Нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байсан Унгарын тагнуулын сүлжээг илрүүлснээ Украины тал мэдээллээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Зеленский, Орбан нар

Нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулж байсан Унгарын тагнуулын сүлжээг илрүүлснээ Украины эрх баригчид өчигдөр мэдээлжээ.

Уг сүлжээ Украины баруун хязгаар дахь цэргийн анги нэгжүүдийн талаар мэдээлэл цуглуулах болон энд оршин суудаг үндэсний цөөнх унгаруудын санаа бодлыг тандах ажиллагаа явуулж байсан гэнэ.

Унгарын гадаад хэргийн яам үүнийг эрс үгүйсгэж, хариуд нь Будапешт дахь Украины элчин сайдын яамны хоёр ажилтныг тагнуулын ажиллагаа явуулсан үндэслэлээр нутаг дэвсгэрээсээ хөөх шийдвэрийг зарлажээ.

Хэдийгээр Унгар нь НАТО болон Европын Холбооны гишүүн улс боловч тус улсын ерөнхий сайд Виктор Орбан үргэлж Киевийн эрх баригчдыг шүүмжилж, Кремльтэй найрсаг харилцахыг эрмэлздэг.

Украины аюулаас хамгаалах албаны мэдээлснээр Унгарын талд мэдээлэгчээр ажиллаж байсан нутгийн хоёр иргэн баривчлагдсан юм байна.

Тэднийг Унгарын цэргийн тагнуулын албаны офицер удирдан чиглүүлж байсныг илрүүлсэн гэнэ.

Баривчлагдсан хоёр хүн эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдвал бүх насаараа хоригдох ял сонсох ажээ.

зураг
 

Украины баруун хязгаарын Закарпатын бүс нутагт 80,000 орчим унгар үндэстэн оршин суудаг.

Орбаны үндсэрхэг үзэлтнүүдийн засгийн газар тэдний эх хэл дээрээ боловсрол эзэмших эрхийг хаан боогдуулж байна хэмээн Украины эрх баригчдыг шүүмжилсээр ирсэн юм.

Харин Киевийн эрх баригчид Орбаны энэ шүүмжийг Оростой найрсаг харилцаж байгаагаа зөвтгөх арга заль гэж үздэг.

Украиныг дэмжих, Оросыг шийтгэхтэй холбоотой Европын Холбооны аливаа шийдвэрт Орбан ганцаар хориг тавьсаар ирсэн юм.

Өнгөрсөн оны зун Унгар улс Европын Холбоог даргалах ээлжээ хүлээж авсны дараахан тэр Владимир Путинтэй уулзахаар Москвад айлчилсан нь бусад гишүүн орнуудын удирдагчдыг бухимдуулж байлаа.

Хэдийгээр Унгарын албаныхан энэ талаар ямар нэг байр суурь илэрхийлж байгаагүй ч тус улсын үндсэрхэг үзэлтнүүд Украины баруун хязгаарыг өөртөө нэгтгэх санааг үе үе цухуйлгадаг.

Оросын суртал нэвтрүүлэгчид Украины зүүн хэсгийг өөртөө нэгтгэх, баруун хэсгийг Унгар, Польш улсуудад хувааж өгөх санааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр байнга ярьдаг юм.

 

Эх сурвалж: Reuters