Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнхчимэг: Хүүхдүүд бэрхшээлтэй асуудлаа бусадтай хуваалцахын оронд мансуурахыг сонгож байгаа нь сэтгэл эмзэглүүлэм

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Нийгмийн эрүүл мэнд-эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл болох нь” эрдэм шинжилгээний хурал Чингис зочид буудалд өнөөдөр боллоо. 

Энэ үеэр "Өсвөр насны хүүхдүүдийн мансуурлын өнөөгийн байдал" сэдэвт судалгааны ажлын үр дүнг Чингэлтэй дүүргийн "Нандин хүсэл” ӨЭМТ-ийн Эрүүл мэндийн нийгмийн ажилтан Б.Мөнхчимэг танилцуулсан юм. 

Хүүхэд өсвөр насныхны мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, эрсдэлийг судалж, тэдгээрт автах эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох нь судалгааны үндсэн зорилго гэдгийг тэрбээр ярьсан юм. 
Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны хэмжээнд мансууруулах бодис хэрэглэсэн өсвөр насны 60 хүүхдийг судалгаанд хамруулжээ. 

Энэ талаар "Мансууруулах бодис гэх нэр томьёог зөвхөн хар тамхины тухай ярьж байна гэж ойлгох нь элбэг.

Гэвч хар тамхины төрөлд хамааралгүй ахуйн хэрэглээний газ, бензин, будаг шингэлэгч, цавуу, асаагуур, ханиадны эм, тебантин, витамин С зэрэг бодисыг тогтмол хэрэглэж, түүнээсээ таашаал авч донтдог өсвөр насны хүүхдийн тоо жил ирэх тусам нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа нь харамсалтай. 

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд мансууруулах, сэтгэц идэвхт эм, хорт бодисын шалтгаант эмгэгээр 638 өвчлөл бүртгэгдсэнээс 51 хувь нь насанд хүрээгүй өсвөр насны хүүхэд байна.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн нийт хүн амын 25.8 хувийг 10-19 насны хүүхэд эзэлж байгаа.

Дүүргийн хэмжээнд 2020-2022 онд 60 хүүхэд мансууруулах бодис хэрэглэж, цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс тэдний 12 нь амиа хорлох үйлдэл гаргасан тул энэхүү судалгааг хийх үндэслэл болсон" гэдгийг Эрүүл мэндийн нийгмийн ажилтан Б.Мөнхчимэг хэллээ. 

Өсвөр насныхны дунд аюулын харанга дэлдэж буй энэ асуудалд анхаарч, хүүхдүүдтэйгээ ярилцдаг байхыг тэрбээр зөвлөж, дараах мэдээллийг танилцуулсан юм. 



"Ахуйн хэрэглээний газ үнэртэж мансуурсны улмаас хоёр хүүхэд нас барсан"

Чингэлтэй дүүргийн хэмжээнд 2020-2022 онд 

  • хар тамхи хэрэглэсэн гурав
  • будаг шингэлэгч хэрэглэсэн 10
  • Газ хэрэглэсэн 43
  • Цавуу үнэртсэн дөрвөн тохиолдол илэрчээ. 

Өнгөрсөн онд ахуйн хэрэглээний газ үнэртэж мансуурсны улмаас хоёр хүүхэд газар дээрээ нас барсан.

Хэрэв өсвөр насныхны мансууруулах бодисын хэрэглээг өргөжүүлэн улсын хэмжээнд судалбал маш өндөр тоо гарна. Энэ бол хүүхэд, залуусын дунд аюулын харанга дэлдсэн асуудал болж хувирсан.          

"Үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн дунд мансууруулах бодисын хэрэглээ өндөр байна"

Мансуурч байгаа хүүхдүүдийн дунд нийгмийн гарал угсаа, анги давхарга ямар ч хамаагүй. Амьдралын боломж тааруу эсвэл баян, тансаг айлын хүүхэд хүртэл энэ төрлийн эрсдэл рүү уруу татагдаж байна. 

Зарим хүүхэд сэтгэл зүйн суурь асуудлаа даван туулах гарц нь мансууруулах бодисын хэрэглээ гэж хардаг. 

