Хайрлаж хүндэлж явах баатруудынхаа нэрээр хотын гудамж талбайгаа нэрлэж, тэднийхээ нэрийг хойч үедээ үлгэр дуурайл, бахархал болгон үлдээх нь хүн төрөлхтний нийтлэг ёс заншил.
Бидний нийслэл Улаанбаатар хотын гудамж талбайд нэр өгөх, нэрэмжит болгох, барилга байгууламжид хаяг дугаар олгох журамд мөн ийм заалт бий:
3.2 Нийслэл Улаанбаатар хотын гудамж, талбайн нэр нь тусгаар тогтнол, хөгжил дэвшилд гарамгай гавьяа байгуулсан хүмүүсийн нэр алдрыг мөнхлөх болон түүх соёлын дурсгал, газар зүй, түүхэн уламжлалыг хадгалахад чиглэгдсэн энгийн, ойлгомжтой байна.
3.3 Хотын гудамж, талбайд нэр өгөх, нэрэмжит болгохдоо аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, бусад салбар болон сүм хийдийн ойролцоох гудамж талбайг тухайн салбарт гавьяа зүтгэл гаргагсдын нэрээр нэрлэх зарчмыг баримтална.
Улаанбаатар хотод түүхэн хүмүүсийн нэрэмжит 62 гудамж бий. Харин түүний дунд эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол эмэгтэйчүүдийн нэрэмжит гудамж байдаггүйг та анзаарч байсан уу?
Эндээс “Түүхэнд тэмдэглэн үлдээхүйц гавьяа зүтгэлтэй эмэгтэйчүүд бидний дунд байгаагүй гэж үү?” гэдэг асуулт өөрийн эрхгүй урган гарна.
#АнхныЭмэгтэйГудамж санаачилга
Энэ жилийн Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг угтан энэхүү асуултад хариулах #АнхныЭмэгтэйГудамж хэмээх нөлөөллийн ажлыг Юнител групп санаачлан эхлүүлжээ. Энэ санаачилгаараа тэд орчин цагийн Монгол Улсыг бүтээхэд эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмрийг нийтэд таниулахаар зорьж, хүсэл мөрөөдөл, үйл хэргээрээ өөр өөрсдийн ажиллаж байсан салбарын түүхийг бичилцэж явсан анхдагч 8 эмэгтэйг онцолсон байна.
Ингэхдээ тэд 1970, 1980-аад оны үед НҮБ-ын салбар хороодыг удирдаж, дэлхий дахины эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйлсийн тэргүүн эгнээнд явсан Монголын дипломатч эмэгтэй Л.Идэр, Монгол Улсаас төрсөн хамгийн анхны дэлхийн аварга тамирчин Д.Дэмбэрэл тэргүүтэй өнөөгийн Монголчууд бид бүгдээрээ эрхэмлэн дурсаж явах учиртай эмэгтэйчүүдийг энэ ажлынхаа гол дүр болгон сонгосон байна.
Мөн бидний их зохиолч Д.Нацагдоржийн гэргий гэдгээр нь сайн мэдэх Д.Пагмадуламын талаар бичихдээ хэний охин, хэний эхнэр байсныг нь биш, харин эрдэм ухаанаа зориулж зүтгэсэн үйл хэргийг нь онцолсон байна. Түүний 1924 онд Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийг баталсан Их Хурлын бүрэлдэхүүнд багтсан ганц эмэгтэй төлөөлөгч болсон, Монголын анхны эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүлж ажиллаж байсан гээд хийж бүтээсэн олон зүйлсийг нь эндээс мэдэж болно.
Уншигч та бүхэн together.unitel.mn цахим хуудсаар зочилж тэдний талаар дэлгэрэнгүй уншихаас гадна, Улаанбаатар хотдоо түүхэн эмэгтэйн нэрэмжит анхны гудамжтай болох #АнхныЭмэгтэйГудамж санаачилгыг дэмжин өөрийн саналыг илэрхийлээрэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!