Индэр    
2023 оны 8 сарын 10
Зураг
iKon.mn сэтгүүлч

Ч.Сумъяа: Сайн нөхөр, тайван амьдралын хүчинд өдий хүртэл насалж байна. Баяжихыг бус эрүүл амьдрахыг хүсэх хэрэгтэй

Зураг

Баянхонгор аймгийн Галуут сумын малчин Ч.Сумъяа одоо 87 настай.

Өнгөрсөн хавар аймгийнхаа төвд 108 мод тарьж хүлээлгэн өгчээ. Хүүхэд байхаасаа өдий хүртэл мал маллан амьдарч буй түүнтэй эрүүл зөв амьдарч, урт удаан насалж буй арга ухааны талаар ярилцлаа.

- Зуншлага сайхан болж байна уу? Юуны өмнө та өөрийгөө уншигчдад танилцуулна уу? 

- Баянхонгор аймгийн Галуут сумын хоёрдугаар багийн харьяат Чулуунбат овогтой Сумьяа гэдэг. 1937 оны тавдугаар сарын 2-нд төрсөн байх. Тэр үеийн хүмүүсийн төрсөн өдөр жаахан зөрнө. 1944 онд дөрөвдүгээр анги төгсөөд малчин болсон.

1956 оноос ханьтайгаа айл гэр болж дараа жилээс нь нэгдлийн мал маллаж эхэлсэн дээ. 50 гаруй жил ажиллаад 2004 оноос тэтгэвэртээ гарсан юм байна.

- Та хэдэн хүүхэдтэй вэ. Таны нөхөр хэн гэж хүн байсан бэ? 

- Би 11 хүүхэд төрүүлсэн. Одоогоор бүгд эсэн мэнд байна. Ач гуч бараг 100 гарсан байх. 

Манай нөхрийг Чүлтэмийн Бадам гэдэг байсан. Галуут сумын Сүмбэрийн бригадын хуралд сууж байгаад танилцаж байлаа. Төлөв даруу, ажилсаг хүн болохоор 05:00 цагаас цай ундаа ууж аваад гарна. Одоо бодоход их л завгүй сайхан он жилүүд байж дээ. 

"би цагаан идээ, махаа идсээр л өдий хүрлээ"

зураг
 

- Манай сайт эрүүл чийрэг урт насалж буй хүнтэй цуврал ярилцлага хийдэг. Та урт удаан наслахад хэрхэн анхаардаг вэ? 

- Яг урт насална гэж өөртөө анхаарч байгаагүй юм байна. Миний хувьд өглөө эрт босно. Орой хоолоо идчихээд эрт унтдаг. Үүний буруу юу ч байсангүй. Гэхдээ цагаан идээ их иддэг байсан. Ажиглаад байхад энэ хүүхдүүд гоё тансаг юм их идэж байна. Харин би цагаан идээ, махаа идсээр л өдий хүрлээ шүү дээ. 

11 хүүхдийнхээ зургааг нь хөдөө гэртээ төрүүлсэн байна. Долоо дахь хүүхдээ төрүүлэх гэж анх удаа эмнэлэг бараадаж үзсэн. Гэхдээ сүүлийн жил дусал, эм тариа хэрэглэдэг болчхоод байна. 

- Хөдөө амаржих хэцүү юу? 

Одоогийнх шиг төрсний дараа сар гам барина гэж байхгүй

- Араг түшиж төрчхөөд гэрийн хаяанд суугаагаараа гурав хонодог байлаа. Хүүхдээ хөхүүлээд л сууж байдаг байж дээ хөөрхий. Хөл жийлгэж суулгадаггүй байсан. Хөлөө жийж суувал хөл гарын, хэвтвэл бөөр нурууны өвчтэй болно гэдэг байлаа. 

Төрсний дараа аягатай хүйтэн ус уугаад зүгээр болчихдог юм даа. Одоогийнх шиг төрсний дараа сар гам барина гэж байхгүй. Би төрөөд долоо хоногийн дараа үхрээ саагаад эхэлдэг байлаа. Тамир тэнхээ бага зэрэг муу, үхрийн хөхийг өмнөх шигээ чанга татаж чадахгүй байсан. Гэхдээ бүсээ чанга бүсэлчхээд тоохгүй ажлаа хийж өгнө дөө. Иймэрхүү байдлаар насыг авч л байна. 

