Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/08-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Эмээ, өвөө нар Цагаан сараас илүү найзуудтайгаа уулзахдаа маш их баярлаж, догдолдог

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 12 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Нийгмийн эрүүл мэнд-эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл болох нь” эрдэм шинжилгээний хурал Чингис зочид буудалд өчигдөр боллоо. 

Энэ үеэр “Ахмадуудын сэтгэл хөдлөлийн тогтвортой байдал ба түүнийг тодорхойлогч зарим хүчин зүйл” сэдвээр Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн НЭМС-ийн Эрүүл мэндийн нийгмийн ухааны тэнхимийн НЭМ-ийн магистр О.Саранчулууны танилцуулсан илтгэлийг хүргэе.

Энэхүү судалгааг түүврийн аргаар 304 ахмад настныг хамруулан гүйцэтгэжээ. Тодруулбал

  • Улаанбаатар хотоос 162
  • Хөдөө орон нутгаас 142 
Судалгааны сонирхолтой үр дүнг хуваалцвал хангайн бүсийн ахмадууд говийнхоос илүү эерэг сэтгэл хөдлөлтэй байсныг НЭМ-ийн магистр О.Саранчулуун хэлж байлаа. 

"Бид амьдралдаа тохиолдсон аз жаргалтай мөчүүдээ анзаардаггүй бас хэмждэггүй" 

Мөн тэрбээр "Сэтгэл хөдлөлийн тогтвортой байдлын үзүүлэлтээр ахмад настнууд ямар түвшинд байна вэ гэх асуултад хариулт өгөхүйц судалгааны үр дүнг хуваалцах гэж байна.

Бид амьдралдаа тохиолдсон баяртай мөчүүдээ хоёр тохиолдлоор мэддэггүй. Нэг бол анзаардаггүй эсвэл үнэхээр баяртай мөч байсан гэж хэмжиж тогтоодоггүй. Бидэнд баяр жаргалын стандарт гэж байхгүй болчихжээ. 

Баяртай мөч гэдэг нь "Аз жаргал" гэдэг ойлголттой салшгүй холбоотой.

Дэлхийн хүн амын дунд хийгдсэн судалгаагаар Монгол Улс аз жаргалын үзүүлэлтээрээ 200 гаруй улс орноос 140-160 дугаарт эрэмбэлэгджээ.

Аз жаргалын индексийг дараах байдлаар тодорхойлдог. 

  • Нэг хүнд ногдох ДНБ
  • Экологийн үзүүлэлт
  • Субъектив сайн сайхан байдал гол хэмжүүр юм. 

Субъектив сайн сайхан байдлын үзүүлэлт дотор сэтгэл хөдлөл гэх ойлголт багтдаг. 

Тэгвэл хүн чухам юунаас аз жаргалыг мэдэрдэг юм бэ?, Ямар үед бид жаргалтай болдог вэ? 

Хамгийн сүүлд Олон улсын эдийн засгийн сайн сайхан байдлын хамтын ажиллагааны байгууллагаас аз жаргалтай амьдралыг бүрдүүлэх гурван бүлэг 30 зүйл байна гэж үзжээ.

Энэ дунд багтаж буй субъектив сайн сайхан байдал гэдэг нь аз жаргалтай амьдралыг бүрдүүлнэ. Ингэж чадвал эрүүл мэнд, ажил амьдралын тэнцвэр, боловсрол, ур чадвар, нийгмийн харилцаанд шууд нөлөөлнө хэмээн үздэг.

Хэдийгээр субъектив чанар нь хүн өөрөө өөрийгөө үнэлж байгаа мэт боловч эргэн тойрондоо тархаж байдаг үзүүлэлт. Ийм учраас аз жаргалын нэг жор нь субъектив сайн сайхан байдал юм" хэмээв. 

Судалгааны үр дүнг танилцуулбал: 

Тэрбээр хэлэхдээ "Манай улсын 10 хүн тутмын нэг нь ахмад настан. 

Ахмад настай хүн амын тухай судалгаа эрүүл мэндийн сөрөг үзүүлэлтүүдээр түлхүү хийгдэж байна. Үүн дотор эерэг сэтгэл хөдлөл буюу аз жаргал, эмоци нь хувь хүний эрүүл мэндтэй шууд холбогдож буй. 

Түүвэр судалгааг говь, хангай, нийслэлийн гурван бүсэд зохион байгууллаа. Судалгааны мэдээллийг цар тахлаас өмнө цуглуулсан. (Мэдээлэл цуглуулсан хугацаа: 2016 оны аравдугаар сараас 2017 оны дөрөвдүгээр сар хүртэл гүйцэтгэсэн) 

Судалгааг хийхдээ баярласан, санаа зовсон, гутарсан мэдрэмжийн дундаж индексээр коэффициент бодсон" хэмээв. 

"Хангайн бүсэд амьдардаг ахмадууд маш эмоцитой хүмүүс байсан"

Үргэлжлүүлэн "Хүйсээр авч үзвэл эмээ нар сэтгэл хөдлөл өндөртэй. Харин өвөө нарын сэтгэл зүйн тэнцвэр харьцангуй тогтвортой байлаа.

Түүнчлэн хангайн бүсэд амьдардаг ахмадууд маш эмоцитой хүмүүс байсан. 

Сэтгэл хөдлөл, сэтгэл зүйн үзүүлэлтүүд эргээд хүний даралт, зүрх судасны өвчин, биеийн эрүүл мэндэд нөлөөлдөг нь батлагдсан. Сэтгэл хөдлөлийн тэнцвэрээ барьж, зөв зохицуулах, зөв таньж мэдэх нь эргээд эрүүл урт наслахад тустай гэх дүгнэлтийг олон судалгаа харуулж буй. 

  • Эмээ, өвөө нар найзуудтайгаа уулзана гээд л гоёж гоодоод явдаг тохиолдол хэр их вэ? 
  • Тэд цагаан сараас илүү найзуудтайгаа уулзахдаа маш их баярлаж байна уу? 

Бидний гүйцэтгэсэн судалгаан дээр ч ахмадуудын найз нөхдийн сүлжээ тэдний сэтгэл хөдлөлд шууд нөлөөтэй гэсэн үр дүн гарсан" гэлээ. 

Судалгааны онцлох дүгнэлт: 

Бусдад туслах нь өвөө нарын сэтгэл санааг өөдрөг, сайхан болгодог юм байна. 
Сайн дурын ажил хийх нь эмээ, өвөө нарын сэтгэл хөдлөлийн үзүүлэлтийн оноог нэмж байсан.
Ганцаардсан мэдрэмжтэй ахмадуудын сэтгэл хөдлөлийн тэнцвэр буурч байлаа. 
Залуудаа техник мэргэжлийн боловсрол эзэмшиж байсан ахмадуудын сэтгэл хөдлөл өөдрөг, сэтгэл зүй тогтвортой байсан. Өөрөөр хэлбэл гараараа ямар нэгэн зүйл урлаж чаддаг байх нь тухайн ахмадуудын сэтгэл санааг өөдрөг, аз жаргалтай байлгадаг хүчин зүйл юм байна. 
Ахмад настнуудаас “Таны бие гайгүй юу” эсвэл “Та уйдаж байна уу?” гэж асуух нь цаанаа нэг л ойлголтыг илэрхийлнэ.

НЭМ-ийн магистр О.Саранчулуун "Энэхүү судалгаанаас дараах зөвлөмжийг гаргаж байна. Ахмад настай хүн амд чиглэсэн баярлуулах, талархах нийгмийн үйл ажиллагааг чанартай хийе. Ахмадуудад урт хугацаанд сайн дурын ажил хийх боломж олгоё.

Цагаан сарын баяр нь урт хугацааны дурсамжийг нөхөхгүй.

Ахмадуудад хийж чаддаг зүйлийг мэдрүүлдэг үйл ажиллагаа хэрэгтэй байгаа нь харагдсан.

Тэдэнд ганцаардлын асуудал их байдаг юм байна. Эмээ, өвөө, аав ээж тань ганцаардаж байгаа юу гэдгийг бид бодож үзэх хэрэгтэй. Сэтгэл санааг дэмжсэнээр эрүүл мэнд, боловсрол, нийгмийн харилцаанд нь шууд нөлөөлнө. Иймд субъектив байдалд анхаарах нь чухал" хэмээв.