Дүрвэгчдийн багаас олимпын анхны медалийг хүртсэн боксчин Синди Нгамба мөнгөн медалийн төлөөх тулаандаа 35 настай Панамын Атейна Байлонд ялагджээ.
Хэдийгээр оноогоор ялагдсан ч гэсэн эмэгтэйчүүдийн хүнд жинд буюу 75 кг-ийн жинд С.Нгамба хүрэл медаль хүртэж буй юм. Гэхдээ "Ролан Гаррос"-т цугларсан 15,000 үзэгчийн ихэнх нь тулааны эцсийн үр дүнтэй санал нийлэхгүй байгаа илэрхийлсэн байна.
Тулааны гуравдугаар үед Панам боксчин хэт их зууралдсан тоглолт үзүүлсэн тул шүүгч сануулга өгсөн. Гэвч эцсийн шүгэл дуугарч, ялагчийг зарлах мөчид А.Байлоны гарыг өргөсөн юм. Тулааныг дэнсэлсэн гурван шүүгч 4:1-ээр панам тамирчныг ялсан гэж үзжээ.
Камерунд төрсөн ч 10 настайгаасаа Их Британид дүрвэгчээр амьдарч буй С.Нгамба 15 настайгаасаа боксоор хичээллэх болсон билээ. С.Нгамба ижил хүйстнээ сонирхогч. Харин түүний төрсөн нутаг Камерунд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэр ч бүү хэл таван жил шоронд хорих ял оноох хуультай юм.
Парисын олимпын дүрвэгчдийн багт 12 спортын төрлөөр 37 тамирчин өрсөлдөж буй. С.Нгамба гурав дахь олимптоо оролцсон нь энэ. Тэрбээр энэ олимпод дүрвэгчдийн багийн тугчаар сонгогдсон билээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!