ОХУ-ын Өвөр Байгалын бүс нутагт үргэлжлэн шатаж буй ой хээрийн түймрийн учруулсан хохирлын хэмжээ 459 сая рубльд ($5.8 сая) хүрснийг Даваа гарагт тус улсын эрх баригчид мэдээлжээ.
Үүний тал орчим нь байгаль орчинд учруулсан хохирол бол үлдсэн хэсэг нь түймрийг унтраахтай холбоотой гарсан зардал юм байна.
Даваа гарагийн өглөөний байдлаар Өвөр Байгалын хязгаарт бүртгэгдсэн идэвхтэй түймрүүдийн эзлэх талбай 750,000 гаруй гектар байсан нь нийт ОХУ даяар шатаж буй ой хээрийн түймрийн 97 хувь болж байжээ.
Бямба гарагт бүс нутгийн төв Чита хотод ахлах ангийн сурагчдын төгсөлтийн баяр түймрийн утаан дунд зохион байгуулагдсан юм.
Хүчтэй салхины улмаас түймрийн аюул Даваа, Мягмар гарагуудад нэмэгдэхийг албаныхан энэ үеэр анхааруулж байлаа.
Дөрөвдүгээр сарын эхээр Өвөр Байгалын эрх баригчид бүс нутгийн хэмжээнд онц байдал зарлаж байв.
Дараа нь гал унтраах ажилд бусад газраас хүч дайчлахын тулд дөрөвдүгээр сарын 23-нд холбооны хэмжээнд онц байдал зарлажээ.
Гал түймрийн ихэнх нь хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж албаныхан үзэж байгаа. Орон нутгийн эрх баригчид түймэр тавьсан 95 хэргийг илрүүлж, хохирлыг нөхөн төлүүлэхээр прокурорын газарт шилжүүлжээ.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
|