хөгжихөд олон бэрхшээл тулгардаг. 

Тухайлбал зөвхөн зуны гурван сард эрэлт ихтэй байдаг ч бусад үед зорчигч цөөрдөг тал бий. Үүний эсрэг олон ажил хийгдэж байгаагийн нэг нь сурагчдын амралтын үеийг тааруулж өвлийн аялал жуулчлалд зориулан нислэг гаргаж байна. 

Бусад үед буюу хавар, намрын улиралд байнгын алдагдалтай байдаг. Үүнийг бид транзит зорчигч тээврээр нөхөх оролдлого хийж байна. Үүний хүрээнд 2023 оноос анхны төслөө хэрэгжүүлсэн.

Манай компани түүхэндээ жилд 3,000 орчим транзит зорчигч тээвэрлэж үзсэн бол өнгөрсөн онд 13,800 транзит зорчигч тээвэрлээд нийт ₮15 тэрбум төгрөгийн орлого олсон байна.

2023 оны тоон мэдээллээс харахад Сөүлээс баруун Европын бүс нутаг руу зорьсон зорчигчдын тоо 5.2 сая, Токиогоос 4 сая зорчигч явдаг. Бид эндээс жилд 50,000 хүн тээвэрлэхэд л зардлаа нөхөх боломжтой.

- Танайх Америкийн Нэгдсэн Улс руу шууд нислэг үйлдэх зорилготой байгаа. Энэ үүднээс "Dreamliner" гэж онгоц худалдаж авснаа мэдэгдсэн. Эдгээр онгоцыг ашиглаж байгаа юу?

- "Dreamliner" бол 292 хүний суудалтай, өргөн бүтэцтэй онгоц. Бүх ачаагаа нийлүүлээд зогсолтгүй урт зам туулах боломжтой тээврийн хэрэгсэл. Урт хугацаандаа Америк руу шууд нислэг саадгүй үйлдэх боломжтой.

Дээр дурдсанчлан Орос-Украины дайн үүссэнтэй холбоотойгоор харилцагч компанийн Европоос орж ирдэг нислэгүүд зогссон. Тиймээс Истанбул, Франкфурт зэрэг ачаалал ихтэй нислэгийг энэ онгоцоор хийж байна. 

Тодруулбал зуны цагт долоо хоногийн өдөр бүс нислэг үйлдэж байгаа бол өвлийн цагт долоо хоногийн дөрвөн өдөрт нисдэг. 

Түүнчлэн энэ жил зөвхөн Сөүлийн чиглэлд долоо хоногт 25 нислэг хийж байгаа. Эдгээр нислэгийг бид өргөн бүтэцтэй онгоцоор хийж байгаа. 

Хоёр Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу эрхзүйн орчин нь бүрдсэн. Одоо АНУ-ын агаарын тээврийн стандарт, шаардлагыг хангах ёстой. Үүнийг давчихвал хоёр сарын дараа нислэг үйлдэх бүрэн боломжтой болно.