Хоёр жил тутамд болдог шатрын олимпиад Унгарын Будапешт хотод энэ сар сарын 10-нд эхэлсэн билээ.
Эхний тойрогт манай эрчүүд Маврикийн багийг 4:0-ээр хожсон бол өнөөдөр Чехтэй 2:2-оор тэнцжээ. Манай улсаас С.Чингүүн өрсөлдөгчөө хожсон бол Г.Амартүвшин өрсөлдөгчөө дийлсэнгүй.
Мөн Э.Амилал, Э.Баасансүрэн нарын тоглолт тэнцээгээр өндөрлөсөн юм.
Одоогоор гурван оноотойгоор эрэгтэй баг 40-48 дугаар байрт бичигдэж байна. Өнөөдөр Израилийн багтай ухаанаа уралдуулна.
Тэмцээний эхний тойрогт Гватемалын хүүхнүүдийг 4:0-ээр буулган авсан эмэгтэй шатарчид Монакогийн багтай хоёрын даваанд учраа таарсан. Манай тамирчдаас эмэгтэй их мастер Т.Мөнхзул украин гаралтай эмэгтэй их мастер Татьяна Дорнбушд хожигджээ.
Харин эмэгтэй их мастер Д.Номин-Эрдэнэ, мастер Э.Хүслэн, Б.Мөнгөнзул нар учраагаа ялснаар Монголын баг 3:1-ээр илүүрхэв.
Эмэгтэйчүүд нийлбэр дүнгээр 20-29 дугаар байрт жагсаж буй. Тэд өнөөдөр Перугийн багтай хүч сорих хуваарьтай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!