Ялангуяа үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн дунд энэ төрлийн бодисын хэрэглээ их байна. Эцэг эх нь хайхардаггүй, сонсдоггүй эсвэл гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг. Улмаар тэвчишгүй байдлаас холдож, сэтгэл зүйн асуудлаа мартахын тулд буруу зам руу орж байгаа тохиолдол бий.   

 "Мансууруулах бодис хэрэглэсэн өсвөр насныхны гурав нь эмэгтэй хүүхэд байсан"

Мансууруулах бодис хэрэглэсэн 10-19 насныхан дотор гурван эмэгтэй хүүхэд байсан. Тэдгээр хүүхдийн гэр бүлийн нөхцөл байдлыг судлахад

  • Үл хайхрах хүчирхийлэл 
  • Сэтгэл санааны хүчирхийлэл
  • Эцэг, эх нь салсан 
  • Гэр бүлийн хүчирхийлэл
  • Эцэг, эх нь архинд донтох эмгэгтэй байлаа. 

Түүнчлэн хүүхдүүд бие биеэ уруу татаж мансуурах цаашлаад донтох эмгэгтэй болж, амь насаа алдахад хүрч байна.

"Мансууруулах бодис илрүүлэх тестийг сургуулиудад байршуулж, давтамжтай сорилд хамруулах нь чухал алхам"

Чингэлтэй дүүргийн байр хорооллын 4-6 дугаар хорооны орц, хонгил, дээвэр, тоглоомын талбайд хяналтын камерыг байршуулж цагдаагийн байгууллагын хяналтад авах шаардлагатай. 

Эрт илрүүлэх, донтохоос сэргийлэх зорилгоор мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх тестийг Ерөнхий Боловсролын Сургууль (ЕБС), хороо, Өрхийн Эрүүл Мэндийн Төвүүд, өсвөр үеийн кабинет, сэтгэц наркологийн эмчийн өрөөнд байршуулж давтамжтай сорилд хамруулах, сайн дураар эсхүл албадан эмчилж эрүүлжүүлэх нь чухал алхам. 

"Найзтай болохын тулд мансууруулах бодис хэрэглэж үзсэн гэж хариулсан тохиолдол ч бий" 

Мансуурлын шалтгаан нөхцөл байдлыг авч үзвэл сэтгэл зүйн асуудлаа мартахын тулд гэж 60 гаруй хувь нь хариулсан. Түүнчлэн 

  • Сонирхож үзсэн
  • Бусдын ятгалга шахалт
  • Чөлөөт цагаа хамт өнгөрөөхийн тулд
  • Найз болохын тулд гэж хариулсан тохиолдол ч гарчээ.

Нийгэм, сэтгэл зүйн асуудлыг даван туулах гэсэн бүтэлгүй оролдлогууд нь өсвөр насныхны оюун санаа, бие бялдрын хувьд сөрөг үр дагаварт хүргэх, сэтгэцэд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болж байна.

Эрүүл мэндийн нийгмийн ажилтан Б.Мөнхчимэг "Одоогийн хүүхдүүд өөрт тулгарсан асуудал, нууцаа хуваалцаж бусадтай ярилцахаа больсон байна. 

Улмаар бэрхшээлтэй асуудлаа шийдэх арга зам нь мансуурал болчхоод байгаа нь сэтгэл эмзэглүүлэм асуудал.

Энэхүү судалгаа нь зөвхөн Чингэлтэй дүүргийн хэмжээнд хийгдсэн гэдгийг дээр дурдсан. Хэрэв өсвөр насныхны мансуурах бодисын хэрэглээний судалгааг Монгол Улсын есөн дүүрэг, 21 аймгийн хэмжээнд гүйцэтгэвэл цочирдом үр дүн гарна.

Эрсдэлээс сэргийлэхэд гэр бүлийн амьд харилцаа хамгийн чухал. 

Хүүхдүүдтэйгээ ойлголцож, ЕБС-иудад сэтгэцийн эрүүл мэндэд чиглэсэн сургалт сурталчилгаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мансуурлын тухай мэдээ мэдээлэлдээ шүүлтүүртэй хандах хэрэгтэй" хэмээн зөвлөлөө.