- Хөдөлгөөн сайн хийдэг байсан уу?

- Хүн хөдөлгөөнтэй байх, өглөө эрт босох нь урт наслахад их чухал юм аа. Нар мандахаас өмнө босох хэрэгтэй гэж боддог. Би ойрдоо хөзөр, даалуу их тоглож байна. Хүүхдүүд байхаар залхуурах маягтай. Ганцаараа үедээ цай, хоолоо өөрөө хийнэ. Заримдаа ганцаараа байх нь их амар юм. 

Залуу насандаа хурдтай, хөдөлгөөнтэй байсан нь сайхан байжээ. Одоо жаахан хөших шинжтэй. Энэ жил гурван хоног ханиад хүрлээ. Орондоо хэвтэхээр их уйдах юм. Цар тахлын үеийг ямар ч асуудалгүй давсан атал одоо янгуучлах аятай. 

Заримдаа хүүхдүүдийн өгсөн эм танг уухгүй зөрүүдэлнэ. Одоо ч гэсэн заримыг нь дэрнийхээ дор хийчихсэн байна. Иймэрхүү байдлаар тайван амьдралаар явж байна даа. 

"Би Өвгөнтэйгөө хэрэлдэж, нэгэндээ муу үг хэлж үзээгүй"

зураг
 

- Тайван амьдрал гэж юу вэ? 

- Өөрийнхөө чаддаг зүйлээ хийчхээд сэтгэл санаагаа зовоохгүй амьдраад явах их сайн. Өвгөн бид хоёр хэрэлдэж, нэгэндээ муу үг хэлж үзээгүй. Би уурлахаар өвгөн маань "ердөө" л гэдэг байсан. Хамгийн их уурлаж байгаа нь тэр. Түүнээс цааш огт хэрэлдэхгүй. Би тайван амьдрал, сайн хань хоёрын хүчинд өдий хүртэл насалжээ. 

Баян тарган амьдрахыг бус эрүүл урт удаан наслахыг л хүсэх хэрэгтэй байх. 

Илүү зүйлд шунахгүй, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдарсан байна. Манай том охины хадам аав нь ирэхэд өвгөн нэг уут талх өгч л дээ. Тэгсэн нөгөөх нь энэ чинь манайд хүрдэггүй юм гэхэд өөрт байсан ганцаа өгөөд явуулсан гэдэг. Олон түмэнтэй явах жаргал шүү дээ. Баян тарган амьдрахыг бус эрүүл урт удаан наслахыг л хүсэх хэрэгтэй байх. 

Одоо бодоход ажлыг хар бор гэж голохгүй хийдэг байжээ. Өөрийнхөө хийж байгаа зүйлийг тултал сайн хийнэ гээд өдөр шөнөгүй гүрийдэг. Тэр хөдөлмөрч занг бурхан харсан болов уу гэж боддог доо. Өөрт байгаа зүйлээ хямгадаад байвал сайжирч дэмжих нь тодорхой гэдэгт л итгэлтэй амьдрах хэрэгтэй.

- Та хэд хүртэл наслахыг хүсдэг вэ? 

- Би хүнд төвөг болохгүй яваад өгөөсэй гэж залбирдаг. Үүнийг тайлбарлахынхаа өмнө чамд нэг болсон явдал ярьж өгье.

Манай аавын ээж уртын дуу дуулдаг хүн байж л дээ. Хоёрдугаар ангид сурч байхад эмээгийнд авга ахтайгаа хамт байсан юм. Эмээ хүүхдээрээ авдраас тамхи гээд ухуулж байхдаа урьд шөнө сайхан хонолоо гэж хэлээд яваад өгсөн юм. Энэ шиг л буянтай сайхан яваад өгөх тавилан байгаасай билээ гэж боддог болжээ.

"Манай нөхөр намайг айлгаж, чанга дуугаар үг хэлж үзээгүй. хүүхдийнхээ хажууд маргалдана гэдэг их буруу"

зураг
 

- Хүүхдүүдийнхээ үгэнд сайн орж байна уу? 

- Би жаахан зөрүүд хүн л дээ. Урт наслаад эхлэхээр зарим зүйлс сэтгэлд таарахгүй болох юм. Гэхдээ өөрийгөө хуучирсан хүн шүү гээд амаа бариад суух үе зөндөө гарч байна. 

