Уншиж байна ...

Эмэгтэй шатарчид Гүржид, эрчүүд Болгарт хожигдлоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 9 сарын 17
IKON.MN
Зураг зураг

Шатрын 45 дахь удаагийн олимпиад зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Эхний таван тойргийн дараа нэг ч ялагдалгүй явсан манай эмэгтэй шатарчид зургаадугаар тойрогт Гүржийн багтай хүч үзсэн юм. Эхний гурван ширээнд буюу Т.Мөнхзул, Б.Мөнгөнтуул, Д.Номин-Эрдэнэ нар эвийн гэрээ байгуулсан.

Ингэснээр хамгийн сүүлийн буюу дөрөв дэх ширээнд спортын мастер Э.Хүслэн, олон улсын мастер Мелиа Салом нарын хэн ялсан нь багтаа хожил авчрах байлаа. Хариуцлагатай тоглолтод насаар ахимаг гүрж бүсгүй туршлага зааснаар манай эмэгтэй шатарчид энэ тэмцээнд эхний хожигдлоо авсан юм.

Эмэгтэйчүүдийн ангилалд одоогоор Энэтхэгүүд нэг ч хожигдоогүй тэргүүлж буй бол Гүрж, Польшийн баг 11 оноотой удаалж байна. Тэдний араас АНУ, Монгол тэргүүтэй есөн баг 10 оноотой нэхэж яваа юм. 

зураг
 

Манай баг тамирчдыг хожсон Гүржийн баг долдугаар тойрогт тэргүүлэгч Энэтхэгтэй учраа таарчээ. Харин манай шатарчид ижил оноотой яваа Германы багтай ухаанаа уралдуулна.

Эрэгтэй шатарчид Болгарын багт 1:3-аар дийлдэв. М.Амилал, С.Чингүүн нар тэнцэж, Г.Амартүвшин, Э.Баасансүрэн нар учраагаа дийлсэнгүй. Одоогоор зургаан оноотой хүснэгтийн 70 дугаарт жагсаж буй эрчүүд өнөөдөр Ливаны багтай өрсөлдөнө.