Уншиж байна ...

Эрэгтэй шатарчид Ливаныг хожсон бол эмэгтэйчүүд Германтай тэнцлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 9 сарын 19
IKON.MN
Зураг зураг

Шатрын 45 дахь олимпиадын долдугаар өрөг өндөрлөлөө. Эхний таван өргийн дараа багийн дүнгээр нэг ч хожигдоогүй явсан эмэгтэй шатарчид зургаадугаар тойрогт Гүржид хожигдсон. 

Харин өчигдөр долдугаар өрөгт Германтай 2:2-оор тэнцлээ. Манай тамирчдаас Т.Мөнхзул, Б.Мөнгөнтуул нар эвийн гэрээ байгуулсан бол Д.Номин-Эрдэнэ хожиж, Б.Мөнгөнзул учраагаа барсангүй.

Ингэснээр эмэгтэй мастерууд маань долоон өргийн дараа 11 оноотойгоор 12 дугаар байрт бичигдэж байна. Одоогоор Энэтхэгийн баг нэг ч хожигдоогүй амжилтаар тэргүүлж буй бол Польш, Казахстан, Францын баг ижил 12 оноотой удаалж байна. Тэдний араас АНУ, Армен, Гүрж, Монгол тэргүүтэй 10 баг 11 оноотой жагсжээ. Оноо тэнцүү багуудыг жагсаахдаа нэмэлт үзүүлэлт хардаг билээ. 

Наймдугаар өрөгт эмэгтэй шатарчид Армены багтай ухаанаа уралдуулна.

Эрэгтэй шатарчид долдугаар өрөгт Ливаны багийг 3:1-ээр буулган авлаа. Ингэснээр эрчүүд найман оноотой хүснэгтийн 58 дугаарт бичигдэж байна. 

Нээлттэй ангилалд Энэтхэгийн баг мөн л нэг ч ялагдаагүй амжилтаараа 14 оноотой тэргүүлж буй бол долоон өргөөс нэгт нь тэнцсэн Ираны баг 13 оноотой удаалж байна. Тэдний араас Узбекистан, Унгар, Армен, Сербийн баг 12 оноотой нэхэж яваа.

Наймдугаар өрөгт эрэгтэй шатарчид Панамын багтай өрсөлдөнө.