Ер нь анагаах ухааныг их шүтдэг. Хүүхдүүдийгээ эрүүл саруул, элэг бүтэн байгаасай гэж хүснэ. Би чамайг өсгөж хүмүүжүүлсэн одоо миний ачийг хариул гэж нэг ч удаа хэлж үзээгүй. 

Би жилийн дөрвөн улирал тасралтгүй тараг уудаг. Тиймээс намайг таргаар таслахгүй байгаарай л гэж хэлнэ. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн болохоор хайр халамжтай сайхан байна. Гэхдээ хань минь байхгүй болохоор их ганцаардах юм. 

- Та амар тайван амьдрал, сайхан нөхрийн хүчинд өдий хүртэл эрүүл саруул явж байна гэсэн. Ер хажууд байгаа хүнийгээ хайрлахад юуг анхаарах вэ?

- Алдаа дутагдал байвал хэлэх ёстой. Тэр хүнийгээ үргэлж анхаарч байх хэрэгтэй. Манай нөхөр хэзээ ч намайг айлгаж, чанга дуугаар үг хэлж үзээгүй. Гэртээ хүүхдийнхээ хажууд маргалдана гэдэг их буруу зүйл шүү. 

Энэ бүхэн хамтын амьдрал гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хань ижлээ хүндэлдэг байх нь сайхан мэдрэмж юм

Ажил амьдралынхаа төлөө тууштай зүтгэвэл жижиг асуудлыг мартчихдаг юм даа. Завтай амьдралаас татгалзах хэрэгтэй. Хань ижлээ сайн хүндэлдэг байх нь сайхан мэдрэмж юм. Ямар ч алдаа гаргасан уучлах гэдэг хамгийн том аз жаргал шүү дээ. 

Нэг удаа нөхөр малаа туугаад би гэрээ ганцаараа барих болсон. Нөхрийгөө ирсний дараа гэрээ гоё барьсан байна уу гэж асуухад "Сайхан харагдаж байна. Гэхдээ тооноо буруу харуулчхаж" гэсэн. Эцэст нь энэ бүхэн хамтын амьдрал гэдгийг л ойлгох хэрэгтэй. 

"Гэрт зүгээр суухаар мод таримаар байна гэж хүүхдүүддээ хэлэхэд зөвшөөрсөн. Тэгээд л 108 мод тарьсан даа"

зураг
 

- Та 87 насандаа 108 мод тарьсан гэж байна. Ямар шалтгаанаар мод тарихаар болсон бэ? 

- Ерөнхийлөгчийн уриалгаар зургаан мод тарьсан манай аймгийн нэг хүнийг магтаад байх юм. Гэрт зүгээр сууж байхаар мод таримаар байна гэж хүүхдүүддээ хэлсэн. Тэгээд л 108 модыг хүүхдүүдтэйгээ хамжилцаад өнгөрсөн жил тарьсан. 

Энэ жил цэцэглээд сайхан ургаж байгаа харагдсан. Тухайн үед моднуудаа тарьчхаад арчилж ургуулах талаар бодлоо. Хөдөө их явдаг учир байнгын арчилгаа хийж чадахгүй учраас аймгийнхаа хот тохижилтын газарт хүлээлгэн өгсөн. 

- Баянхонгор орсныхоо дараа моднуудаа очиж арчилна биз? 

- Анх 108 мод тарьсны дараа хүмүүс огт тоохгүй байсан. Тэгсэн багийн дарга маань гүйсээр байгаад хүмүүст таниулсан даа. Аймгийн төв орохоороо мод руу явахгүй байх. Би ном их уншдаг болохоор өдөрт завгүй сууж байдаг юм. 

- Одоо ямар ном сонирхон уншиж байна вэ? 

- Ойрын үед Монголын нууц товчоо зохиолыг уншиж байна. Ихэнхдээ шинжлэх ухааны ном их уншдаг. Одоохондоо хараа сайн байгаа учраас уншаад л байгаа. Уншихаа больчихвол янз бүрийн бодол орж ирээд байдаг юм. 

- Энэ хүрээд яриагаа өндөрлүүлье. Биднийг найрсаг угтаж, сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. 

- Баярлалаа. 

ФОТО:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг