Г.Энхтайван: Мөнгөний бодлогын хороо тэтгэврийн зээлтэй холбоотой гаргасан шийдвэрээ дахин хэлэлцэнэ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 5 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг зохион байгуулав. 

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Монголбанканд зээлжих чадварын зэрэглэлийг тогтоох онооны аргачлал, журам батлах эрх үүссэнээр иргэн бүр зээлийн оноотой болж, илүү хүртээмжтэйгээр санхүүгийн үйлчилгээ авдаг болох аж.

Тус асуудлыг хэлэлцэх үеэр тэтгэврийн зээлийн хүүтэй холбоотой асуудал хөндөгдөв. Тодруулбал Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны гуравдугаар сарын 6, 7-ны өдрүүдийн ээлжит хурлаар Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд зээлийн сарын төлбөрөө төлсний дараах зээлдэгчийн үлдэх орлого нь хүн амын амьжиргааны доод түвшнээс доошгүй байхаар тогтоох зэрэг шийдвэр гаргаж байв. 

Тус асуудалд Монголбанкнаас өгсөн мэдээллийг хүргэж байна. Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван "Монголбанкны мөнгөний бодлогын хороо өнгөрсөн гуравдугаар сард хуралдаж, тэтгэвэр барьцаалж авдаг зээл дээр тодорхой хэмжээний зохицуулалт хийсэн.

Тухайлбал тэтгэвэр барьцаалсан зээл аваад эргэн төлөөд үлдэж буй хэсэг нь ахмад настны амьжиргааг залгуулах хэмжээнд байх зохицуулалтыг хийж өгөөч гэх хүсэлтийг Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас тавьсны үндсэн дээр бид бүхэн зохицуулалт хийсэн байгаа. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хараат бусаар хуралдаж шийдвэрээ гаргадаг. 

Мөнгөний бодлогын хорооны дараагийн хурал ирэх зургаадугаар сард болно. Энэ хурлаар тус шийдвэрийг дахин хэлэлцэнэ. Бид бүхэн энэ асуудлыг эргэн харах боломжтой хэмээн үзэж байгаа. Засгийн газраас саналаа буцааж, хуучин горимд оруулъя гэдэг саналаа илэрхийлсэн. 

Өнөөдрийн байдлаар зээлийн жигнэсэн дундаж хүү нь 17 хувьтай байна. Зээлдэгчийн оноог зах зээлд нэвтрүүлснээр санхүүгийн зах зээлийн дэд бүтэц сайжирна. Үүнийг дагасан зээлдэгчийн таньж мэдэх функц арилжааны банкууд дээр тодорхой болно" гэв.

видео: