Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны дарга П.Дэлгэрнаран болон зарим улс төрийн намын төлөөлөл өнөөдөр Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар (УБЕГ)-т ажиллалаа. Энэ үеэр олны дунд хардлага дагуулсан зарим асуултад хариулт өгч, нэгдсэн ойлголттой болох зорилготойгоо тэрбээр онцолсон юм.
2024 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс шилжилт хөдөлгөөнийг зогсоосон билээ.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Өнөөдөр УБЕГ-т ажиллах хэд хэдэн шалтгаан бий. Өчигдөр Ардчилсан Нам (АН)-ын зүгээс "Царцааны нүүдэл"-ийн талаар мэдээлэл хийснийг бүгд харсан болов уу. Тийм учраас шилжилт хөдөлгөөнтэй холбоотой зайлшгүй тодруулах асуудал байна.
УБЕГ-ын дарга нь СЕХ-ны гишүүнээр ажилладаг. Тиймээс СЕХ-ны гишүүд энэ талаар товч мэдээлэлтэй танилцсан. Харин одоо намуудын төлөөлөл, жирийн иргэдийнхээ хамтаар нарийвчилсан мэдээлэлтэй танилцахаар энд цуглараад буй юм.
АН-ын зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэхдээ манайд шаардлага хүргүүлсэн гэсэн. Гэхдээ ямар нэгэн албан бичиг манайд ирээгүй. Гэхдээ хэвлэлээр нэгэнт яригдсан учраас шалгаж, тодруулах нь зүйтэй гэж үзлээ.
Ер нь сонгуулийн жил нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш эхэлдэг. Тодруулбал оны эхний өдрөөс эхэлж хийгдэж буй шилжилт хөдөлгөөнийг тандаж, анализ хийх маягаар бүртгэдэг. СЕХ-ны зүгээс шилжилт хөдөлгөөнийг тандах Ажлын хэсэг байгуулагдаж ажилладаг" гэж хурлын эхэнд ярилаа.
Үүний дараа Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Төгөлдөр тоон мэдээллийг хүргэв. Тэрбээр "Сонгуулийн жил эхэлснээс хойших шилжилт хөдөлгөөн зогсох хүртэлх мэдээллийг хүргэе. Сүүлийн таван жилийн бүртгэлийн мэдээллээс үзэхэд 2019 онд 145,088 бүртгэл хийж байсан бол 2020 онд хамгийн их буюу 278,180 бүртгэл бичигджээ.
Уг тоог дахин задалж өмнөх сонгуультай харьцуулсан судалгааг гаргасан юм. Өмнөх сонгуулиар хоёрдугаар сарын 1-нд бүртгэл зогссон юм билээ.
Энэ жилийн эхний дөрвөн сарын байдлаар 70,071 хүний шилжилт хөдөлгөөн бүртгэгджээ. Бүртгэлийг тоймлохдоо нийслэлээс нийслэлд, орон нутгаас орон нутагт гэх мэтээр тодорхой хийдэг.
2021 оноос хойш E-Mongolia платформоор дамжуулан шилжилт хөдөлгөөний санал, хүсэлтийг хүлээн авдаг болсон. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд нийт 1,308 бүртгэлийн захиалга ирсэн.
Энэ дээр тайлбар өгөхөд уг платформ дээр автоматаар иргэдийн бүртгэлийг өөрчилж болохгүй. Зөвхөн иргэд өөрсдөө хүсэлт гаргасан тохиолдолд бүртгэлд хамруулдаг.
2020 оны сонгуулийн өмнөх дөрвөн сард нийт 229,149 хүн шилжсэнээс нийслэл дотроо хамгийн их буюу 189,647 хүн шилжсэн. Энэ жилийн эхний дөрвөн сарын шилжилт хөдөлгөөнийг өмнөх жилтэй харьцуулахад 10 орчим мянгаар нэмэгдсэн тоон үзүүлэлт бий.
Бүртгэлийн байгууллага бол иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй" гэж танилцууллаа.
Үүний дараа АН-ын төлөөллөөс сүүлийн таван жилийн хугацаанд иргэдийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар авах хүсэлтээ Т.Төгөлдөр даргад тавьсан юм. Тэдний зүгээс улсын байгууллага заавал албан шаардлагаар баримтаа өгдөггүй, өөрсдөө ил тод байхыг шаардав. Мөн сонгуулийн үеэр оюутнууд, уул уурхайн ажилчид, гадаадад амьдарч буй иргэдийн бүртгэлийг яаж хийх талаар дараагийн хэвлэлийн хурал дээр танилцуулахыг хүссэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!